Categories
мэдээ цаг-үе

Б.Майцэцэг: Удаан хугацаанд депресстэй явах нь амиа хорлолтын гол шалтгаан болдог

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Эрүүл мэндийг дэмжих, өвчнөөс урьдчилан сэргийлэх албаны эрдэм шинжилгээний ажилтан Б.Майцэцэгтэй ярилцлаа.


-Стресст орсон хүний сэтгэхүй, эрүүл мэндэд ямар өөрчлөлт гарах вэ?

-Стресс гэдэг нь гадны болоод дотоод хүчин зүйлийн нөлөөллийн эсрэг бие болон оюун санааны хариу үйлдэл хэвийн байдлаасаа давж гарахыг хэлнэ. Стрессийг эерэг ба сөрөг гэж ангилдаг. Жишээ нь, жолоо бариад явж байхад гэнэт машины урдуур хүүхэд гараад ирвэл агшин зуур тоормосоо гишгэдэг. Энэ нь эерэг стрессийн хариу үйлдэл юм. Өөрөөр хэлбэл, хүүхдийг зам тээврийн ослоос, өөрийгөө хэрэг зөрчлөөс хамгаалсан. Ийм урвал биед дахин дахин үүсэх, удаан хугацаанд хадгалагдах юм бол сөрөг стресс болж хувирдаг. Стресс орсон тохиолдолд хүний бие, сэтгэхүй, зан үйлд өөрчлөлт ордог. Энэ үед хүний бие махбодид кортизол гэх даавар ялгарч хөл, гар хөлрөх, ходоод гэдэс хямрах, зүрх хурдан цохилох, амьсгал давчдах зэрэг биеийн өөрчлөлтийн шинж тэмдэг илэрнэ. Зан үйлийн хувьд яарамтгай, уцаарламтгай, бусадтай харьцаа муутай, орчиндоо сонирхолгүй, зожиг болдог. Энэ яваандаа ажлын бүтээмж, амьдралын сайн сайхан байдалд сөргөөр нөлөөлж эхэлдэг. Дэлхийн нийт хүн амын дөрвөн хүн тутмын нэг нь сэтгэцийн ямар нэг эмгэгт нэрвэгдэж байгаагаас гадна хөдөлмөрийн чадвар алдалтад хүргэдэг 10 өвчний тавд эрэмбэлэгддэг.

-Стрессийг нэгээс нөгөөд халдварладаг гэж ойлгох нь зөв үү. Хажууд хэн нэгэн бухимдахад дагаж хямрахыг халдвар гэж хүмүүс ойлгоод байх шиг байна?

-Стрессийг халдварладаг гэх нь өрөөсгөл ойлголт. Тухайн хүнд стресс үүсэх нөхцөл байдал бий болоход өөрийгөө хамгаалах, сэргийлж чадвал заавал хажууд байгаа хүнийхээ стресст автаж бухимдах хэрэггүй. Хажууд хүн стресстэй байна гэдэг нь тухайн хүний гадны хүчин зүйл юм. Энэ гадны хүчин зүйлийг зохицуулж чадвал урьдчилан сэргийлж байна гэсэн үг.

-Өөрийгөө стресстэхээс урьдчилан сэргийлэх ёстой гэж ойлголоо. Уншигчдад зөвлөгөө болгож хэлбэл ямар аргуудыг хэрэглэж болох вэ?

-Нэг үеэ бодвол хүмүүс өөрийн эрүүл мэнддээ анхаардаг болсон. Энэ жилээс дунд сургуулийн сурагчдад сэтгэцийн эрүүл мэнд, хорт зуршлын хор хөнөөл, түүнээс сэргийлэх тухай хичээл орно. Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс жил болгон “Оюутны эрүүл мэндийг дэмжих сар” аяныг зохион байгуулдаг. Мөн албан байгууллагуудад “Стресс менежмэнт” сургалт явуулдаг. Сэтгэцийн эрүүл мэнд гэдэг биеийн эрүүл мэндтэй адилхан чухалчилж авч үзэх асуудал. Хүмүүс эрүүл мэнддээ анхаарч, асуудал гарвал сэтгэл зүйчид хандах хэрэгтэй. Ялангуяа эрэгтэйчүүд бухимдлаа тайлах гэж хорт зуршилд автах, архи тамхи хэрэглэх байдлаар буруу замаар тайлдаг. Эмэгтэйчүүдийн хувьд стресст орох нь элбэг ч гаргах чадвар нь илүү байдаг. Тиймээс сэтгэл зүйн боловсрол гэдэг чухал. Бухимдалд орсон үедээ наад зах нь зөв амьсгалын дасгал хийх хэрэгтэй. Биеэ суллаж, нүдээ анин орчноос түр зуур өөрийгөө чөлөөлж, зөв гүнзгий амьсгалснаар жирийн үеэс хоёр дахин их хүчилтөрөгчийг авдаг. Хүчилтөрөгчийн хэмжээ ихсэхээр агшсан судас тэлж, зүрхний цохилт хэвийн болж амьсгал тогтворждог. Таван минутын дасгалыг бухимдсан үедээ амьсгалаа зөв авч, гаргавал тэрхэн зуурын стресс үүсгэж байгаа зүйлээс өөрийгөө чөлөөлж болдог. Үүнээс гадна хүн зөвхөн ажил гээд яваад байх биш, чөлөөт цагаараа сонирхсон зүйлээ хийж хэвших нь сэтгэцийн эрүүл мэндэд эерэгээр нөлөөлдөг. Ямар нэгэн ижил хоббитой хүмүүстэй нэгдэх, урлаг, спорт, олон нийтийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцох, өөртөө шинэ зорилго тавих, өөрийгөө хөгжүүлэхэд анхаараарай. Иог бясалгал, алжаал тайлах төвүүд, сэтгэл зүйн төвүүд олон болжээ. Энэ мэт газруудад үйлчлүүлэх нь зүйтэй болов уу гэж бодож байна.

-Байнгын стресстэй байх нь эрүүл мэндэд яаж нөлөөлөх вэ. Стресс хүндэрснээр депресс үүсдэг. Энэ нь ямар үр дагавартай вэ?

-Эхлээд нойрны асуудал үүснэ. Шөнө амарч чадахаа больж, өглөө эрт сэрдэг болно. Энэ байдал нэг сар хүртэлх хугацаанд үргэлжилбэл сэтгэцийн эмчид заавал хандах хэрэгтэй. Ингэж хүндрэхээс нь өмнө сэтгэл зүйчид хандаж болно. Хүмүүс юу юугүй нойрны эм хэрэглэдэг нь буруу. Үүнээс гадна цусны даралт ихсэх, чихрийн шижин, дархлааны өвчнүүд, ходоодны шарх, зарим төрлийн хавдар өвчнүүд стрессээс үүдэлтэй. Стресс хүндэрснээс сэтгэл гутрал буюу депрессийг бий болгодог. Залуучууд сэтгэл зүйчид хандалгүй удаан хугацааны турш дарамтад явснаар амиа хорлох тохиолдол нэмэгдэж байна. Энэ бол зайлшгүй анхаарах, урьдчилан сэргийлэх ёстой асуудал. Энэ чиглэлээр зөвлөгөө өгөх төвүүд шаардлагатай байна. Удаан хугацаанд депресстэй явах нь амиа хорлолтын гол шалтгаан болдог. Мөн хорт зуршилд автах, гэмт хэрэг үйлдэх зэрэг нийгмийн сөрөг үр дагаварт хүргэдэг.

-Хүмүүс голчлон юунаас болж стресстэж байгааг товчхон хэлэхгүй юу. Мэдээж замын түгжрэлээс эхлээд олон зүйлийг дурдах байх?

-Улаанбаатарт амьдарч байгаа болон орон нутагт амьдарч байгаа хүмүүсийн хооронд сэтгэцийн эрүүл мэндийн ялгаа их бий. Өргөн уудам нутаг, цөөхөн хүн амтай хэрнээ нэг газарт хэт их төвлөрсөн хотжилтоос болж хүмүүс бухимдаж байхад хөдөөд эсрэгээрээ эзгүйрч хүн бүл цөөрөх, ганцаардах үзэгдэл нэмэгдсээр. Хотжилт яаж эрүүл мэндэд нөлөөлдгийн жишээгээр Хонгконгийг дурдаж болно. Энд шөнийн амьдрал өглөө болтол үргэлжилдэг. Гудамжны гэрлүүдийг хар хөшгөөр хаасан ч дуу шуугиан тасардаггүй. Тиймээс шөнө шуугианаас болж унтаж чадахгүй нойрны асуудалд орсон хүмүүс их байдаг. Хотын хөгжил эргээд хүмүүсийн оюун сэтгэхүйд ачаалал болж байна. Үүнийг өөрөө даван туулах уу, эсвэл бууж өгөх үү гэдэг нь тухайн хүнээс өөрөөс нь шалтгаалдаг. Хүний биеийн эрүүл мэнд асуудалтай байвал стресст амархан өртөмтгий байдаг. Хэрвээ бие, сэтгэхүйн хувьд эрүүл бол аливаа асуудлыг даваад гардаг. Гэхдээ хүүхэд, залуучууд, настнууд зэрэг нас биеийн онцлогоос шалтгаалж стрессийг даван туулах чадвар ялгаатай байдаг. Хүнийг өөрчлөхөөс илүү өөрийгөө өөрчлөх амархан. Тиймээс хэн нэгний стрессийг өөртөө хүлээн авалгүй зохицуулж сурах хэрэгтэй. Хаана хаанаа зохицуулалт дутагдсанаас л болдог. Ажлын байранд удирдлагын соёл, хамт олны уур амьсгал, ажлын орчин нөхцөл, цалин хангамж гээд олон хүчин зүйл нөлөөлдөг. Хүн ажлын орчинд өдрийн хамгийн бүтээмж ихтэй найман цагийг өнгөрүүлдэг.

-Тэгэхээр ажлын орчин чухал юм аа даа?

-Тийм. Ажлын байр орчны хувьд эрүүл, оюун санааны хувьд ч эрүүл байх ёстой. Энэ зүйлүүдийг шийдчихвэл хүн бүхэн стресстээд байхгүй. Монгол Улсад одоогоор нийтийг хамарсан сэтгэцийн эрүүл мэндийн томоохон судалгаа хийгдээгүй байна. 2013 онд Сэтгэцийн эрүүл мэндийн төвөөс сэтгэцийн эрүүл мэндийн судалгаа хийсэн. Нийт судалгаанд оролцогчдын 18.5 хувь нь сэтгэл түгшилтийн хам шинжтэй, 17.1 хувь нь нойрны эмгэгтэй, 16.2 хувь нь мэдрэл сульдах хам шинжтэй, 4.4 хувь сэтгэл гутрах эмгэгтэй байсан. Сэтгэцийн эрүүл мэндийн үйлчилгээ авч буй иргэдийн дийлэнх нь ажлын байрны стресс, нийгмээс ялгаварлан гадуурхал, хүчирхийлэлд өртсөн хүмүүс байдаг. Ялгаварлан гадуурхалт нь ойр дотныхонтойгоо ярилцахаас эмээх, нийгмийн идэвхтэй харилцаанаас татгалзахад хүргэдэг.

Э.ЯНЖМАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *