НИТХ-ын төлөөлөгч Ц.Одонтунгалаг Нийслэлийн Засаг дарга С.Батболдод хүүхдийн асуудлаар асуулга тавьжээ. Улаанбаатар хот хүүхдэд чиглэсэн үйлчилгээ дутагдалтай, хүүхдийн аюулгүй байдлыг хангаагүй, хүүхдэд ээлгүй орчинтой байгааг асуулгад дурдсан бөгөөд НИТХ-ын ээлжит чуулганаар хариуг сонсохыг хүсч дараах асуулгыг тавьсан байна.
АСУУЛГА:
1. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 200 тоот тогтоолоор “Хүүхдэд ээлтэй хот” дэд хөтөлбөр баталсан. Уг дэд хөтөлбөрийн хүрээнд 2016 онд 250 сая төгрөг баталж, хүүхдийн 108 утас, бид гэр бүлдээ хайртай, хөгжлийн харандаа, сэтгэлийн үндэс, хөгжлийн гал, хайрын гар зэрэг хүүхдэд чиглэсэн төслүүд амжилттай хэрэгжсэн байна. Тодорхой үр дүнтэй хэрэгжсэн тус хөтөлбөр 2017 оноос хойш зогссон байна. Яагаад НИТХ-ын баталсан тус дэд хөтөлбөрийг ямар шалтгаанаар хэрэгжүүлэхгүй байгаа вэ?
2. Төлөөлөгчийн зүгээс хүргүүлсэн 24 заалт бүхий зөвлөмжийн хүрээнд ямар ажлууд хийсэн бэ. Нийслэлийн хэмжээнд өнөөдөр хүүхдийн аюулгүй байдлыг хангасан үйлчилгээг бий болгох, хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэх, хүүхдийн эрхийн талаарх олон нийтийн ойлголтыг сайжруулах зайлшгүй шаардлага байна. Цаг үеийн тулгамдсан энэ асуудлыг яагаад анхаарахгүй байна вэ?
3. НҮБ-ын Хүүхдийн эрхийн конвенцийн оролцогч улсууд нь Конвенцид хүлээн зөвшөөрсөн эрхийг хэрэгжүүлэхэд шаардлагатай бүх эрх зүйн, захиргааны болон бусад арга хэмжээг авна. Хүүхдийн эдийн засаг, нийгэм, соёлын эрхийг хэрэгжүүлэх арга хэмжээнд шаардлагатай хөрөнгө нөөцийг хангалттай хэмжээгээр дайчлах, хуваарилах ёстой гэжээ. НҮБ-ын Хүүхдийн эрхийн конвенц болон Мянганы хөгжлийн зорилтын хүрээнд хүлээсэн амлалтуудыг Нийслэлийн удирдлага хэрхэн хэрэгжүүлж байна вэ?
4. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 онд хэрэгжүүлэх “Аз жаргалтай хот” үйл ажиллагааны хөтөлбөрийн 4.5-д тусгасан зорилтуудын хүрээнд “Хүүхдэд ээлтэй, гэр бүлийг дэмжсэн үйлчилгээний чанар хүртээмж, сайжирч, гэр бүлийн үнэ цэнэ, тогтвортой байдал дээшилнэ. Зорилтот бүлгийн болон эрх нь зөрчигдсөн хүүхдийн тоо буурна. Улаанбаатар хүүхэд, гэр бүлд ээлтэй хот болно” гэж заасан байна. Гэвч өнөөдөр нийслэлийн хэмжээнд золгүй ослоор амь насаа алдаж буй хүүхдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байна. “Аз жаргалтай хот” хөтөлбөрт тусгасан үр дүнд хүрэх чиглэлээр тодорхой бөгөөд шинэлэг ямар ажил хийж гүйцэтгэв. Гарсан үр дүн бий юу. Улаанбаатар хот хүүхдэд ээлтэй болж байгаа юу?
5. Өнөөдрийн байдлаар дугуйлан секц зэрэг хүүхдийн авьяасыг хөгжүүлэх чиглэлээр нийслэлийн хүүхдүүдийн 2 хувь нь хамрагдаж байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 онд хэрэгжүүлэх “Аз жаргалтай хот” үйл ажиллагааны хөтөлбөрт тус тоог 30 хувиар нэмэгдүүлнэ гэжээ. 2017-2018 онуудад энэ зорилтыг хэрхэн биелүүлсэн талаар мэдээ, тайлан байна уу. Нэмэгдүүлэх ямар алхам хийсэн бэ?
6. Нийслэлд хүүхдийн чиглэлээр хэрэгжүүлж байгаа ажлуудыг үнэлж, хяналт тавьдаг уу. Төсвийн аль хуваарилалт нь хүүхдийг шууд болон шууд бусаар онилж байгааг тодорхойлсон уу? гэжээ.