Хойт туйлд ОХУ-ын Якутад цаа бугыг 25 жилийн турш тасралтгүй судалсан эрдэмтэн, шинжлэх ухааны доктор Б.Баасансүрэнгийн “Хойд туйлын бүсэд 25 жил” нэртэй үзэсгэлэн Монголын үндэсний музейд боллоо.
Тэрээр 25 жил хойд туйлд цаа буга судалсан судалгааны ажил, ном, зураг, хувцас зэргийг олон нийтэд дэлгэн харуулжээ.
Энэ үеэр шинжлэх ухааны доктор гавьяат зүтгэлтэн, Анагаах ухааны доктор Б.Баасансүрэнтэй ярилцлаа.
-Та заавал яагаад цаа буга судлах болов оо?
-Далай лам надад эх хүнийг баярлуулж яв гэж хэлж байсан. Тиймээс эх хүнийг баярлуулахын тулд цаа бугаа судлах хэрэгтэй болсон. Энэ амьтны тухай таван настайгаасаа мэдэж эхэлсэн. Хүүхэд байхдаа хүн, нохой, цаа буга гурав зэрэг бий болсон гэж уншаад маш их сонирхож байлаа. Сонирхолдоо хөтлөгдөөд цаа буганы талаар илүү ихийг мэдэхийг хүсч байсан минь миний судалгааны ажилд том нөлөө үзүүлсэн. Цааны сүүгээр хүн болсон олон жишээ байдаг. Ерөнхийдөө энэ амьтныг судалж, анагаах ухааны талаас нь хүний биед хэрхэн нөлөөлөх вэ гэдэг үүднээс хослуулж судалсан. Цаа буганы эрхтний бүтэц, химийн найрлага бүрдлийг тод томруун судалсан ажил маш цөөн байдаг. Хэвлэлд энэ талаар бичигдээгүй байсан. ОХУ-ын эрдэмтэн Владимировын амьтны эрхтнүүдийн бүтэц, үүргийг судалсан бүтээлээс өөр дорвитой ажил байхгүй нь энэ чиглэлээр судалгааны ажил хийх санаа сэдлийг минь өдөөсөн юм. Эд эрхтнүүдээр нь бэлтгэсэн эмийг бие болон сэтгэцийн өвчнийг эмчлэхэд амжилттай хэрэглэж байсан баялаг түүхтэй.
-Үр хүүхэдгүй байсан олон хүмүүсийг эмчилж байсан гэж сонслоо?
-Эрдэм шинжилгээ судалгааны үр дүнгээс олж авсан мэдлэгээ дорно дахины болон өрнө дахины анагаах ухааны аргуудтай хослуулан эмчилгээний болон өвчнөөс урьдчилан сэргийлэх олон шинэ аргыг боловсруулан гурван мянга гаруй хүнийг эмчилсэн. Янз бүрийн шалтгаанаас болоод хойд туйлын бүсийн хэт хүйтэн нөхцөлд удаан хугацаагаар даарч хий бадганаас үүдэлтэй чөмөг хөрөх, сав бөөр, таван цулын эмгэг өвчний улмаас үргүйдэж, үр хүүхэд төрүүлэх чадваргүй болсон эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг эмчилж 180 гаруй хүүхэдгүй гэр бүлд үрийн заяа хайрлан аз жаргал бэлэглэж байлаа. Гэхдээ би нэг төгрөгнэхэж авч байгаагүй. Учир нь хүний ядарсан, өвчтэй хүний мөнгийг авч болдоггүй юм. Ядахдаа хуянгаа тарааж байгаарай. Өдөртөө дор хаяж 5 км явж байвал өөрийнхөө биеийг хамгаалж байна гэж бодоорой гэж залуустаа захъя.
-Хойд туйлд 25 жилийн турш хэрхэн амьдарч байв, хэцүү зүйл нь юу байсан бэ?
-Хойд туйл өвөл арванхоёрдугаар сарын 22-ноос гурван сарын турш харанхуй байдаг. Гурван сарын харанхуйд би номоо бичдэг. Энэ хугацаа бол миний хамгийн чөлөөтэй цаг.
Энэ хооронд өдөр бүхэн хоёр хуудас юм бичиж, зурдаг байлаа. Тэр үед одоогийнх шиг бэлэн компьютер байсангүй. Надад зөөлөн, хатуу харандаа, дээр үеийн оросын бор цаас байсан.Та бүхний хэрэглэдэг бичгийн цаас, бал тэнд хөлдчихөөд байдаг юм. Энэ бүхэн надад тэсвэр хатуужил өгч, үүнийг сөрж шинжлэх ухааныхаа мөрийг бичих хүч хайрласан. Хүйтэнд амьдрахад бойтгоо хийж өмсөхөөс эхлээд олон юм сурсан. Энэ нөхцөлд цаа бугын судалгаанд цус, таван цул эрхтэн, зургаан сав, арьсыг нь харж ямар улиралын арьс хүн зонд дулааныг хадгалж чадах вэ гэдгийг судалж байсан. Хүний бүдүүн нарийн гэдсэнд нь дулаан ялгаруулах чадалтай байвал чөмөг хөрдөггүй. Чөмөг хөрснөөс болж хүмүүст дархлалын өвчлөлүүд тусдаг. Дороосоо даарч болдоггүй. Хойд туйлын цаа бугууд хүйтэнд маш сайн дасан зохицсон эвэр туурайнаас авахуулаад доод талын батушкнь газрын хүйтнийг тэсэж чадаж байна. Хойд мөсөн далай зундаа дээрээсээ 5-6 метр л гэсдэг. Бусад нь тас хөлдүү хэвээрээ байдаг. Тэр хөлдүүг тэсэхийн тулд өөрийнхөө эрүүл мэндийг бодож тохирох хувцасыг судалж байж хийж өмссөн.Би энэ бүх судалгаа шинжилгээг хийхийн тулд өөрөө бүхнийг хийсэн. Тухайлбал, идэх хоол хүнс, өмсөх хувцсаа хүртэл өөрөө хийсэн. Тэгэхгүй бол хүний нутагт хэн надад юм хийж өгөх юм. Гурван сарын харанхуйд галын дөлөнд сууж, энерги авдаг байлаа.
-Цаа бугын онцлог зан авир юу байдаг вэ?
-Дурлалдаа маш үнэнч амьтан. Бие биенээ хайрласаар байгаад хорвоог туулдаг. Эмэгтэй нь хээлтэй байх үед эрэгчин нь цас малтаж дулаацуулж өгдөг. Хүнлэг, ариун сайхан сэтгэлтэй. Би 25 жил амьдрахдаа гурван настай итэрийнхээ арьсаар хийсэн уутан хөнжил нөмөрч унтдаг байлаа. Энэ нь 60-70 градуст дааруулдаггүй. Миний өмсдөг хувцасыгТормос гэж нэрлэдэг. Өвлийн тэс хүйтэнд өмсөхөд тохиромжтой. Энэ бол цэвэр цааны бүтээгдэхүүн. Мөн хойт туйлд дөрвөн төрлийн цаа буга байдаг. 70 хувь нь зэрлэг төрлийн цаа буга. Янз бүрийн өвчин тусахгүй л бол удаан насалдаг. Ерөнхийдөө 13-17 шахам жил насалдаг. Шим тэжээлийн хувьд эрүүл цэвэр ургамлыг цасан доороос ухаж иддэг. 30-аад төрлийн ургамал иддэг нэг үгээр судалгаа хийхэд нэн тохиромжтой эрүүл амьтад юм. Монголын цаа бугыг бодвол урт талдаа. Мөн эрүүл мэндийн хувьд маш сайн байдгаараа онцлог. Яагаад гэвэл онгон байгальд байдаг. Манай цаа бугануудын хувьд хүний үйл ажиллагаа орсон буюу ургамал тэжээл нь бохирдчихсон газар байдаг. Хамгийн чухал нь эрүүл байдгаараа л Якутын цаа буга монголынхоос илүү онцлогтой. Цаа буганд хамрын салст нь 32 ширхэг байдаг. Шүдний завсарт нь утас орох зайгүй маш сайн бэхэжсэн байдаг онцлогтой амьтан.
–Та хичнээн цаатай вэ?
-Якутад зэрлэг цаа 60 гаруй бий.Зэрлэг цаа, бэлчээрийн цаа хоёр ялгаатай. Юугаараа ялгаатай вэ гэвэл, бэлчээрийн цаа ургамалыг ямаа шиг иддэг. Зэрлэг цаа сугалж иддэгээрээ ялгаатай.
Би Хөвсгөлийн цааг бэлчээрийн цаа гэж үздэг. Өөрийнхөө цаануудыг урт наслаасай гэсэндээ Тогоонтөмөр, Бат-Очир гэх мэтчилэн нэр өгчихдөг. Үүний ачаар хиймортой, золбоолог явдаг юм шиг санагддаг.
–Таны амьдарч байгаа газар хэр олон хүн амьдардаг вэ, нүүдэл суудал хийдэг үү?
15 айл байдаг. Цөөхөн шүү дээ амьдардаг хүмүүс нь. Манайх хойд туйлыг дөрвөн улиралтай гэдэг. Би бол зургаан улиралтай гэж боддог. Энд хавар нүүдэл хийхэд хэцүү байдаг.
-Таны гэрийнхэн хойд туйлд дандаа байх юм гэж дургүйцэж байсан уу?
-Эцэг хүний үүрэг бол үр хүүхдээ эрдэм номтой болгох, сайн сайхан явуулах байдаг.Үр хүүхдээ боломжийн явуулах хэрэгтэй гэж үздэг.
-Цаа бугатай холбоотой ном,зохиол бичиж гаргаж байв уу?
-Тиймээ. Саха Якутын хойд нутгийн -70 градуст хүртэл хүйтэрдэг дархан цаазтай бүсэд голчлон судалгаа шинжилгээнийхээ ажлыг хийхийн зэрэгцээ Био-Анагаах ухааны холбогдолтой 38 ном бичиж ард түмний хүртээл болгосон. Мөн “Хоёр дахь эх” гэсэн нэртэй ном гаргасан. Энэ ном хүмүүст их таалагдсан. Зөв зүйтэй, ухаарлын зүйл бичсэн байна гэж ярьцгааж байсан. Эхийн сүү бол эм болж чаддаг. Ээжүүдэд хэлэхэд, хүүхдээ аль болохоор 3-5 нас хүртэл нь хөхүүлээрэй гэж хэлмээр байна
Б.ОЮУНЖАРГАЛ