Төр нийгмийн зүтгэлтэн, УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан С.Зоригийн амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн гэх Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг хаалттай хорих ангиас нээлттэй хорих анги руу өнгөрсөн ням гаригт шилжүүлсэн талаар “Монголын мэдээ” сонин нийтэлжээ.
Уг хэрэгт шийтгэгдсэн Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа нар чанга дэглэмтэй 429, Т.Чимгээ 407 дугаар хорих ангид ял эдэлж байсныг ийнхүү шилжүүлсэн юм. Тус сонинд нийтэлснээр нээлттэй хорих ангид шилжсэнээр ШШГЕГ-ын хяналт хамгаалалт суларч олон хоригдолтой нэг өрөөнд хамт амьдарч эхлэх учраас хэн хүссэн нь тэдний эрүүл мэнд, амь насанд халдах боломж үүсч байна гэж бичжээ.
Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт С.Зоригийн амь насыг бүргэх захиалгыг хэн өгсөн гэдэг нь одоо болтол нууц хэвээр байгаа. Хэрэв дээрх гурван хэрэгтэнд ямар нэгэн зүйл тохиолдвол уг хэргийн захиалагч тогтоогдохгүй байх магадлал тун өндөр.