Европын Аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын нэгтгэн боловсруулсан “Авлигатай тэмцэх гарын авлага”-ыг Авлигатай тэмцэх газраас монгол хэлнээ орчуулан хэвлүүллээ.
Авлигатай тэмцэх чиглэлээр асар их мэдлэг, туршлага хуримтлуулсан НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх алба, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага, Европын улсуудын Авлигын эсрэг бүлэг, Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллага, Олон улсын авлигын эсрэг академи, Базелийн засаглалын институт, Хулгайлагдсан хөрөнгө буцаан олгох санаачилга (СтАР) зэрэг байгууллагын мэргэжилтнүүд уг гарын авлагыг бэлтгэжээ.
Гарын авлагад авлигын холбогдолтой олон улсын стандартыг нэгтгэн харьцуулж, эрх зүйн голлох баримт бичгийг тусган, бүс нутгуудад хэрэгжсэн санаачилгыг тоймлон үзүүлэхийн зэрэгцээ улс орны туршлагын талаар дэлгэрэнгүй өгүүлжээ. Түүнчлэн авлигын эсрэг стратеги, улс төрийн санхүүжилт, лоббийн зохицуулалт, авлигын гэмт хэргийг мөрдөн шалгах явц дахь хүний эрхийг хангах зэрэг өргөн хүрээтэй асуудлын талаарх зөвлөмж гарын авлагад тусгагдсан аж.
Номын өмнөх үг болгож Европын Аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Ламберто Занниер “…авлигаас урьдчилан сэргийлэх, авлигач албан тушаалтнуудын үнэн дүр төрхийг илчлэх, нийгмийн гамшигт үзэгдлийг ул мөргүй устгахаар чармайж байгаа улс орнуудын бодлого боловсруулагчид, практик үйл ажиллагаанд оролцогчдод энэхүү гарын авлага нь мэдээлэл, зөвлөмжийн үнэ цэнэтэй эх сурвалж болж чадна гэж би найдаж байна. Үндэсний хэмжээнд холбогдох талууд хамтын хүчин чармайлт гаргаж, олон улсын байгууллагуудын тусламж дэмжлэгтэйгээр улс орнууд өөр хоорондоо нягт хамтран ажиллаж чадсан цагт л авлигатай тэмцэх үйл ажиллагааны эцсийн зорилгод хүрч чадах болно” хэмээн бичжээ.