Автомашингүй өдрөөр нийслэлийн залуусын төлөөлөл Д.Сүхбаатарын талбайд “Эрүүл мэнд-Идэвхитэй хөдөлгөөн” уриан дор нэгдсэн флаш моб арга хэмжээ зохион байгууллаа. Мөн төв талбайд унадаг дугуйчдын парад, триатлоны спортын төрөлд орох дуатлоны улсын аварга шалгаруулах тэмцээн болж байна.
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газраас зохион байгуулсан өдөрлөгт их, дээд сургуулийн 300 гаруй оюутан залуус, нийслэл хотын иргэд идэвхитэй оролцлоо. Энэ өдөр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газраас өртөөчилсөн марафон гүйлтийг “Үзэсгэлэнт Улаанбаатарын цом-Нэг бүс, нэг зам” нэрийн дор зохион байгууллаа. Мөн энэ өдөр хүүхэд багачуулын оролцох дуртай зам дээр шохойн зураг зурах уралдааныг Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төв, “Тэнгэр даатгал” ХХК-тай хамтранявууллаа. Уралдааныг хүүхэд багачуудыг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхэд тэдний оролцоог нэмэгдүүлэх, хүүхэд өөрийн үзэл бодлоо чөлөөтэй бүтээлч байдлаар илэрхийлэхийг дэмжин, хүсэл мөрөөдлийг нь тэдний нүдээр харах зорилгоор “Хүүхэд бүрийг зам тээврийн ослоос хамгаалъя” сэдвийн дор зохион байгуулж байна.
Тодруулга: Дэлхий даяар жил бүрийн есдүгээр сарын 22-ны өдрийг “Автомашингүй өдөр” болгон тэмдэглэн ирсэн билээ. Манай улс энэ өдрийг ес дэх жилдээ тэмдэглэж, хотын төв хэсгийн замыг 08.00-17.00 цагийн хооронд түр хугацаагаар хязгаарлаж, томоохон зах, худалдааны төв амарч, иргэд олон нийтэд зориулсан урлаг, спортын олон арга хэмжээг зохион байгуулж байна.