Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд “Торгоны зам” авто раллигийн 2019 оны уралдаан ОХУ-Монгол-БНХАУ чиглэлээр зохиогдохыг зарлав

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд 2009 оноос хойш жил бүр зохион байгуулагдаж буй “Торгоны зам” авто раллигийн уралдааны Хятадын Шааньси мужийн Сиань хот дахь гарааны нээлтийн ёслолд оролцлоо.

Өнгөрсөн жилүүдэд энэхүү уралдаан нь ОХУ-Казакстан-БНХАУ гэсэн чиглэлд зохиогддог байсан бол энэ жил зөвхөн ОХУ болон БНХАУ-д болсон юм. Харин ирэх жил Монгол Улсын газар нутгаар дамжин ОХУ-Монгол Улс-БНХАУ гэсэн чиглэлд зохиогдохоор болсон юм.

Энэ талаар Сиань хот дахь гарааны нээлтийн ёслолд оролцсон Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд “…2019 оны Торгоны зам авто раллигийн уралдаан Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж, уралдааны маршрут Монгол Улсын нутгаар дайран өнгөрнө” хэмээн зарлаж, Шааньси мужийн Сиань хот дахь гарааны зурвасыг нээснээр 2018 оны Хятад дахь гараа эхэлсэн юм.

2017 онд энэхүү уралдаанд 35 орны 385 автомашин, жолооч оролцож, 9599 км зам туулсан байна. Мөн энэхүү уралдааныг 143 хэвлэл мэдээллийн баг 196 улсад дамжуулсан нь уралдаан болоод уралдаан болж буй бүс нутгийн талаар томоохон сурталчилгаа болж, аялал жуулчлал нэмэгдэх томоохон боломжтой болдог байна.


Нээлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Монгол Улсаас Бээжинд суугаа Онц бөгөөд Бүрэн эрх Элчин сайд Д.Ганхуяг, “Торгоны зам-хурд Монгол” төрийн бус байгууллагын төлөөлөн удирдах зөвлөлийн дарга А.Амгалан нар оролцсон юм. Мөн зохион байгуулагч талаас Шаньси мужийн дэд захирагч Ху Мин Лан, БНХАУ-ын Спортын ерөнхий газрын дэд сайд Гао Жидан, БНХАУ-ын Автомашин, мотоциклийн спортын холбооны ерөнхийлөгч Жан Гуожун, ОХУ-ын Спортын яамны дэд сайд Сергей Косилов, “Торгоны зам” авто ралли уралдааны ерөнхий захирал Олег Кравченко нар оролцсон юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *