Categories
мэдээ нийгэм

Манай сонины сэтгүүлч Э.Хүрэлбаатар “Балдорж” шагналын шилдэгт шалгарлаа

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Монголын сэтгүүл зүйн шилдэг бүтээлд олгодог “Балдорж” шагналын шилдгүүдэд шагнал гардуулах 10 дахь удаагийн ёслолын арга хэмжээ өчигдөр боллоо. Энэ удаагийн арга хэмжээнд уламжлал ёсоор Монголын үе үеийн Төрийн тэргүүн нар хүрэлцэн ирснээс гадна улс төр, нийгэм, эдийн засаг, соёлын салбарын нэрт зүтгэлтнүүд хуран чуулсан юм.

Ёслолын арга хэмжээний нээлтийн үгийг Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч Н.Багабанди хэллээ. Тэрбээр “Миний дотно нөхөр Ц.Балдорж цагаасаа урьд биднээсээ салан одсон ч үйл хэрэг нь мөнхрөн үргэлжлэх тавилантай, амьдрал нь богино ч алдар гавьяа, үйлс бүтээл нь уртаас урт цаг хугацааг дамнан үргэлжлэх заяатай байсны гэрч нь та бид билээ. Сэтгүүлчдийн ёс төртэй, ёс суртахуунлаг үйлд бялдууч орогнох орон зай байх ёсгүй гэж Ц.Балдорж үгээр хэлж, үйлдлээрээ хязгаарладаг байсан юм. Сэтгүүлчийн ган үзэг зөвхөн үнэний тухай бичиж, сэтгүүлч үнэний дуу хоолой болон дуугарч байвал уншигч, үзэгч, сонсогчид бидний хойноос эргэлзээ тээнэгэлзээгүйгээр явах болно гэдэгт тэрээр бат итгэлтэй байсан юм.

Хүн төрөлхтний түүхээс үзвэл сайн төрийн толгойд хууль, муу төрийн толгойд дарга даамлууд заларч ирсэн байна. Монгол төрийн толгойд хууль заларч, хаад харцаас ялгаагүй тав толгойтой бүхэн нэгэн адил байх зарчимыг Ц.Балдорж чанга баримтлахыг дэмжихийн зэрэгцээ хуулийн засаглал тогтоход сэтгүүлчдийн эх оронч үзэл, мэргэжлийн ёс зүйн үүрэг хууль сахиулагчдаас дутуугүй үйлчлэх ёстойг тэрээр гүн ухамсарласан байсан юм” хэмээн хэллээ.

Түүнчлэн тэрбээр “Бусдын захиалгаар буюу баримт нотолгоогүйгээр хүний нэр төрийг сэвтээх бусармаг үйлдэлд орооцолдох нь сэтгүүлчдийн мэргэжлийн ёс зүйд гал ус мэт харш. Хууль зөрчсөн болон ёс зүйн үүргээ умартсан хэн боловч түүний дотор сэтгүүлчид гэм хийсэн бол зэм хүртэх нь зүйн хэрэг. Сэтгүүлчид нийгмийн өмнө хүлээсэн давуу үүрэгтэй болохоос давуу эрхийг хэнд ч өгөөгүй. Өгөх ч учиргүй гэдгийг ямагт санаж ажиллах учиртай. Хууль зөрчигчид, хууль завхаруулагчидтай хийх амаргүй тэмцэлд дөрөв дэх засаглалын хүчирхэг дуу хоолой, дэмжлэг туслалцаа ус агаар мэт хэрэгтэй хэвээр байна” гэж онцоллоо.

Энэ жилийн Балдорж шагналын шилдэг аравт “Өнөөдөр” сонины сэтгүүлч Х.Уянга, Tv9 телевизийн сэтгүүлч Д.Ганзориг, Үндэсний шуудан сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга Б.Энхмарт нар шалгарсан юм. Мөн 25-р суваг телевизийн Д.Эрдэнэбаяр, Ж.Пүрэвдаваа, Г.Мөнхбаяр нарын “Нэг удаа үндэсний контент” цуврал нэвтрүүлэг шилдэгт багтлаа. Түүнчлэн Ийгл телевизийн сэтгүүлч С.Батзаяа, Зууны мэдээ сонины Б.Солонго, Засгийн газрын мэдээ сонины сэтгүүлч З.Цэлмэг, Өдрийн сонины сэтгүүлч Э.Хүрэлбаатар, Монцамэ агентлагийн сэтгүүлч Б.Алтанхуяг, Bloomberg телевизийн сэтгүүлч М.Хонгорзул нар шалгарч шагналаа гардан авлаа.Харин тусгай шагнал буюу Канадын ЭСЯ-ны нэрэмжит шагналтнаар чөлөөт сэтгүүлч Ж.Мандхай тодорсон юм.

“Балдорж” шагналын шилдэг дэд байрт МҮОНРТ-ийн Баримт нэвтрүүлгийн багийн Г.Батзаяа, Ж.Золзаяа, Б.Лхагвасүрэн нар шалгарч, “Уул уурхайтай “ханилсан” орчин цагийн малчин” цуврал сурвалжлагаараа “Өнөөдөр” сонины Ж.Сувдмаа, Т.Энхбат нар шилдэгийн шилдэг “Гран-При”-гийн эзэд боллоо.

Энэ дашрамд онцлоход манай сонины нийтлэлч Ж.Гангаа агсан 2011 онд “Хялганат талын цагаан зээр хар цээр биш ээ” нийтлэлээрээ шилдгийн шилдэг сэтгүүлчээр шалгарч байсан билээ. 2015 онд манай сонины сэтгүүлч Э.Хүрэлбаатар “Зүүн гурван аймгийн хуульгүй ардууд зээрийн сүргээ хүйс тэмтрээд дуусаж байна”, “Би Монгол Улсаа дэлхийн хамгийн том орон гэж боддог буюу Хануйн бага сургуулийн сурагчид”, “Бөгтөр бөхөнгийн мөхөл ирэв үү” нийтлэлүүдээрээ “Балдорж” шагналын шилдгийн шилдэг сэтгүүлчээр шалгарч байсан юм.

Шагнал гардуулах ёслолын дараа “Өдрийн сонин“-ы сэтгүүлч Э.Хүрэлбаатар “Балдорж” шагналын шилдэг 10-т “Замын-Үүдээр зэрлэг адуу мэт чихцэлдэн дайралдах монголчуудын нэг өдөр” тэмдэглэлээрээ шалгарлаа. Өмнө нь гурван удаа айрагдаж, нэг удаа түрүүлсэн. Энэ жилийн хувьд дахин айрагдлаа. Сүүлийн жилүүдэд ийш тийш явж сурвалжлага хийж байсан бол энэ жил нэлээд суурин өнжлөө. Найман настай охин Замын-Үүдэд алга болсон хэргийг сурвалжлахаар явахдаа гэрэл зурагчин Ц.Мягмарсүрэнтэй хамт Монгол Улсын хамгийн том хилийн боомт дээр очиж нэг өдрийн сурвалжлага бэлтгэсэн. Монголын хилээр хууль бус эд бараа яаж гардаг, ордгийг энэ сурвалжлагаар харуулахыг зорьсон” хэмээн ярилаа.

Мөн Ийгл телевизийн сэтгүүлч С.Батзаяа “Нийтдээ 20 гаруй нийтлэл, гурван нэвтрүүлгийг тэмцээнд илгээсэн. Үүнээс “Өв соёлгүй Монгол” нэвтрүүлэг маань “Балдорж” шагналын шилдэг 10-т багтлаа. Түүхийн соёлын салбар орхигдсон байсан учраас энэ асуудлыг хөндөж нэвтрүүлэг хийсэн” хэмээн ярилаа.

Үндэсний шуудан сонины Хариуцлагатай нарийн бичгийн дарга Б.Энхмарт “Өмнөх жилүүдэд эрэн сурвалжлах чиглэлийн цуврал нийтлэлүүд болон байгаль орчны нийтлэл ихэвчлэн бичдэг байсан. Энэ жил хөрөг ярилцлага, тойм, тэмдэглэлүүд илүүтэй бичлээ. Онцолж хэлэхэд “Бид болон Монголын тал нутаг чамд хайртай” гэсэн япон залуугийн тухай бичсэн тэмдэглэл, дурсамж маань “Балдорж” шагналын шилдэг 10-т багтсан явдалд баяртай байна” гэв.

– Тусгай шагнал буюу Канадын ЭСЯ-ны нэрэмжит шагналтан Чөлөөт сэтгүүлч Ж.Мандахай
ШИЛ
ДЭГ 10
10. Bloomberg телевиз. Сэтгүүлч М.Хонгорзул
9. Монцамэ агентлаг. Cэтгүүлч Б.Алтанхуяг
8. Өдрийн сонин. Э.Хүрэлбаатар
7. Засгийн газрын мэдээ сонин. З.Цэлмэг
6. Зууны мэдээ сонин. Б.Солонго
5. Мongolian мedia corporation. С.Батзаяа
4. 25-р суваг телевиз. Д.Эрдэнэбаяр, Ж.Пүрэвдаваа, Г.Мөнхбаяр. Нэг удаа үндэсний контент.
3. Үндэсний шуудан сонин. Б.Энхмарт.
2. Tv9 телевиз. Д.Ганзориг
1. Өнөөдөр сонин. Х.Уянга.
ДЭД БАЙР
МҮОНРТ. Баримт нэвтрүүлгийн баг. Г.Батзаяа, Ж.Золзаяа, Б.Лхагвасүрэн.
ШИЛДЭГИЙН ШИЛДЭГ СЭТГҮҮЛЧ
Өнөөдөр сонин. Ж.Сувдмаа, Т.Энхбат

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *