Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Владивосток хотноо өнөөдөр эхэлж буй “Дорнын эдийн засгийн чуулга уулзалт”-д оролцож байна.
Чуулга уулзалтын үеэр БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхсан юм. Энэ үеэр Ерөнхийлөгч монголын залуу зураачдын уран бүтээлээс үзүүлэн нөхөрсөг яриа өрнүүлжээ.
Ноён Ли Наг Ён залуу зураач н.Лхамсүрэнгийн “Намар” нэртэй уран зургийг сонирхсон байна. Ерөнхийлөгч Х.Баттулга түүнд тус зургийг бэлэглэжээ.
Ли Наг Ён нь БНСУ-ын 45 дахь Ерөнхий сайд юм.
- 2010-2011 онд Желла мужийн Ардчилсан намын дарга, Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга
- 2012-2014 онд Үндэсний Ассамблейн гишүүн
- 2014-2017 онд Өмнөд Желла мужийн захирагчийн албыг хашиж байсан.
Тэрбээр зарчимч, төрийн албан хаагчид болон хамт ажиллагсаддаа өндөр шаардлага тавьдаг. Асуудлыг шийдвэрлэхэд яриа хэлэлцээг чухалчилдаг байна. 20 гаруй жил хэвлэл мэдээллийн салбарт ажилласан туршлагатай түүнийг “үг хэллэгийн их мастер” гэж ярьдаг аж.
|