Ус сувгийн удирдах газар нь Улаанбаатар хотын хүн амыг унд ахуйн усаар хангаж, гарсан бохир усыг нь татан зайлуулах эрхэм үүргийг хүлээн ажилладаг. Улаанбаатар хотын хүн амыг унд, ахуйн цэвэр усаар хангадаг 619 км шугам сүлжээ байдгаас 310 км нь ган, шилээр хүчитгэсэн хуванцар, 251 км нь хуванцар, 40 км нь ширмэн материалаар хийгдсэн байдаг.
Эдгээр шугам сүлжээ нь 1959 оноос хойш ашиглагдаж ирсэн 50-60 жилийн насжилттай болж, шугам сүлжээнд гэмтэл саатал ихээр гарч байна. Иймээс цэвэр усны шугамыг сэргээн засварлах шаардлага зүй ёсоор тулгарч байгаа учраас эдгээр шугам сүлжээг шуудуу ухалгүйгээр шинэчлэн засварлах Дэлхийн тэргүүний технологийг Монгол Улсад анх удаа нэвтрүүлэх ажлыг эхэлж байна.
Энэхүү төслийг Австри улсын Засгийн газрын 7 сая еврогийн хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлж, тус Улсын RTI компани машин механизм, тоног төхөөрөмж, шугам доторлох багаж хэрэгсэл, материал зэргийг ханган нийлүүлсэн.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Австри Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд энэ төсөл хэрэгжиж байгаа. Улаанбаатар хотын иргэдийг цэвэр усаар хангах, шугам сүлжээг цэвэрлэх ажилд шинэ техник технологийг нэвтрүүлж байгаагаараа энэ төслийн онцлог оршиж байна. Зун бүр гудамж, замыг ухаж, сэтэлж иргэдийн бухимдлыг төрүүлдэг байсан. Шинэ технологийг нэвтрүүлснээрээ зун бүрт суваг, шуудуу ухаж дэд бүтцээ эвдэхгүй байх боломжтой болж байна.
Мөн зарим орон сууцны хорооллын ундны ус зэвтэй гарч байгаа нь иргэдийг бухимдуулж байгаа. Энэ төслийг хэрэгжүүлснээр ундны усыг эх үүсвэрээсээ хэрэглэгчид хүртэл ямар нэгэн завсрын бохирдолгүйгээр хүргэх бололцоотой. Цаашдаа бид орон сууцны хороолол дундах шугамыг стандартад нийцсэн цайртсан, ган шугам ашиглуулах шаардлагатай байгаа” хэмээлээ.
Шугам хоолойг шуудуу ухалгүй доторлох шинэ технологи болохClose Fitболон CIPP(Cured In Place Pipe) арга нь зам талбайг гэмтээж хөндөлгүй, газар шорооны ажил хийлгүйгээр шугаман дээрх хоёр худгийн хооронд полиэтилин резинэн материалыг шугаман дотор сүвлэж доторлоно.
Үүнд:
ØШугамын ашиглалтын хугацааг нэмэгдүүлнэ
ØУсны алдагдлыг бууруулна
ØТүгээх шугамын усны чанар дахь механик нөлөөг багасгана
ØШугамын даралтыг нэмэгдүүлж цахилгааны зардлыг бууруулна
ØЗам талбай, ногоон байгууламжийг сүйтгэхгүй, газар шорооны ажил хийгдэхгүй учраас Байгаль орчин ээлтэй зэрэг ач холбогдолтой.
Ус сувгийн удирдах газрын холбогдох ажилтнууд Австри улсад энэхүү шинэ техник технологийг эзэмших сургалтанд хамрагдаж шинэ дэвшилтэт технологи эзэмшсэн. Үүний зэрэгцээ Австри улсын “RTI”компанийн мэргэжилтнүүд шугам угсралт суурилуулалтын үед талбайн сургалтыг зохион байгуулж, ажлын явцад хяналт тавьж, зөвлөгөө өгөн ажиллаж байна.
Уг төслийн хүрээнд 20 км гаруй цэвэр усны шугам сүлжээг доторлох төлөвлөгөөтэй байгаа бөгөөд энэ онд Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо Сөүлийн гудамжны 1.7 км орчим цэвэр усны ширмэн шугамыг доторлож засварлана.
Цаашид Ус сувгийн удирдах газар нь шугам доторлох дэвшилтэт техник технологийг нутагшуулан өөрсдийн хүчээр дээрх машин механизм, тоног төхөөрөмжөө ашиглан Улаанбаатар хотын цэвэр усны гол шугам сүлжээг доторлох ажлаа үе шаттайгаар хийнэ.
“Өнөөдөр нээж буй энэ төслийг цаашид манай шилдэг сайн нженерүүд аваад явах болно. Бид бүхэн 619 км үргэлжлэх шугаман дээр энэ ажлыг хийнэ гэж төлөвлөсөн. Цаашид бохирын шугаман дээр бас хийнэ. Урд нь шуудуу ухахаас эхлүүлээд газар шорооны ажилд өндөр зардал гардаг байсан. Энэ зардал нэг дахин багасна” хэмээн УСУГ-ын дарга Ц.Төрхүү ярилаа гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.