Монголын өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгч Б.Ганбаатартай ярилцлаа.
-Сүүлийн үед өмгөөлөгчийн ёс зүйн асуудал яригдах болсон. Бүр нэр бүхий зарим өмгөөлөгч бага насны хүүхэд хүчирхийлсэн хэрэг, эсвэл хүн амины хэрэг үйлдсэн хүнийг өмгөөлөхгүй гэж ярих болсон. Ихэнх өмгөөлөгч мөнгөтэй хүнд үйлчилдэг болсон. Энэ талаар ярилцлагаа эхэлмээр байна?
– Нэгэнт өмгөөлөгчийн эрх авсан бол тэр хүн мэргэжлийн ажлыг хуулиар хориглосон зүйлээс бусад үед хийж байх үүрэгтэй. Эрх ашгийн зөрчилтэй биш бол бусад бүх асуудалд өмгөөлөгч өөрийнхөө үүргийг биелүүлж байх үүрэгтэй. Өмгөөллийн үйл ажиллагаа явуулахад ямар ч хязгаарлалт байж болохгүй. Хүн амины хэрэгт шалгагдаж байгаа хүнийг “Энэ хүн хүний амь нас хөнөөчихсөн юм чинь гээд” өмгөөлөхгүй байж болохгүй. Бага насны хүүхэд хүчирхийлсэн байна. Энэ хүнийг өмгөөлөхгүй гэж хэлж болохгүй. Харин ч энэ зүйлийг мэргэжлийн өндөр түвшинд өмгөөлж байх ёстой. Энэ хүн хүний амь насыг бүрэлгэчихсэн юм чинь гэх сэтгэлгээ цагдаа, прокурорт байдаг. Тэд ажил мэргэжлийн хувьд хүнийг яллаад сурчихсан байдаг. Харин өмгөөлөгч бол энэ асуудлыг өөрөөр хардаг. Хүн амины хэрэг үйлдэгдсэн шалтгаан маш олон янз байдаг. Үйлчлүүлэгч нь юунаас болж хүний амь хөнөөх болов, цочирон давчидав уу, аргагүй хамгаалалт хийсэн үү, өөрийг нь хөнөөхөөс өөр аргагүй байдалд оруулсан уу гэдгийг мэргэжлийн хувьд ялгаж салган ойлгож, баримтаар гаргаж ирж өмгөөлдөг. Хүний амь нас хөнөөчихсөн хүнийг “Миний үйлчлүүлэгч хүний амь хөнөөгөөгүй” гээд зогсож байх ёсгүй.
Хууль эрх зүйн үүднээс яагаад хүний амь насыг хөнөөх болов гэдгийг л шүүхэд гаргаж байх юм. Харин ийм хэрэг үйлдсэн хүнийг би өмгөөлөхгүй гэж байгаа нь ёс зүйн хувьд тааруу хүн байна даа гэж хэлэх байна. Яагаад үүнийгээ олон нийтэд тараах болов. Өмгөөлөгч ажлаа хийж байх үед дарамтлуулах, зодуулах тохиолдол ч байдаг. Энэ нь цагдаад мэдэгдээд хамгаалалт авах нь хуулиараа бий.
-Өмгөөлөгч ёс зүйн алдаа гаргаж үйлчлүүлэгчийнхээ мэдээллийг бусдад худалддаг. Хоёр талд давхар ажилладаг. Мөн хууль бус үйлдэл хийж, цагдаа, прокурор, шүүгч нарын авлигалыг зохицуулдаг гүүр болдог гээд л олон асуудал байдаг?
-Өмгөөлөгч нарт сүүдэр мэт дагаж мөрддөг ёс зүйн дүрэм гэж бий. Хуульчид өөрсдөө л хуулиа дагаж мөрдөж чадахгүй юм бол хэн энэ нийгэмд ёс зүйтэй, шударга зүйлийг тогтоох юм бэ. Бусад улс орнуудад бичигдээгүй дүрэм байдаг. Тухайн улс орны хуульчид ямар байгаагаас шалтгаалж тэр нийгэм адилхан байдаг гэдэг. Хэрвээ хуульчид нь ёс зүйгүй шударга бус байвал тухайн нийгэм тийм л байдаг юм. Үүний зөв дүгнэлт гэж бодож байна. Өмгөөлөгч хууль зүйн хүрээнд өмгөөллийн тактикаа явуулах ёстой. Хоёр талд үйлчилдэг зүйл хэзээ ч байж болохгүй. Хэрэв тийм ёс зүйн алдаатай байгаа бол тэр ажлыг хийгээд хэрэггүй. Ийм асуудал байгаа бол иргэд Хуульчдын холбоонд өргөдөл гомдлоо өгөх хэрэгтэй.
-Ёс зүйн алдаа гаргасан Г.Батбаяр өмгөөлөгчийн өмгөөлөх эрхийг түдгэлзүүлэхээр болсон гэсэн. Энэ талаар юу гэж бодож байна вэ?
-Монголын өмгөөлөгчдийн холбоо сайн дурын нэгдлээр бий болсон газар. Тиймээс хэн нэгнийг өмгөөлөх эрхийг түдгэлзүүлдэг газар биш. Тодорхой нэр бүхий хүний өмгөөлөгч байх эрхийг хасах гэж байгаа асуудал Монголын хуульчдын холбооны асуудал. Нэг зүйлийг хуульчид анхаарах ёстой юм. Мэргэжлийн үйл ажиллагааг мөнгө олох хэрэгсэл болгох, эсвэл нийгэмд нэр хүнд олох хэрэгслээ болгон ашиглаж болохгүй. Өөрөөр хэлбэл өөр зүйлд ашиглаж болохгүй зүйл нь хуульч мэргэжил, тэр дундаа өмгөөлөгчийн мэргэжил юм шүү гэдгийг тодотгож хэлмээр байна.
-Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд хэн дуртай нь өмгөөлөгч болж байна гэх шүүмжлэл гарах болсон. Ямар үндэслэлээр өмгөөлөгчийн тоо хэдэн мянгаар нэмэгдчихсэн юм бэ?
– Хүний эрүүл мэндийн манаанд ямар хүмүүс ажиллаж байгаа билээ. Хамгийн багадаа арав гаруй жил суралцаж байж эмч болдог. Үүнтэй нэгэн адил хүний эрхийн манаа өндөр шалгууртай, мэргэжлийн, хариуцлагатай байх ёстой. Мэргэжлийн, хариуцлага өндөр, чанар чансаатай байх нь үйлчлүүлэгчдэд хэрэгтэй. Харамсалтай нь 2014 онд Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль гарсан. Өмнө нь мөрдөгдөж байсан Өмгөөлөгчийн тухай хуулийг хүчингүй болгосон хэрэг. Энэ хуулийн үйлчилгээг дотор нь нэг бүлэг, арван зүйлээр оруулчихсан. Үүнээс болж өмгөөлөгчийн эрх зүйн байдал дордчихсон. Аливаа нийгмийн харилцааг зохицуулж байгаа хуулийг хүчингүй болгохдоо маш тодорхой шалтгаан, шалгууртай, нийгмийн харилцааг зохицуулж байсан хууль нь ашиглагдах шаардлагагүй болсон үед хүчингүй болгох ёстой. Одоо цагт ялангуяа хүмүүнлэг ардчилсан зах зээлийн нийгэмд хүний эрх чөлөө өдөр бүр яригдаж байдаг. Өмгөөлөгчийн эрх зүйн асуудал улам өндөр болох ёстой. Гэтэл үүнийг өөрчилсөн нь маш буруу. Өмнө нь Өмгөөллийн тухай хуультай байхад өмгөөлөгч эхлээд хуульчийн, дараа нь өмгөөлөгчийн шалгалт өгөөд, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах анхан шатны ажлуудын талаар хичээл заалгадаг. Үүний дараа дадлага хийж байж өмгөөлөгч болдог байлаа. Гэтэл Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль гарснаар хуульчийн сонгон шалгаруулалтад орсон л бол бүх хүн өмгөөлөгч болох эрхтэй гээд заагаад өгчихсөн. Өмнө нь өмгөөлөгч болоход даван туулдаг байсан бүх шалгуур, шат дамжлага байхгүй болчихоор энэ салбарт маш олон мэргэжлийн бус “Би чадна”-чууд ороод ирсэн. Өөрөөр хэлбэл, цагдаа, прокурор, шүүгч хийж байсан хүмүүс өмгөөлөгч болох эрх нь нээгдчихсэн. Энэ хууль батлагдахаас өмнө цагдаа, прокурот ажиллаж байсан хүмүүс албан тушаалаа өгсний дараа хоёр жилийн хугацаанд өмгөөлөгчөөр ажиллах эрхгүй байсан. Ажил мэргэжлийн хувьд ашиг сонирхлын зөрчил байна гэж үзсэн. Ашиг сонирхлын зөрчил үнэхээр байдаг. Жишээ нь, цагдаагийн байгууллагад ажиллаж байгаад гарсан хүнд энэ салбарт маш олон танил байна биз дээ. Өмгөөлөгчийн ажил мэргэжлийн ажил шүү дээ. Хэн дуртай нь хийдэг, танил тал, найз нөхдийн хүрээнд болгочихдог амархан ажил биш. Мэргэжлийн ажлыг хуулиар хүлээсэн эрхийнхээ хүрээнд хийх ёстой. Найз, нөхөд дээрээ очоод гуйдаг. Тэр нь ямар нэгэн байдлаар тодорхой үр дүнд хүрэхээр нь нөгөө хүний нэр хүнд үнэлэлт дүгнэлт өгдөг байдал 2014 оноос хойш бий болж байна. Үүнээс болоод л өмгөөлөгчийн мэргэжлийн болоод ёс зүйн шаардлага алга болчихоод байгаа юм. Өөрийгөө судлаач гээд нэрлэчихсэн хүмүүс байдаг. Тэд “Монголд өмгөөллийн тухай хууль хэрэггүй. Яагаад гэвэл Процесийн тухай хуульд өмгөөллийн тухай хуулийг оруулаад өгчихвөл болно” гээд л яриад байдаг. Өнөөдөр манай улсад 630 гаруй хууль хүчин төгөлдөр үйлчилж байна. Тэгвэл 630 гаруй хууль процесийн тухай хуультай байх ямар ч боломж байхгүй. Процесийн хууль гэдэг нь ямар хууль байдаг вэ гэхээр нийгэмд хамгийн их хүний эрхийг хөндөж байдаг, эрх зүйн харилцаа нь өргөнөөр явагдаж байдаг хууль. Тухайлбал, Эрүүгийн хууль, Иргэний, Захиргааны, Зөрчлийн тухай хуульд Процесийн хууль үйлчилж байгаа. Бусад бүх хуульд Процесийн хууль байх шаардлагагүй. Өмгөөлөгчийн эрх зүйн байдал урьд нь ямар байж байгаад одоо ямар болчихоод байгаа вэ гэдгийг тодотгож хэлмээр байна. Өмгөөлөгчийн тухай хууль байх үед өмгөөллийн тухай эрх үүргийг тодорхой заасан 12 заалт байсан. Энэ эрх үүргийг эдэлж өмгөөллийн үйл ажиллагаа явуулдаг байсан. Тийм хуульгүй болчихоор өмгөөлөгчийн эрх зүйн чадамж суларч байна.
-Өмгөөлөгчдийн холбооны 90 жилийн ой удахгүй болно. Манай улсад шүүхийн байгууллага байгуулагдсаны дараа өмгөөлөгчдийн холбоо байгуулагдаж байсан түүхтэй гэсэн. Энэ талаар?
-Тийм ээ, манай улсад өмгөөлөгчдийн байгууллага үүсэн байгуулагдсаны 90 жилийн ой энэ онд тохиож байгаа. Баярын хурлаа Төрийн ордонд энэ сарын 17-нд зохион байгуулна. Хуралд хот, хөдөөгийн 570 гаруй өмгөөлөгч оролцоно гэдгээ мэдэгдээд байгаа. 90 жилийн түүх гэдэг хүний насаар бодвол өндөр тоо. Хуанлийн насаар бол залуу. Бид олон жилийн үүсэл хөгжлийг тэмдэглэхээс гадна өнгөрсөндөө үнэлэлт дүгнэлт өгөх учиртай. 1928 оны тавдугаар сарын 25-ны Улсын бага хурлын тогтоолоор Шүүн таслах, олон түмэнд тусламж үзүүлэх бүлгэм гэсэн зүйл заалт бүхий дүрэм баталсан байдаг. Дээрх батлагдсан дүрмийг эргүүлээд харахад маш их утга учиртай байсан байгаа юм. 1926 онд Улсын дээд шүүхийг байгуулсан байдаг. Дараа жил нь Нийслэлийн шүүхийг байгуулсан. Ингээд 1928 онд одоогийн өмгөөллийн байгууллагын эх суурийг тавьсан түүхтэй. Шүүн таслах олон түмэнд тусламж үзүүлэх бүлгэмийн тухай уншихаар хэд хэдэн гайхалтай зүйл байдаг. Жишээ нь, нийтлэг дүрэм гэсэн 270 үг орсон нэг өгүүлбэрээр өмгөөллийн үндсэн зорилгыг маш тодорхой, уран яруу тодорхойлсон байдаг. Өмгөөллийн байгууллага улс төрийн болон нийгмийн хүнд хэцүүг даван туулсаар ирсэн байгаа. 1986 онд БНМАУ-ын Өмгөөллийн тухай хуулийг баталсан. 1992 онд Үндсэн хууль батлагдсантай холбоотойгоор хоёр жилийн дараа нь дэлхий нийтийн өмгөөллийн салбарын шинж тэмдгийг агуулсан сайн хууль баталж байсан түүхтэй юм.
Э.ХүрЭлБаатар