Categories
мэдээ цаг-үе

Монголын их утга зохиолын ялгуусан хувь заяаны эзэн Шаравын Сүрэнжав

ТӨРИЙН СОЁРХОЛТ, АРДЫН УРАН ЗОХИОЛЧ шАРАВЫН СҮРЭНЖАВЫН 80 НАСНЫ ОЙД


НЭГ

Монголын урлаг, утга зохиолын ид цэцэглэлтийн үе болох жараад оны яруу найргийн сүр сүлд нь Шаравын Сүрэнжав байжээ хэмээн хувьдаа бодном. Тэрбээр жараад оны яруу найрагчдын галын шугамд газрын цээжинд гарсан адуу шиг омог төгөлдөр гарч ирсэн бүлгээ. Идэр залуугийн тэр л гал дөл, бадрангуй халуун сэтгэл, цалгилсан авьяас онгод нь хэзээ ч бууралгүй цагийн уртад долгионт он жилүүдийг нь бүтээсэн юм. Үнэндээ Шаравын Сүрэнжав бол Монголын их утга зохиолын ялгуусан хувь заяаны эзэн юм. Тэртээ жаран дөрвөн онд анхны номын уралдаанд “Шөнө ургасан цэцэг” шүлгийн түүвэр нь шалгарч, тэрхүү бүтээлийг нь Лодонгийн Түдэв өлгийдөн авсан байдаг. Мөн далан нэгэн онд хэвлүүлсэн “Нутгийн цэнхэр уулс” номынх нь өмнөтгөлийг ч Түдэв гуай бичсэн удаатай. “Тэрээр ясны яруу найрагч бөгөөд зүрх сэтгэлийнх нь гүнээс шидтэй юм шиг урсан гарсан цэцэн мэргэн үг соронзон бичлэг шиг цээжинд нь үргэлж тээгээстэй явдаг нэгэн. Өөрийн шүлгээ байтугай бусдын шүлгийг хаа ч болов хэдийд ч түгдрэхгүй урсган цээжээр уншиж, сонсогч хэний ч болов сэтгэлийг үгийн уургаар оосорлон татдаг Сүрэнжав шиг онгод хийморь шүгэлсэн найрагчийг би өнөө хүртэл үзсэнгүй” хэмээн бахдаад “Ардын уран зохиолч Цэндийн Дамдинсүрэн гуайн хуурын эгшгийг Шаравын Сүрэнжав Хэрлэнгийн барьяа шиг үргэлжлүүлэн хуурдагч нэгэн болой” гэж аатай үнэлсэн нь бий.

Эрдэм оюуны оргил, барагтайд үг унагаж уулга алддаггүй Түдэв ийн өргөмжилсөн бол дорнын найрагч Бэгзийн Явуухулан түүнд шүлгээ зориулан бичиж, багш шавийн халуун барилдлагатай явсан. Их утга зохиолын өрлөг ижий, их ахайтан Сономын Удвал далаад оны эхээр Берлинээс чин зүрхний үгтэй захидал бичиж, хожим “Ханийн үг” номынхөө өмнөтгөлийг бичүүлж явсан нь түүхэн үнэн юм. Монголын утга зохиолын бурхад болох Цэндийн Дамдинсүрэн, Бямбын Ринчен, Донровын Намдаг нартай сэтгэл ойрхон явах, үг сургаалийг нь сонсох хувь заяа мөн л Шаравын Сүрэнжавт оногдсон байдаг. Монгол Улсын анхны ардын уран зохиолч, төрийн гурван удаагийн шагналт Дамдинсүрэн гуай “Сүрэнжавтаа амжилт ерөөе” хэмээн өөрийн нэрийг монгол төвдөөр бичиж номоо дурсгасан нь бий. Тэр хоёр эрхмийн Төв аймгийн Баяндэлгэрт их Нацагдоржийнхоо хөшөөний дэргэд сугадалцаж зогсоод авахуулсан дотно хөрөг ч бий сэн. Нялх балчир охиноо мөрөн дээрээ суулгаад Дамдинсүрэн гуайнхаа хамт Сүх жанжны талбайгаар алхалж явахдаа татуулсан зураг ч түүхийн гэрч болон үлджээ. Тэр жил монголч эрдэмтдийн хурлын үеэр их эрдэмтэн Ринчен багш, их найрагч Мишигийн Цэдэндорж нарын хамт дотно ярилцах мөчид Ринчен гуай Агданбуугийн Амар сайдын тухай, Сталинтай уулзаад гучин мянган сэхээтнийхээ толгойг залгих аюулд тулгагдсаныг нь аминчлан ярьсан удаатай.

Мөн тэрээр Сэнгийн Эрдэнэ зохиолчтой сэтгэл зүрхний ахан дүүсийн барилдлагатай явж, Чойжилын Чимид, Ламзавын Ванган, Цэвэгмидийн Гайтав нартай хол ойр замд ганзага нийлэн хундага тулгаж, Пунцагийн Бадарч, Пүрэвжавын Пүрэвсүрэн, Данзаннямын Шагдарсүрэн, Шагдарын Дулмаа, Рэнчиний Чойном нартай нэгэн цаг үед хамт төрж, их утга зохиолд хамтдаа хөл алхан, монгол найргийн яруу туульсыг бүтээж, өөрийн дараа үед тодорсон Очирбатын Дашбалбар, Зундуйн Дорж нарын онгодтой найрагчидтай садансаж ирсэн билээ. Сүрэнжавын шүлэг найргийн шидэт ертөнц хийгээд хувь хүнийх нь омог бардам тавиланг гайхалтайгаар нээсэн хүн нь Балбар байсан.

“Ерэн баатарын дууль”-ийг нь Оросын нэрт яруу найрагч Евгений Евтушенко үнэлж түүнийг дотны нөхрөө хэмээн өргөмжлөн, Дагестаны их найрагч Расул Гамзатовтой дарс хувааж хүртсэн гээд Сүрэнжавын он жилүүдийг дурсахад бахдалтай. Дэлхийн зулай цаст Гималайн бэлд Далай ламд бараалхан мутрынх нь адис хүртэн зураг хөргөө татуулж, Далай багш түүнд алд цагаан хадаг, бурхан багшийн хөрөг хайрласан нь тэр бүр хүнд заяахгүй хувь тавилан юм. Ийм ялгуусан хувь заяа гагцхүү тэнгэрээс заяат найрагчид л олддог болов уу гэж санана.

ХОЁР

Түүнийг тэнгэрээс заяатай найрагч хэмээн өргөмжлөх ажгуу. Энэ бол зүгээр хэн нэгний хэлсэн магтаалын үг биш гэдгийг тэрээр зохиол бүтээлээрээ, асан бадамлаж ирсэн амьдралынхаа зураг төөргөөр батлан үзүүлсэн юм. Тэнгэрийн зараалаар хүн төрөлхтөнд ирсэн найрагч гэдгээ олон бүтээлээрээ харуулсан ч оргил нь “Би тэнгэрийн хүү” шүлэг юм. Далан есөн оны арванхоёрдугаар сарын аравдаар Москва хотноо бичсэн эл шүлэг Сүрэнжавын онгод цалгилсан сэтгэлээс хур бороо шиг асгаран буусан гэлтэй. Амраг хань, алаг үр, анд нөхөд, эх нутгаа сэтгэл сэмрэн санахдаа хүний нутгийн тэнгэр дор, алтан Москвагийн агаар амьсгалсан алдарт Горькийн сургуулийн ид шидээр бахдан чухамхүү сэтгэлийн нүд нээгдэн онгодоор цалгихдаа тэрээр “Би тэнгэрийн хүү” гэдгээ зарлан тунхагласан байдаг.

“Би тэнгэрийн хүү” шүлгээ уншихдаа нэг л ер бус болж, нээрээ чиг тэнгэрийн цэнхэрлиг орноос газар дэлхийд ирсэн найрагч гэдэг нь итгэл төгс мэдрэгддэг. Молхи надад ч уг шүлгийг уул усандаа цээжээр дуудахуйд өөрийн эрхгүй дотоод хүч нэмэгдэж, үг бүрийнх нь гэгээ гэрэл, ид шидээр тэтгэгддэг юм. Ийм л хийморь лундаа, авьяас билгийн авшиг ерөөлийг Шаравын Сүрэнжавын шүлэг найраг бид бүхэнд бахдан бадруулсаар ирсэн ажгуу. “Би тэнгэрийн хүү” шүлгийг нь төвд судлалын нэрт эрдэмтэн, Монголын хэл шинжлэлийн оргилуудын нэг Лхамсүрэнгийн Хүрэлбаатар гайхалтай тайлсан байдаг. “Уламжлалын далд бөгөөд эртний уран сайхны хэлбэр, уран сэтгэлгээний хэв шинж нь орчин үеийн нэгэн яруу найрагчийн туурвилын эрдэм дээр огт санамсаргүй, чухамдаа усанд ургасан Зандан Зуугийн хөрөг дүр мэт илрэн буусан нэгэн жишээг авч үзье. Энэ бол тэнгэрийн орны сайхныг газрын орны ертөнцөөс харсны жишээ огт бус харин аман болон бичгийн уран зохиолд уламжилсан тэнгэрийн орны сайхнаас илүү газрын орны сайхныг нээж гаргасны жишээ болно. Энэ нь Ш.Сүрэнжавын “Би тэнгэрийн хүү” шүлэг юм.

Би тэнгэрийн хүү

Та нарын дунд ирсэн юм

Газрын охинтой гэрлэж

Нарны аяганаас цай уусан

Гашуун дарснаас хиртэж

Ганихралын орон дээр хөрвөөж үзсэн

Цагаан цасан дээрээс будрахад

Хөөцөлдөн эрхэлж, үүлс сандайлан

Уулсаас уулсад

Дүүжин хийж нааддаг байсан

Цагийн бороо тэнгэрээс асгарахад

Хөхин баясч, утас дамжих шиг

Усан ширхгээр нь авиран гарч

Оддыг сондор болгон хэлхэж

Цэцгийн толгойд зүүж өгч явсан… гэж эхэлнэ. Энэ шүлэг “тэнгэрийн хөвгүүний” үйл бүтээл эрдэм чадал нь мөн л санаанд багтамгүй эрхэм тансаг, цагаан цасан дээрээс будрахад хөөцөлдөн эрхэлж, үүлс сандайлан уулсаас уулсад дүүжин хийж наадан, цагийн бороо тэнгэрээс асгарахад хөхин баясаж, борооны ширхэг дамжин авиран гарч, “оддыг сондор болгон хэлхэж цэцгийн толгойд зүүж өгч яваа” нь тэнгэрийн хөвгүүний дээд эрдмийг тийм ихэд хийсвэрлэн сэтгэвч, угтаа газрын хөвгүүний тиймд байх гайхамшигт чанарт багтаж сэтгэсэн нь сэтгэлгээний их уран чадвар юм” гээд “Чин сүзэгт номун хааны гуравдугаар дүр тэнгэрийн орноос Бурхан багшин шарирам шүдийг эрж авч, газрын ертөнцдөө олж ирснийг өгүүлдэг бол, Сүрэнжавын “Би тэнгэрийн хүү” шүлэгт газрын ертөнцийн, тэр дундаа монголын морин толгойтой хуурыг тэнгэрийн оронд аваачиж эгшиг дуугаар нь тэнгэр эцгийг баясгах тухай өгүүлсэн нь чухамхүү “тэнгэрийн соёл”-ын уран сайхны сэтгэлгээг уран дүрийн эрдмээр шинэчлэн баяжуулсан…” хэмээн өгүүлсэн юм. Уул уулаа таньж мэдэрдгийн сонгодог жишээ энэ болов уу.

Монголын их утга зохиолд тэнгэрээс заяагдсан эл найрагчид тэнгэр бурхан нэгэнтээ авралын гараа сунгасан бодит жишээ бий. Баруун аймагт явахаар томилолт авсан найрагч онгоцонд суух өглөөгөө дарс хүртэн, цагаасаа хождож очвол хэдийнэ онгоц нисчихсэн байжээ. Буянт-Ухаад тэрээр ийн сэтгэл гонсгор үлдсэн бол түүний сууж явах ёстой онгоц осолдсон аймшигт түүхийг бид мэднэ. Ингэж Шаравын Сүрэнжавыг тэнгэр бурхан Монголын тал нутагт амьд үлдээж, олон сайхан номуудыг эх барьж авах хувь ерөөл хайрласан юм. “Сүрэнжавын залуугийн цог заль, бадрал эрмэлзэл төгс “Нутгийн цэнхэр уулс”, нас ахих үеийн нь ухаарал бодрол дүүрэн “Хөх тэнгэрийн хур” хэмээх шүлгийн түүвэр бол манай яруу найргийн цэцэрлэгт хүрээлэнд дэлбээлсэн цоо шинэ хоёр цэцэг” гэж Дашбалбар найрагч бардамхан хэлсэн удаатай. Танхим дүүрэн хүмүүст шүлгээ унших цог жавхлант найрагчийн үгнээс гэрэл цацарч, хүмүүсийн сэтгэлийг дулаацуулдаг байсан тийм олон агшныг нь мэдэрч явсан Балбартайгаа тэрээр сэтгэл зүрхний ахан дүүс, анд нөхөд. Шилийн Богдын оройн сэр сэр салхинд үлээгдэн, Москвад бороо шаагьсан намраар мөхөөлдөс идэн, кино үзэхээр цуг явж байсан гээд дурсамж дурдатгалыг нь хэлж яаж барахав.

Цэвдэг энэ орчлонгоо хайрлах хайр

Цээжинд багтахгүй оргилж ирэх өдөр байхад

Цэвдэг санаатныг бодохоор дотор харанхуйлж

Цэгээн чулуу хагартал бухимдмаар мөч байх юм

Ариун үнэний тулд зүрхээ асааж

Ард түмнийхээ дууч болж явахдаа

Адгийн юмсыг үзэн ядахгүйгээр

Амьд явах эрх шүлэгч хүнд байдаггүй юм, “Шувуудаа явуулсан нуурнаас намрын гунигийг сонсдог би, шуурсан шар навчсын дунд орчлонгийн гунигийг ухаардаг” найрагчийг намрын өглөө шаргал цувтай Дунд голыг гэтлэн явахыг нь олонтаа харсан хүн нь Дашбалбар юм. Тэрбээр “Ямархан нэг гуниг түүний зүрх сэтгэлд орогнож, орчлон хорвоогийн хуурамчийг таньж мэдсэн найрагч эр шүлгээ цээжиндээ бясалган, гоё өнгөтэй голын чулуу олсон хүүхэд баярлах шиг гарцаагүй үнэн ганц мөр бадаг олбол түүндээ баярлаж, хүн хүнд уншиж сэтгэлийн цэнгэл эдлүүлэх”-ийг нь харан бахдаж, алдар хүндийн тавцанд залагдаж байхад нь ч, атгаг хорон санаатнуудын гүжир гүтгэлэгт унаж, бор дарсыг хэтрүүлэн тэнтэр тунтар гишгэж, болох болохгүй хэл аманд орооцолдон нэг нүд нь газар нөгөө нүд нь тэнгэр ширтэж явахад нь ч сэтгэлээ салгаагүй билээ л.

ГУРАВ

Алдаа оноо, баяр гуниг нь бусдын нүдэн дээр даанчиг илхэн явж ирсэн эл найрагчийг би номын багш шигээ хайрлан хүндэтгэдэг юм. Тэр жилийн зуны эхэн сарын хорьдоор их Явуугийнхаа яруу найргийн баярт оролцчихоод хангайн уулсын магнай Даян хайрхны тэргүүн дээр Отгонтэнгэрээ халиаж зогссон сон. Дөнгөтийн Цоодол багш дэргэд ханайж, Отгонтэнгэрийн мөнгөлөг цагаан оргил нүдэн дээр эрдэнийн судар шиг гэрэлтэн, зөөлөн цагаан цас бударсан тийм гэрэл гэгээт цаг мөчид миний бие Шаравын Сүрэнжав найрагчийн баруун өвдөгнөөс адис авч билээ. Найрагчид шүлгээ уншицгаан сэтгэл нь оргилж, их хайрхандаа сүслэн залбирч, ёстой л нэг дуулиан шуугиан болж байх үест Сүүеэ аян замын ядаргаа байсан чиг уу, Явуугаа санагалзан бодлогоширсон чиг уу, Даян хайрхны элгэн хад сандайлан сууж байсан юм. Тэр л ахуйд нь миний бие их найрагчийн баруун өвдөгнөөс адис авч, хоёр жилийн өмнө Отгонтэнгэрт хамт ирснээ дурсаж билээ.

Тийм ээ, хоёр мянга долоон оны мөн л зуны эхэн сарын сүүлчээр Отгонтэнгэрийн тахилгад хүрэлцэн ирсэн билээ. Хангайн цаст цагаан уулыг зүүдлэнхэн ирсэн сэн. Замдаа Пүрэвжавын Пүрэвсүрэн найрагчийн Бөөнцагаан нуурт хоноглож, өглөө Аргалантынх нь уулсын хаяа хормойгоор хойш давхин Бурханбуудай хайрханд залбирсныг ч хэлэх үү, Отгонтэнгэрт сэтгэл бадарч, хийморь сэргэж ирсэн юм. Тэгтэл тэр сайхан уулын хормойд сэтгэл зүрхэндээ хайрлан явдаг Шаравын Сүрэнжав, Долгорын Цэнджав нартай учран золгох ерөөл тохиосон. Цэнджав бээр Энхбаяр Ерөнхийлөгчийн ажлын албаны даргын хувьд албан ёсны үүрэг томилолттой ирсэн байв. Бадархундага нуурын том том үхэр хаднуудын дундуур Монголын их утга зохиолын ялгуусан хувь заяаны эзэн Шаравын Сүрэнжавыг сугадан явах аз завшаан надад тийнхүү оногдсон бүлгээ.

Тэрээр Бадархундагын ариун дагшин уснаас аршаалан хүртэхдээ Явуугаа зүрхнээсээ санагалзан “Халх Монголыг даасан Очирваань бурхны дүрээр мөнхөрсөн уул Отгонтэнгэр хайрхан Монголын яруу найрагт нэгэн хүү өгсөн нь Явуухулан юм” гэж бардам хэлсэн. Тэртээ далан хоёр онд “Нутгийн цэнхэр уулс” номоороо зохиолчдын эвлэлийн шагнал хүртэхэд Явуу багш нь тэднийд хэд хоног тухалж, Цэндээ эгчээр хоол хийлгүүлэн тэр хоёр хундага харшуулж, сэтгэлийнхээ үгийг ярилцаж байсан удаатай. Сүүеэг Горькийд байхад Явуу захидал илгээж түүндээ Лхамсүрэн, Гайтав, Чимид нарыг үгүйлж буйгаа дурдсан нь бий. Наян нэгэн оны хавар Казахстаны Алма-Атад багш шавь хоёр хамт зорчиж, Ала-Тоо уулын үүл манан хуралдсан алаг хөх оргилуудыг сэтгэл баясан харж явснаа дурсдаг юм. Тэр бол Явуутай явсан сүүлчийнх нь аялал байжээ.

Хоёр мянга дөрвөн оны арваннэгдүгээр сарын 25-ны орой Дуурийн театрт болсон “Тусгаар тогтнол” яруу найргийн наадамд Утга зохиолын сургуулийн оюутан хүү түрүүлж, учраа мэдэхгүй нүдэндээ нулимстай зогсч байсныг Сүүеэ зурагтаар харж л дээ. Тэр цагаас хойш өчүүхэн намайг тоож элгэмсэх болсон. Бас нэгэн учралыг би мартдаггүй. Хоёр мянга зургаан онд Булган аймагт болсон яруу найргийн наадамд шүлгээ уншихаар очлоо. Сүрэнжав найрагч олныг шуугиулаад, тэрхүү наадмыг хөтөлж байх юм. Тэрбээр намайг зарлахын өмнө “За одоо би та бүхэнд танай нутгийн нэг сайхан найрагч хүүг дуудах гэж байна. Жил жилийн наадмаар дандаа дөрөв, тавын даваанд тунаанд үлдэж улсын цолонд хараахан хүрээгүй залуу бөх байдаг даа. Түүн шиг “Болор цом”-ын тайзан дээр шүлгээ уншин үзэгчдийг бужигнуулаад буудаг хүн бол манай…” гэж хэлсэн нь өчүүхэн намайг дээш нь өргөөд шидчих шиг болсон. Ингэж намайг Монголын их яруу найрагт зарлан оруулж ирж, хувь заяаны минь харгуйг ерөөлийн үгээр дэвсэж, дөрөөнд минь сүү дусаасан хүн нь Сүрэнжав юм. Энэхүү ач буяныг энэхэн насандаа яахин мартах билээ.

Тэр жил “Өдрийн сонин”-д гурван дугаар дамнуулсан томоохон ярилцлага хийж, түүгээр далим гарган миний бие гэрийнх нь босгыг байн байн алхалж, Цэндээ эгчээр адууны мах чануулан тухалж, Сүүеэтэйгээ ёстой нөгөө зүрхнийхээ үгийг ярилцаж суусан сан. Бид хоёрын яриа мэдээж зохиолчдын тухай байсан. “Сэтгэл будангуйрах үедээ Сэнгийн Эрдэнээг уншдаг, би” хэмээн яг л шүлэг шиг хэлж угтана. Жаран есөн оны наадмын өмнөхөн Эрдэнэ зохиолч тэр хоёр Узбект зохиогдсон Монголын соёл урлагийн өдрүүдийн багийн бүрэлдэхүүнд багтаж хэд хоног аатай сайхан явсан гэдэг. Эрхүүд түр буулт хийгээд нисэх үед Эрдэнэ, Сүрэнжав хоёрын гадаад паспорт олдохгүй хэрдээ сандаргаж хүлээлт үүсгэжээ. Энэ үед багийг ахалж явсан Намын төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Сайд нарын зөвлөлийн нэгдүгээр орлогч дарга Д.Майдар “Онгоц хэн саатуулаад байна” гэж зандрангуй дуугарсан аж. Эрдэнэ дув дуугүй сууж байснаа онгоц нисч өндрөө авах мөчид арын суудлаас гэнэт босч ирээд “тэр Майдар юу юм” гэж чангар хашхиран олон хүний зүрхийг хагалчих шахсан хөгжөөнтэй дурсамж ч бий.

Сүүлд Эрдэнэ баавайтайгаа холын Америк руу ганзага нийлж Потомак мөрний гүүрэн дээгүүр үдшийн сэрүүнд хамт алхан, Вашингтоноос Нью-Йорк хүртэл засмалаар давхин, алдарт хоёр өндрийн нэгнийх нь гурван давхраас Цэрэндэжид, Цэндээ нартаа гоёлын нүдний шил авч, Бродвейн шөнийн солонгон гудамжаар дипломат Жаргалсайхан гуайгаар газарчлуулан явсан түүх бас бий.

Өнгөрөгч зун “Тэнгэрийн харьяатын ертөнцөд” ном бичсэн Дамдины Дэнсмаа докторт Шаравын Сүрэнжавын нэрэмжит шагналыг олгосон. Энэ үед Сүүеэтэйгээ уулзах хамгийн хэцүү халгамаар байлаа. Цэндээ эгч минь бурхны оронд очоод удаагүй байсан цаг. Газрын цээжинд гарсан адуу шиг омголон найрагч таяг тулаад орж ирсэн нь зүрх рүү ёг хийлгэсэн юм. Гүйж очин үнсүүлэхэд “Ах нь эгээтэй л үхчихсэнгүй, Цэндээ эгчээс нь хойш” гэж хэлэхэд нь зүрх урагдаад явчихаж билээ. Шагнал гардуулах ёслолын үеэр дуурийн театрын залуухан дууч Наранхүү Сүүеэгийн шүлэг, гавьяат нь үнэндээ жулдаж буй Дашдаваагийн Баттөмөрийн аялгуу “Миний нутгийн бараа” дууг нь дуулахад өөрийн эрхгүй сэтгэл ганихарч, хоёр нүдний минь нулимс сул асгаж байлаа. “Миний нутгийн бараа” миний сэтгэл зүрхний дуудлага юм. Тэр жил цом гардчихаад аавынх руугаа хоёр жаалхан охиноо гэргийтэйгээ дагуулаад давхиж явахад сэтгэл хөвөлзөөд болдоггүй. Хоолойд юм тээглэчихээд нэг л хачин. Дашинчилэнгээс Хишиг-Өндөр рүү эргэх мөчид “Миний нутгийн бараа”-г дуулж асгартал уйлж аваад бие хөнгөрөх шиг болсон сон.

Сүрэнжав дандаа томцуулын эгнээнд багтаж, алдар хүндийн эзэдтэй шилэн хоргонд байгаагүй. Хатуу харгис цагт эсэргүү Чойномыг өмгөөлж, шоронгоос гарахад нь хадаг сүүтэй угтан, хожим нь номыг гаргаж, шүлэгчийн нэрийг салхи арчихгүй хэмээн шүүрс алдсан хүн нь Сүрэнжав юм. Хадаа аваргыг төрийн наадамд түрүүлэхэд нь баярлаж, “би бас чам шиг буруутаж будилж явсан” хэмээн шүлэглэж, сүүлд дахин шоронд хоригдон залуухнаараа үс нь бууралтчихсан зовж явахад нь эргэн очиж, телевизийн нэвтрүүлэг бэлдэн сэтгэлийн их хүч хайрласан хүн мөн л Сүрэнжав билээ сэн.

“Ертөнц амилах хавар цаг аа, чиний урьхан инээмсэглэлд согтуурч, есөн төө чулууны дор нойрссон нөхрөө дуудан ярилцмаар байна” хэмээн Ванган тэргүүт нөхдөө санагалзан, Сэнгийн Эрдэнийнхээ гэрэлт дүрийг дуудан ирүүлж уянгын мөрүүдээр нь зүрхээ баясгах эл эрхмийн “Залгамж үеийн найрагчдаас итгэл, сэтгэлийн жолоог атгуулах цөөн хүний нэг чамдаа дурсгав” хэмээн уран зохиолын дээжис тавьдугаар ботийнхоо тэргүүнд бичиж өгснийг үргэлжид сананам. Цалгилсан онгод, цагийг эзэлсэн их найрагчийн тухай ийн өгүүлэхүйд сэтгэл зүрх минь хөг аялгуу орж, агуу ихийг бүтээхийн түрлэг цээжин цаанаас түлхэлж байна. Их утга зохиолын сүр сүлд болсон, ялгуусан хувь заяаны эзэн Шаравын Сүрэнжав танд урт нас буян хишгийн ерөөл өргөе.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *