Японы мэргэжлийн сүмогийн аки башёг Монголын их аваргууд нэг ч унаагүй тэргүүлсээр байна. Өчигдөр буюу найм дахь өдрийн барилдаанд их аварга Хакүхо М.Даваажаргал маэгашира Яатакаяамаг давснаар энэ сарын тэмцээний 50 хувийн амжилтаа үзүүлсэн төдийгүй мэргэжлийн сүмогийн дээд зиндаанд их аварга цолтой барилдсанаасаа хойшхи 800 дахь даваагаа авчээ. Харин их аварга Какүрюү М.Ананд сэкивакэ Ичиножёо А.Ичинноровыг давжээ.
Япончуудын итгэл найдвар болсон их аварга Кисеносато энэ сард тааруухан барилдаж байна. Тэрээр өчигдөр Тамаваши Б.Мөнх-Оргилд өвдөг шороодсоноор зургаан даваа хоёр унаатай болсон байна. Тамаваши Б.Мөнх-Оргилын хувьд ийнхүү их аваргыг өвдөг шороодуулан аки башёгийн анхны даваагаа авчээ.