Categories
мэдээ эдийн-засаг

Импортын хэмжээ өслөө

Монгол Улс 2018 оны эхний найман сард 147 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 8.5 тэрбум америк доллар, үүнээс экспорт 4.7 тэрбум америк доллар, импорт 3.8 тэрбум америк долларт хүрлээ. Харин 2018 оны 8 дугаар сард экспорт 554.6 сая америк долларт, импорт 536.3 сая америк долларт хүрч, өмнөх оны мөн үетэй харьцуулахад экспорт 27.4 (4.7хувь) сая америк доллараар буурч, импорт 118.8 (28.5 хувь) сая америк доллараар өссөн байна.

Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 1.6 (23.7хувь) тэрбум америк доллар, үүнээс экспорт 568.9(13.9хувь) сая америк доллараар, импорт 1.1 (38.3хувь) тэрбум америк доллараар тус тус өссөн байна.
Гадаад худалдааны тэнцэл 2017 оны эхний найман сард 1.4 тэрбум америк долларын ашигтай гарч байсан бол 2018 оны эхний найман сард өмнөх оны мөн үеэс 484.9 (35.8 хувь) сая америк доллараар буурч, 869.2 сая америк долларт хүрчээ. Харин 2018 оны 8 дугаар сард гадаад худалдааны тэнцэл 18.2 сая америк долларын ашигтай гарч, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 146.2 (88.9хувь) сая америк доллараар буурсан байна.
Экспорт 2018 оны эхний найман сард өмнөх оны мөн үеэс 568.9 сая америк доллараар өсөхөд эрдэс бүтээгдэхүүний экспорт 698.0 сая америк доллар, нэхмэл бүтээгдэхүүний экспорт 63.7 сая америк доллараар өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Харин импорт өмнөх оны мөн үеэс 1.1 тэрбум америк доллараар өсөхөд эрдэс бүтээгдэхүүний импорт 195.6 сая америк доллар, үүнээс дизелийн түлш 62.3 сая америк доллар, машин, механик төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, тэдгээрийн сэлбэг, эд анги 229.2 сая америк доллараар, тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд анги 204.7 сая америк доллараар, үндсэн төмөрлөг, түүгээр хийсэн бүтээгдэхүүний импорт 157.2 сая америк доллараар өссөн нь голлон нөлөөлжээ.

Эрдэс бүтээгдэхүүн, нэхмэл бүтээгдэхүүн, үнэт, хагас үнэт чулуу, металл гоёлын зүйлсийн экспорт нийт экспортын 95.4 хувийг эзэлж байгаа бол импортын 66.4 хувийг эрдэс бүтээгдэхүүн, машин механик төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд анги болон хүнсний бэлэн бүтээгдэхүүний импорт эзэлж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *