Categories
мэдээ цаг-үе

Дэггүйтсэн ч тэргүүлсээр ирсэн ангийнхан

1974 онд найман жилийн 19 дүгээр сургуулийн 1А бүлэгт орж байсан ангийг энэ удаагийн “Нэг анги” буландаа онцолъё.

Эдний анги сурлага, урлаг спортоороо тэргүүлэгч анги байжээ. Нэгдүгээр ангид Сүрэнхүү гэдэг багш хичээл орж байсан гэнэ. Харин дунд ангиас нь Физикийн багш Бямбаа багш дааж авсан аж. 33-уулаа наймдугаар ангиа амжилттай төгсөхөд багшийн хувь нэмэр хэмжээлшгүй их гэдгийг ангийнхан дуу нэгтэйгээр ярилаа.

Ангийн охин Д.Амарбаясгалан “Багш маань хүүхэд болгонтой тулж харьцдаг. Хичээлээсээ жаахан хоцрох гээд байдаг хүүхдэд илүү цаг гаргаж, хичээлийг нь тайлбарлаж өгдөг байсан. Мөн сурагч сахилгагүйтэж, алдаа гаргавал өөрийнхөө өрөөнд оруулж нэг нэгээр нь загнаж, зэмлэж, сургаж, амьдралын ухааныг ойлгуулах гэж хичээдэг байж дээ. Тиймээс бид бие биенийгээ гэсэн сэтгэл минь одоо ч хэвээрээ. Жаргал, зовлон тохиолдсон аль ч цаг үед хамтдаа байдаг. Одоо хүртэл холбоотой байна. Манай ангийнхан уулзахаараа “Балчир наснаасаа эхлээд 50 гартлаа хамт байна гэдэг ховор завшаан” гэж ярьдаг. Бямбаа багш маань их ухаалаг, арга барил сайтай, чадвартай хүн. Одоо гавьяаныхаа амралтад суусан” хэмээсэн юм.

Эдний ангийнхан 22 эрэгтэй, 13 нь эмэгтэй. Физикийн кабинетад гурвуулаа суудаг ширээ байдаг аж. Багш нь сахилгагүй хөвгүүдийг хоёр эмэгтэй хүүхдийн дунд суулгачихна. Охид нь тэрүүхэн тэндээ хөвгүүдээ шоглодог байсан гэлээ. Багш маань яаж, хэрхэн хүлээцтэй байх уу, бие биедээ хэрхэн тусархаг байх вэ, суурь хүмүүжлийг маань сайн бий болгож өгсөн шүү. Сахилгагүй ангийг атгасан гар шиг болгосон гэж юм л бол багшаа магтана.

Ангийн охин Б.Мөнхцэцэг “Тухайн үед найман настай хүүхэд сургуульд ордог байсан учраас биеэ даачихсан. Үүнийг сурах ёстой гэдгээ ухамсарласан байсан. Бэлтгэл бүлэгт гар зүгшрүүлэх хичээлээр шулуун зураас зурах, дэгээ бичдэг байв. Ингээд үсгээ үзэж эхэлсэн. Цагаан толгойн баяр өвөл болдог байлаа. Зургийн дэвтрийн цаасан дээр цамцны захын хатуулгыг машиндуулж, үсэг болгож, холбож үг бүтээх дасгал хийдэг байсан. Бага ангийн багш маань биднийг огт залхуурч болохгүй. Эрдэм сайн сурах хэрэгтэй гэдгийг хэлдэг байв. Манай ангийнхан сурлага, урлаг спортоороо тэргүүлэгч мөртлөө жигтэйхэн сахилгагүй, их үймүүлдэг байв. Биднийг Бямбаа багш маань хатуу гараар өсгөсөн. Энэ нь биднийг өндөрлөгт хүрэхэд нөлөөлсөн юм. Учир нь аливаа зүйлд хандах хандлага, чин сэтгэл, үнэнчээр хөдөлмөрлөхийн төлөө зүтгэх ёстой гэдгийг сайтар ойлгуулсан” гэсэн юм.

Д.Амарбаясгалан МАХН-ын XVII их хуралд онц сурлагатай учраас оролцох хувь тохиож. Мөн сансрын нисгэгч Ж.Гүррагчаа сансарт нисэхэд “Огторгуйн гүнд монгол хүн дүүлэв” гэсэн нэртэй өөрийнхөө бичсэн шүлгээ Д.Амарбаясгалан радиогоор уншиж байсан гэнэ.

Тэр ч бүү хэл эдний ангийнхан “Нэг од” гэсэн охидын хамтлагтай. Хамтлагийн гишүүд Ё.Гэрэлмаа, Даваа, Отгонсүрэн, Нарангэрэл, Эрдэнэчимэг нар. Тэд гитар тоглож дуулдаг авьяаслаг охид байж. Одоо болтол уулзахаараа гитараа барьж дуулж хуурдана. Ангийн Б.Мөнхцэцэг нийслэлийн 40 дүгээр сургуульд бага ангийн багшаар 28 жил ажиллаж байна. Хүүхэд байхдаа хоёрдугаар салааны урдаасаа хоёрт суудаг. Дуугүй, даруухан, амнаас нь авиа гарахааргүй багш нар асуулт асуухаар л хариулдаг байсан хүн одоо Боловсролын тэргүүний ажилтан болчихсон, үг хэл нь дуусахгүй яриа хүн болжээ.

З.Бат-Эрдэнэ даруухан, инээгээд явж байдаг хөвгүүн байсныг хэллээ. Тэрээр Замын цагдаагийн албанд мөрдөн байцаагчаар ажиллаж, одоо тэтгэвэртээ гарсан ч өмгөөлөгчөөр ажилладаг байна. Харин Д.Бат-Эрдэнэ тогооч мэргэжилтэй. Аялал жуулчлалын компанид мэргэжлээрээ ажилладаг ажээ. Эрдэнэчимэг, Ундрах нар сургуулийн өмнөх боловсролын салбарт ажилладаг байна.

Д.Хүрэлбаатар, Д.Сүхбаатар гэх хоёр ихэр ах дүү хоёр эдний ангид суралцаж байсан гэнэ. Д.Хүрэлбаатар нь инженер болж, “Сайн” констракшин компани байгуулж, олон сайхан байшин барилга барьж, улс орондоо хувь нэмрээ оруулаад явж байна гэдгийг ангийн охин Ё.Гэрэлмаа дурсан ярилаа. Д.Амарбаясгалан “Цэц говь” хэмээх компанид инженерээр ажилладаг байна. Ангийнхан нь эрэгтэй, эмэгтэй барилгын инженерээрээ бахархаж явдаг гэнэ.

Ё.Гэрэлмаа харин ангийн дарга. “Түүний үгэнд ангийнхан сайн ордог. Ангийн дарга мягмар, баасан гаригт ариун цэвэр шалгадаг. Бүгд гараа ширээн дээрээ тавьж, хумсаа харуулна. Нарийн үзвэл үс цэвэрхэн байна уу гэдгийг хүртэл шалгана. Мөн хувцасны оёдлыг ч шалгаж байсан удаатай. Гутлын алчуур, нусны алчуураа ч шалгуулна шүү дээ” гэж ирээд л Д.Хүрэлбаатар дурсав. Ангийн дарга нь одоо Чех улсад байдаг гэнэ.

Ангийн охидын хамтлаг нь ямар нэг албан газрын концерт болохоор очиж, дуулж, бэлэг авдаг байжээ. “Ажил хийвэл ам тосдоно” гэгчээр авсан бэлгээ ангиараа хувааж хүртээд хөөр хөгжөөн болдог байж.

Ангийн хүү Б.Нэмэхбаярын аав нь сургуулийн эрхлэгч нь байжээ. Одоо тэрээр “Петровис” компанид ажилладаг.

Наймдугаар ангидаа долоо хоног бүр бүлгийн ажил гэж хийнэ. Нэг удаа бүлгийн ажлынхаа урилгыг Монгол хэл, уран зохиолын багшдаа Д.Амарбаясгалан хүргэж өгсөн гэнэ. Багшдаа өгчихөөд буцаж гарах гэсэн чинь “Хүүе, Амарбаясгалаан би танай ангийн бүлгийн ажилд оролцохгүй гэжээ. Гэтэл багшаасаа “Яасан юм бол” гэж асууж чадахгүй зогсож байтал “Урилгаа унш даа” гэхээр нь уншжээ. Д.Амарбаясгалан “Яасан юм бол доо” гэж бодлогошрон зогсоход багш нь “Чи ойлгохгүй байна уу” гэжээ. Тэгсэн багш нь “Урья гэж бичиж үү, уръя гэсэн байна уу” гэхээр нь харсан чинь зөөлний тэмдэгний оронд хатуугийн тэмдэг бичсэн байсныг анхааруулж хэлсэн байна. Үүнээс ангийнхан зөв бичих дүрмээ ягштал уншиж, цээжилж, одоог хүртэл алдаагүй бичдэг гэнэ. Монгол хэлний багш Цэрэндорж нь цээж бичиг их хийлгэж, ном уншуулдаг байж. Түүний ачаар зөв бичгийн дүрмийг цээжилж их сайн чадвартай болцгоожээ. Монгол хэлээ сайн сурах ёстой гэдгийг анхааруулдаг байсан. Хэллэг сайжруулахын тулд түргэн хэллэг их уншуулж байсан гэж ангийнхан дурслаа. Эдний ангийнхан удахгүй бүгдээрээ уулзаж бага насныхаа өдрүүдийг баахан дурсацгаах юм байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *