Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн ногоон бүсэд ойн хөнөөлт хортон шавжтай тэмцэх ажил явагдаж байна

Ойн навч, шилмүүсний зонхилогч хөнөөлт шавж болох Сибирийн хүр, Жодооны төөлүүрч, Өвлийн төөлүүрч эрвээхэйн хүрэнцэр шавжуудтай тэмцэх арга хэмжээг хөнөөлийн голомт үүссэн талбайг хязгаарлах зорилгоор идэвхтэй хооллож, хөнөөл учруулж байгаа ойг хамруулан зохион байгуулдаг.

Нийслэлийн ногоон бүсэд 2018 оны эхний хагас жилийн байдлаар улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр нийт 16 мянган га талбайд ойн хөнөөлт хортон шавжтай тэмцэх ажлыг цаг үеийн шинж байдлаас хамааруулан гэрлэн урхи, авиамикробиологийн арга ашиглан хийж гүйцэтгэсэн.

Одоогийн байдлаар Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр болох Гачууртын амны Шижрийн даваа, Шижир, Хадат, Бургаст, Асгатын ар, Бугат, Бэрх, Их амны ойд тархсан навч шилмүүсний зонхилогч хөнөөлт шавжтай тэмцэх арга хэмжээг 9 дүгээр сарын 5-ны өдрөөс эхлэн “Мон Таксаци” ХХК орон нутгийн төсвийн хөрөнгөөр хийж гүйцэтгэж байна.

Тэмцлийн ажлыг нийт 500 га талбайд утаат болон үүргийн шүршигч багаж ашиглан микробиологийн аргаар явуулсан. Тодруулбал: Жодооны төөлүүрч эрвээхийн хүрэнцэртэй тэмцэх ажлыг Хадат, Асгатын ар, Бэрхийн ам, Бугат, Их ам зэрэг газруудын 250 га талбайд утаат багажаар,

Сибирийн хүр эрвээхийн бага, дунд насны хүрэнцэртэй тэмцэх ажлыг Шижрийн ам, Шижрийн даваа, Бургастайн амны ойн сангийн 250 га талбайд микробиологийн аргаар тус тус явуулав. Нэг модонд дунджаар 75-145 ширхэг хүрэнцэр тоологдов.

Мөн өрөөсгөл хүр эрвээхэйн өндгийг механик аргаар түүх ажил улсын төсвийн хөрөнгөөр 9 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн зуслангийн бүсэд үргэлжилж байна.

Навч шилмүүсний хөнөөлт шавжийн тархалт, хор хөнөөл, голомтыг хязгаарлах арга хэмжээнд Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны Гачуурт тосгоны оршин суугчид, нөхөрлөлийн гишүүд идэвхтэй оролцож байгаль хамгаалах үйлсэд хувь нэмрээ оруулан, амьдрах орчноо сайжруулж байна гэж нийслэлийн Байгаль орчныг газраас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *