Социалист нийгмийн үед Сайд нарын зөвлөлийн референт, Улсын хангамжийн хорооны орлогч дарга, Эдийн засгийн харилцан туслалцах зөвлөлд шинжээчээр ажиллаж явсан Р.Гонгортой уулзаж ярилцсанаа хүргэж байна. Тэрбээр Ю.Цэдэнбалыг хойд хөршид гэрийн хорионд байх үед Монголоос ЗХУд суух ЭСЯнд ажиллаж байсан юм.
-Хуучин нийгэмд та төрийн өндөр албан тушаалаас гадна улс төрийн алба хашиж байжээ. Тэр цаг үед ийм өндөр албан тушаалд томилогдоно гэдэг бол их л чанга шалгууртай байсан нь мэдээж. Та ажлын гараагаа хэрхэн эхлүүлж байв. Хамт ажиллаж байсан хүмүүсийнхээ тухай дурсахгүй юу?
-Миний хувь заяа юм уу даа. Би дандаа нөмөртэй, түшигтэй, хүмүүсийн дэргэд ажиллаж байсан. Улсад 40 гаруй жил ажиллахдаа 15 жилийг нь армид зориулсан. Арван зургаан настайдаа цэргийн албанд мордож билээ. Цэргээс халагдаад ЗХУ-д Эдийн засгийн их сургуульд очиж суралцсан юм. Төгсч ирээд Улсын төлөвлөгөөний комисс, Хангамжийн хороо, Сайд нарын зөвлөл зэрэг газруудад ажиллаж байв. Сайд нарын зөвллөийн нэгдүгээр орлогч дарга Рагчаа, Улсын төлөвлөгөөний комиссын дарга Ренцэн гэдэг хоёр хүний дэргэд 25 жил ажилласан. Үнэхээр сайхан хүмүүс байсан сан. Дараа нь Гадаад явдлын яаманд Дүгэрсүрэн, Гомбосүрэн нарын удирдлага дор ажиллаж байлаа. Ингээд 1984-1989 онд Москва дахь ЭСЯ-нд ажиллаж байгаад 1990 онд ажлаа дуусгаж, тэтгэвэртээ гарсан. Төрдөө ийм л албан тушаал хашиж байсан хүн дээ.
Харин улс төрийн албан тушаал гэвэл, Сайд нарын зөвлөлийн дэргэдэх намын үүрийн дарга байсан хүн шүү дээ, би.
-Сайд нарын зөвлөлийн дарга нарыг захирна биз дээ?
-Тийм ээ. Бал дарга хүртэл намайг “Намын дарга аа” гэнэ. Намын үүрийн хуралд ирж амжихгүй бол утсаар “Би маргааш ийм ажилтай байна. Надад нэг чөлөө өгөхгүй юу” гэж ярьдаг байлаа.
-Та Сайд нарын зөвлөлийн референтээр хэдэн онд ажиллаж байсан юм бэ?
-1962 онд би сайд нарын зөвлөлд референтээр ажиллаж байлаа. Энэ үед цэргийн албыг шинээр эмхлэн зохион байгуулж байсан байгаа юм. Нэг өдөр над дээр армийн улс төрийн газрын дарга байсан Равдан генерал орж ирээд “Чи одоо ахмад дайчин хүн байна. Эргэж армидаа очно оо. Чамайг эвлэлийн 12 дугаар их хуралд армийн байгууллагаас сонгочихлоо. Тэгээд чи армийн эвлэлийн байгууллагыг удирдах болно” гэлээ. Би ч “За” гэсэн. Тэгээд Ю.Цэдэнбал дарга тэр армийн эвлэлийн бага хурлаас их хурлын төлөөлөгчид сонгогдсон байв. Дараагаар нь “За одоо бүгд хурлын гишүүн болгож төв хорооны бүрэлдэхүүнд авна даа” гэж Бал дарга хэлдэг юм байна.Тэгэхээр нь “Би яаж мэдэхэв. Та манай дарга Рагчаатай генералтай ярь даа” гэхэд Рагчаа дарга “Бид сургуульд таван жил сургаж авчихаад дөнгөж нэг жил ажиллуулж байхад, өгөхгүй” гэсэн гэдэг. Ингээд эвлэлийн их хуралд төлөөлөгчөөр сонгогдож, Ю.Цэдэнбал даргатай хамт оролцох завшаан тохиож байсан юм.
Зүүн гар талаас эхнийх нь Р.Гонгор. 1986 оны гуравдугаар сарын 17. ЗХУ дахь Монголын Элчин сайдын яам. Цэргийн баярыг угтсан хүлээн авалтын үеэр. Элчин сайд Ц.Гүрбадам, генерал Д.Самдан, Төв хорооны хэлтсийн эрхлэгч Дагвадорж, Цэргийн атташе Р.Гүнчин-Иш нарын хамт
-Таныг хойд хөршид ЭСЯ-ндаа ажиллаж байх хугацаа Ю.Цэдэнбал даргыг гэрийн хорионд орсон он жилүүдтэй давхцаж байжээ. Тухайн үед та тэнд яг ямар албан тушаал хашдаг байв?
-Би Бал даргыг огцрохоос нь өмнө ЭСЯ-нд томилогдож, зөвлөхөөр ажиллаж байсан. Тэгэхэд Гүрбадам Элчин сайд байлаа. Тухайн үед Ю.Цэдэнбал даргыг гэрийн хорионд байлгахдаа хүн хартай уулзуулдаггүй байв.
-Ю.Цэдэнбал даргыг Орос руу амраана гэж аваачаад гэрийн хорионд оруулчихсан гэдэг шүү дээ. Тэр үед Сайд нарын зөвлөлийн нэгдүгээр орлогч дарга Рагчаа нарын хүмүүс Ю.Цэдэнбалыг огцруулахаар ЭСЯ-нд очиж сэм хуйвалдсан гэсэн яриа байдаг. Та тэр үйл явдлыг мэдэх үү?
-Тэдний очихыг мэдэхгүй. Сүүлд бол дуулсан. Бал даргатай л холбоотой байсан бололтой.
-Та Ю.Цэдэнбал даргатай уулздаг байсан уу?
-Уулазалгүй яахав. Бал даргын хоёр бие хамгаалагчаас гадна Нанзад гээд гурван хүнтэй би холбоотой байдаг байлаа. Мөн Бал даргын тогоочийг нь, гэрийн үйлчлэгчийг нь би томилдог байв. Филатова гуай байсхийгээд л тогооч, үйлчлэгчээ халчихлаа л гэнэ. Тэгээд намайг өөр хүн олоод ир гэдэг байсан юм. Би ч өөр хүн олоод өгнө. Бас болоогүй Гадаад яамны дипломат корпусынхантай маргалдана. Үйлчлэгч нар даргыг бол шүтнэ. “Ёстой юу өгснийг идэж, өмсч байдаг, хүний мөрөөр сайн хүн” гээд л ам сайтай. Харин Филатова “Тийм ч юм хийсэнгүй, ийм ч юм хийсэнгүй” гээд л үйлчлэгч, тогооч нараа халчихдаг байсан юм.
Ю.Цэдэнбал даргатай уулзахад “Чи хэн билээ” гээд л асууна. “Би Гонгор байна аа” гэхээр “Аан, Рэнцэнпилжээгийн Гонгор уу даа” гэж билээ. Тэгээд бид хоёр Бал даргын бага, залуу насны тухай их хуучилдаг байсан. Дарга хийдэд шавилах гэж байсан тухайгаа, залуудаа хамт ажиллаж байсан хүмүүсийн талаар их ярина аа.
-Тухайн үед түүний ухаан санаа ямар байсан бэ?
-Анх очихдоо ухаан санаа нь эрүүл саруул байсан. Яваандаа жаахан балартдаг болсон доо.
Армийн их хурлын төлөөлөгчид. 1962 он. Р.Гонгор Ю.Цэдэнбал даргын баруун талд зогсож байна
-Бал даргыг хордуулсан академич, эмч Б.А.Чазов түүн дээр хэдийнээс очиж эхэлсэн юм бол?
-Дарга Монголоос гарахаасаа өмнө долдугаар сард Дархан бил үү, Төв аймгийн ч бил үү соёлын өдөрлөгийн үеэр хоёр, гурван хүнд гавьяат жүжигчин цол хүртээсэн юм. Уг нь Бал дарга хойно яаруу оччихоод буцах гэсэн байдаг. “Халх голын 40 жилийн ойд оролцоно. Их ажилтай. Яаруу яваа, түргэн буцна” гэсэн бодолтой хүн байсан. Гэтэл “Эхлээд та шинжилгээ хийлгээдэх” гээд эмнэлэгт аваачаад шууд тариа хийчихсэн.
-Эхнэр нь мэдээгүй юм уу?
-Яаж мэдэх вэ дээ. Тусгай эмнэлэг рүү барагтай хүн орохгүй. Тийшээ ороход нь тусгайлан хүн дагуулж яваад л үйлчилдэг байсан. Тэгээд тэднийг авч явж эмчтэй нь уулзуулаад л явдаг байсан. Чазов тэр үед хэдийнэ даалгавар авчихсан байсан юм билээ.
-Нанзад гуайн дурьдатгалд “Ю.Цэдэнбал дарга Элчин сайд Ц.Гүрбадамаас миний паспортыг олоод ир. Би нутаг явмаар байна” гэдэг байсан тухай өгүүлдэг. Танаас паспортоо асууж байв уу?
-Би жилдээ 2-3 удаа Бал даргатай уулзаж байлаа. Хааяа өөрөө ЭСЯ-нд хүрээд ирнэ. Тэгэхэд Гүрбадам сайд зугтаачихдаг байв. “Цаана чинь дарга ирж байна. Намайг байхгүй гэж хэл. Чи очоод уулз” гээд л даргаас айгаад ум хумгүй зугтаана гээч. Бал даргатай уулзахаар “Гонгор оо миний паспорт хаана байна вэ. Би нэг харимаар байна. Нутаг буцмаар байна. Гүрбадам хаана байна” гээд л асууна. “Гүрбадам дарга гадуур ажилтай явсан. Танд паспорт чинь байхгүй юм уу” гэхээр “Байхгүй ээ. Хэдийнэ аваад явчихсан. Хэнд байгаа юм бол. Надад нэг олоод өгөх арга байна уу” гэдэг байв. Ингэж ирэхдээ Бал дарга ЭСЯ дээр Нанзад гуайтай хамт орж ирээд аяга цай уучихаад явдаг байсан юм.
-Өөрөө огцорсноо хэзээ мэдсэн юм бэ?
-Рагчаа дарга, Моломжамц дарга хоёрыг очоод явахад л мэдсэн байх. Хэдийнэ огцруулж, гэрийн хорионд оруулсан ч гэсэн цалин, хангамжийг нь тасалдуулдаггүй байв. Миний хувьд даргын хоол унд, гэр орны аж ахуйн асуудлыг хариуцдаг байсан даа. Би даргатай уулзаад “Юу хэрэгтэй байна, хоол унд нь ямар байна” гээд анхаарал тавина. Хэдэн төгрөгийн цалинг нь өгөхөөр тогтмол Нанзад гуай аваачиж өгдөг байсан.
-Хоёр хүүхэд нь эргэж, тойрч очиж байсан уу?
-Владислав Эдийн засгийн харилцан туслах зөвлөлд ажиллаж байсан. Аав ээжтэйгээ хамт амьдардаг байсан. Харин Зориг бол эхнэр хүүхэдтэйгээ тусдаа байдаг байлаа. Бал даргын хоёр хүүхэд нэг нэгээрээ аав, ээжийгээ дуурайчихсан гээд л бид ярьдаг байж билээ. Влад олон түмэнтэй ойр, илэн далангүй, яг л аавыгаа дуурайсан хүү байв. Харамсалтай нь хожим гэртээ усанд орж байгаад нас барсан гэж яригддаг. Зориг бол ээжийгээ дуурайсан, зөрүүд, зожиг нэгэн байсан.
-Ю.Цэдэнбал гуайн өмч, цолыг хурааж, намаас хөөснийг ер нь хэзээ мэдсэн бэ?
-Тэрийг бол намайг энд ирсэнээс хойш засаг төр хувираад П.Очирбат Ерөнхийлөгч болсноос хойш мэдсэн. Дарга бол авдаг цалингийнхаа тоог мэдэхгүй. Цалинг нь санхүүгийн дарга Гунгаа гуай өгнө. Нарийн бичгийн дарга нь татварыг төлүүлчихээд Филатовад өгөөд явуулчихна. Харин авгай бол тэр хүүхдийн фондоосоо цалинждаг байсан. Өөр юм орлогын эх үүсвэр байгаагүй.
Даргыг гэрийн хорионд оруулж, цол, өмчийг нь хурааж авахад Дотоод явдлын яамныхан орон байрыг нь хариуцаж байсан. Тэр байр нь асар том номын сантай байсан. Би өмнө тэднийд очиж байсан болохоор сайн мэднэ. Гадаадын улс орнуудын өгсөн бэлэг дурсгал нэг өрөөнд өлгөөстэй байдаг байлаа. “Эдгээр бэлэг дурсгалын зүйл бол миний өмч биш, төрийнх” гээд хадгалдаг байсан. Тэгээд хойно очоод гэрийн хорионд орсноос нь хойш Дотоод явдлын яамныхан тэр их бэлэг дурсгал, номыг нь хураагаад авчихсан. Одон медиалууд нь ч хаана байгаа нь мэдэгдэхгүй алга болсон доо. Хүний мөн чанар, шунал гэж муухай шүү.
-ЗХУ-д Бал даргыг нас барахад хэсэг хүн “Тэнд нь оршуулчихъя” гэсэн яриа Улс төрийн товчоонд өрнөсөн гэх юм билээ. Тухайн үед Ш.Жадамбаа генерал “Нам даргаа гадаадад оршуулах гэж байгаа бол арми нь маршалаа Монголдоо авчирна гээд аваад ирсэн” гэдэг?
-Тэр үнэн. Жадамбаа нэлээд зоригтой, өндөр боловсролтой мундаг хүн байсан юм шүү. Монгол, Оросын сургуулиудыг алтан медиалтай төгсч байсан. Сайхан зантай, сайн хүн байсан.
-Ю.Цэдэнбал даргад эхнэр нь их зааж, удирддаг байсан гэдэг байх аа?
-Үнэндээ дарга ч зарим зүйлийг мартана. Санахгүй байх тохиолдол байна. Тийм үед нь Филатова гуай сануулж хэлдэг байсан байх. Бас хүн амьтны тухай хэлүүлнэ. Манай Филатова ч яггүй шүү дээ. Бид олон улсын пионерийн зусланг бариулж байлаа. Байсхийгээд л дуудна даа. Цэргийн хурандаа Бямбаа барилгыг бариулж, Бавуу генерал ерөнхийд нь командалж байсан. Ингээд л барилгын явц муутай байна дууд гээд л Филатова үүрэгдэнэ. Тэгэхэд Бал дарга надад “Авгай зуслангийн браилга дээр очсон явж байх шиг байна. Чи оч доо. Юу гэж хэлэх нь үү, Ямар юм дутаж байна вэ. Яах нь уу” гэдэг. Очихоор Филатова гуай “Цементийн чанар муу байна. Барилга нурвал яах юм бэ. Яагаад тааруу маркийн цемент нийлүүлэв. Бавуу чи яагаад энэ ажлыг удаашруулаад байна. Наад мөрөн дээрх чинь хүнддээд байна уу. Хөнгөрүүлж болно шүү. Энэ барилгыг би ямар үхэхдээ аваад явах юм биш. Монголын хүүхдийн төлөө л хийж байгаа ажил” гээд л хангинаж өгнө шүү дээ. Энэ бол тухайн үед ажил хийлгэхийн тулд ташуурддаг зөв арга. Би түүнд бишгүй л загнуулж байсан. “Тэр суман дээр хүүхдийн цэцэрлэгийн ажил зогслоо. Цементийнхээ маркийг өндөр болго, арматур төмрийнхөө чанарыг сайжруул” гээд дуудаж ирээд л үүрэгдэнэ дээ. Филатова хааяа томилгоон дээр бас гар бие оролцдог байсан. Томилох хүнийхээ нэрийг Ю.Цэдэнбал даргын халаасанд нь бичээд хийчихнэ. Дарга халаасаа ухаад авгайнхаа бичсэнийг харна шүү дээ.
-Филатова гуай ааш гаргасаар байгаад нутаг буцсан юм уу?
-Сүүлийн хэдэн жил тэрээр даруухан байсан. Нэг удаа тэр Бал даргыг гэрээс нь хөөгөөд Төрийн ордонд хонуулсан байдаг юм. Энэ тухай мэдээ Ж.Самбуу даргын чихэнд очсон. Тэгэхэд хэр баргийн үг дуугараад байдаггүй, тун бодолтой хөдөлдөг Ж.Самбуу дарга шууд Оросын ЭСЯ-нд очоод “Бид болох чинээгээрээ байлаа. Энэ хүн чинь манай хүнийг гэрээс нь хөөж явуулсан байна. Одоо та бүхэн энэ хүнээ буцааж ав даа” гэж хэлсэн байдаг. Тэгэнгүүт Оросын Элчингээс шуурхай арга хэмжээ авсан боололтой маргаашаас нь Филатова номхорсон.
Тэрээр Монголын урлаг, хүүхэд хоёрын төлөө бол дайчин нэгэн байсан даа. Дэмжихийг нь дэмжээд, халахыг нь халаад л. Уртнасан бол Филатовагийн баруун гар нь. “Ажа мама” гээд л сүйд болно. 1974 онд Брежнев манай улсад айлчилж ирэхэд Фелатова гуай ганцаарчилж уулзаад Хүүхдийн пионерийн ордон, Хуримын ордон, Найрамдал зусланг буцалтгүй тусламжаар бариулж авсан. Бас гурав, дөрөвдүгээр хорооллын цэнхэр байшингуудыг Брежневийн бэлгийн байшин гэдэг. Улс тунхагласны ойгоор Брежнев чинь 18 аймгийн зургаанд нь эмнэлэг, эмч нарын байртай, зургаад нь арван жилийн сургууль багш нарын байртай нь барьж өгсөн. Бас Дархан Улаанбаатарын байшин үйлдвэрлэх комбинат, угсармал байруудыг бэлэглэж байсан.
Үргэлжлэл бий…