Жил бүр зохиогддог “Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн худалдаа өнөөдөр нээлтээ хийлээ. Уг үзэсгэлэн худалдаа 13 дах жилдээ энэ сарын 18-24-ний өдрүүдэд Мишээл экспод үргэлжлэх юм. “Намрын ногоон өдрүүд” нь хүнс, хөдөө аж ахуйн салбарын хамгийн том үзэсгэлэн худалдаа юм. Тус арга хэмжээнд нийслэл, 21 аймгаас шилдэг бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид, тариаланчид, ногоочид оролцож байгаа байгаа юм. Энэ жилийн хувьд, “Эрүүл хүнс” үзэсгэлэнд дотоодын хүнс үйлдвэрлэгч 180 гаруй иргэн, хоршоо, аж ахуйн нэгж “Алтан намар” үзэсгэлэн худалдаанд төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ тариалагч 250 гаруй хоршоо, иргэн, аж ахуйн нэгж оролцож байна.
Энэ үеэр ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг хэлэхдээ “2018 он манай салбар олон шийдвэрүүд гаргасан жил болж байна. Бид нар мал амьтны тухай хуулиа УИХ-аар батлуулж чадлаа. Малынхаа эрүүл мэндэд төр анхаардаг боллоо. Энэ жилийн тариалалт нэмэгдсэн. Энэ жил 497.2 га талбайд тариалалт хийсэн. Ургац хураалт ид явагдаж байна. Ургац хураалтын урьдчилсан хураалтаар 450 мянган тонн үр тариа хурааж авна. Мөн 425 мянган тонн улаан буудай, 151 мянган тонн төмс, 95 мянган хүнсний ногоо, 30 мянган тонн тосны ургамал, 87 мянган тонн малын тэжээл хурааж авах юм. Энэ зорилтоо бид биелүүлж чадвал иргэдийнхээ бүтэн жилийн улаан буудай, төмсийг 100 хувь дотооддоо хангаж мөн гадагшаа экспортлох боломжтой. Экологийн цэвэр хүнсээр иргэдээ хүртээмжтэй хангах зорилттой ажиллаж байна. Хөдөө аж ахуй, газар тариалангийн бүтээгдэхүүн хүнсээ экспортлох зорилттой ажиллаж байна. Экспорт нэмэгдэхийн хэрээр ажлын байр, аж ахуй нэгжийн орлого нэмэгдэнэ. Энэ жил 18 сая төл авсан. Нийтдээ 84,6 сая мал идээшилж байна. 15 сая толгой мах бэлтгэж гадаадын болон дотоодын зах зээлд гаргахаар зорьж байна. Дотоодын өндөгний хэрэглээгээ 100 хангах зорилт тавьж байна. Одоогоор дотоодын өндөгний 70 хувийг хангаж байна. Цаашдаа 100 хувь хангах зорилт тавьсан. Намрын ногоон өдрүүдэд хүрэлцэн ирсэн иргэд, аж ахуй нэгжүүд зохион байгуулж байгаа хамтрагчид тэр дундаа тариаланчид, ногоочиддоо баярласнаа илэрхийлэе” гэв.
Маргааш буюу есдүгээр сарын 20-нд “Хэрэглэгч танаа” болон “Алтан намар” амтат талх, есдүгээр сарын 21-нд “Ногоон хүнс-Эрүүл амьдрал”, есдүгээр сарын 22-нд “Мах, сүүний анхдугаар аян”, есдүгээр сарын 23-нд “Хүүхдэд зориулав” зэрэг өдөрлөг болох аж.