Categories
мэдээ нийгэм

Нобелийн шагналт, нэрт эрдэмтэн Эдвард Мозер үнэ төлбөргүй лекц уншина

Энэ сарын 24-ний өдөр Төрийн ордонд хүний тархинд орон зай, цаг хугацааны мэдрэмж хэрхэн хадгалагддаг, түүнийг боловсруулах механизмын талаар хийсэн судалгаагаар 2014 онд Нобелийн шагнал хүртсэн нэрт эрдэмтэн, тархи судлаач, доктор, профессор Эдвард Мозер үнэ төлбөргүй лекц унших юм байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газраас жил бүр Нобелийн шагналт эрдэмтдийн лекц зохион байгуулахаар төлөвлөж буй бөгөөд анхны зочноор доктор, профессор Эдвард Мозер уригджээ.

Түүний лекцийн үеэр “Тархи судлал-XXI зуун” эрдэм шинжилгээний хурлыг Төрийн ордонд зохион байгуулах бөгөөд Дэлхийн тархи судлалын байгууллагын ерөнхийлөгч Пьер Магистретти болон “Нейросайнс” олон улсын эрдэм шинжилгээний сэтгүүлийн ерөнхий редактор Хуан Лерма болон Норвеги, Швейцар, Испани, Япон зэрэг 11 орны тархи судлалын чиглэлээр мэргэшсэн эрдэмтэн, докторууд оролцож, илтгэл хэлэлцүүлэх аж.

Монгол Улсад тархи судлалын чиглэлээр мэргэшсэн ердөө таван эрдэмтэн байдаг аж. Тиймээс энэ удаагийн лекцээр дамжуулан улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулах боломж бүхий Тархи судлалын хүрээлэн байгуулж, эрдэмтэн судлаачдыг судалгаа явуулах, дэлхийн шилдэг эрдэмтдийг урьж туршлага солилцох боломжийг бүрдүүлэх зорилт тавин ажиллаж байгааг зохион байгуулагчид онцлов.

Энэхүү хуралд оролцох хүсэлтэй 200 хүнийг энэ сарын 19-ний 12:00 цагаас эхлэн https://president.mn/nobellectures/цахим хуудсаар дамжуулан бүртгэх ажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *