Categories
мэдээ нийгэм

Б.Алтанцэцэг: Багшийн цалинг 15 хувиар нэмэгдүүлэхийг шаардаж байна

Монголын боловсрол, шинжлэх ухааны Үйлдвэрчний эвлэлийн холбооноос Сүхбаатарын талбайд багш нарын цалинг 15 хувиар нэмэхийг шаардаж суулт хийлээ.

Монголын боловсрол, шинжлэх ухааны Үйлдвэрчний эвлэлийн холбооноос Сүхбаатарын талбайд багш нарын цалинг 15 хувиар нэмэхийг шаардаж суулт хийлээ.

Багш нар эхний ээлжинд 15 хувиар нэмээд цаашдаа 35-аас 50 хувиар шат дараатай нэмэхийг шаардаж байгаа юм.

Энэ талаар 58-р сургуулийн багш Б. Алтанцэцэгээс тодрууллаа.

-Засгийн газар цалинг найман хувиар нэмсэн шүү дээ. Одоогоор үүнээс илүү нэмэх боломжгүй гэсэн. Гэтэл яагаад нэмэхийг шаардаад байгаа юм бэ?

Цалин нэмэх боломжтой гэдгийг судалж үзсэний үндсэн дээр бид шаардлагаа хүргүүллээ. Засгийн газар, Боловсролын сайд худлаа мэдээлэл тарааж иргэдийн тархийг угааж байна. Ажил хаялт зогссон, бид цалинг хангалттай нэмсэн гэх мэтчилэн мэдээлэл тараасан. Худал учир ажил хаялт үргэлжилсээр байгааг та бүхэн харж байна.

-Цалин нэмэхгүй бол яах вэ?

Нэмэх хүртэл нь жагсаалаа үргэжлүүлсээр байх болно. Цалин нэмэхгүй гэсэн ойлголтыг бид хүлээж авахгүй. Нэмнэ гэдэгт бид бат итгэлтэй байна.

-Үүний цаана хүүхдийн эрх ашиг зөрчигдөж байна. Багш нар хүүхдийн эрхийг хамгийн түрүүнд тавих ёстой биз дээ?

-Мэдээж хэрэг хүүхдийн эрх зөрчигдөж байгаа. Гэхдээ бид хүүхдийн эрх ашиг, төр засгийн боломж бололцоог олон жил харж, хүлээлээ. Төр засаг хүүхдийн эрх ашгийг боддог байсан бол эхлээд сурагчийн сурах бичгийг хангалттай бэлдэж өгөх байсан. Бид хүүхдүүдийн гэрийн даалгаврын материал, зарим номын хуудас зэргийг хэвлэж тараадаг. Өнөөдөр боловсролын салбар үнэлэмж маш муу байна.

-Ажилт хаялт зарлаад байгаа багш нарын оронд цалингаа голохгүй ажиллая гэсэн багш нар зөндөө байна гэсэн мэдээлэл байгаа?

-Энэ бол худлаа. Монголд багшийн орон тоо маш их. Ирж ажиллаж байгаа багш нар алга. Наад зах нь багшлах эрхийн шалгалтандаа тэнцээгүй хүмүүс их байна. Энэ хүмүүс багшилж чадах уу. Ямар ч туршлага, мэдлэггүй хүмүүс л байгаа.

Багшийн сургуульд хамгийн бага оноотой хүүхдүүд суралцаж байна. Энэ бол эмгэнэл. Яагаад гэвэл багшийн цалин бага байгаатай холбоотой.

-Хүүхдүүд хоцорсон хичээлээ яаж нөхөх вэ?

-Бид илүү цагаар ажиллаж байгаад нөхнө. Эртхэн нэмсэн шиг нэмчихсэн бол хүүхдийн эрх ашиг хохирохгүй, бидний ажил удаашрахгүй байх байсан. Бид эрх ашгийнхаа төлөө, хуулийн дагуу жагсаалаа үргэлжлүүлсээр байх болно. Жагсаал цуглаан хийж, цалингаа нэмэхийг шаардаж байна гэдэг бол бид эрхээ эдэлж байгаагийн нэг илрэл гэдгийг хүмүүс ойлгоосой гэж хүсэж байна гэв.


Цуглааныг зохион байгуулагчдаас ажил хаялтыг удаан үргэлжлүүлэх хүсэл багш нарт байхгүй гэдгийг илэрхийллээ. Ажил хаялтын хүрээнд тавьсан шаардлагыг талууд зөвшилцөлд хүрвэл ажил хаялт зогсож хүүхдүүд хичээлдээ явах боломж бүрдэнэ.
Энэхүү ажил хаялтад өнөөдрөөс хөдөө орон нутгийн сургуулиуд нэгдэв. Нийт 174 сургууль ажил хаяхаа мэдэгдээд байгаа аж. Мөн ажил хаялтад оролцож буй сургуулиудын багш нарыг дарамтлахгүй хуулийн хүрээнд хүлээн зөвшөөрөх хэрэгтэй гэдгийг ч онцолж байлаа. Тэд салбарын сайд нь гадаадад томилолттой, холбогдох албан тушаалтнууд тэднийг хүлээн авч уулзахгүй байгааг хэлэв.

Жагсаалд оролцогчид “цалин нэм, цалин нэм, цалин нэм…” хэмээн нэгэн зэрэг шаардлага тавьж байсан юм. Хойд Солонгосын барилгын ажилтан 500 ам.доллар авч байхад манай багш 200 ам.долларын цалинтай гэж цуглаанд оролцогчид болон Монголын боловсрол, шинжлэх ухааны ҮЭХ, Боловсрол, шинжлэх ухааны салбарын ажилтнуудын ажил хаялтыг удирдан зохион байгуулах ажлын хэсгээс Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт шаардлага хүргүүлж байгаагаа сонордууллаа.

Уг шаардлагад, 2018 оны есдүгээр сарын 03-ны өдрөөс Боловсрол, шинжлэх ухааны салбарын ажилтнуудын хугацаагүй ажил хаялтанд төв, орон нутгийн 130 гаруй сургууль цэцэрлэг оролцож байна. Бид цалин хөлсийг нэмэгдүүлэх асуудлаар УИХ, Засгийн газар, БСШУСЯ-нд дараах шаардлагыг хүргүүлээд байгаа. Үүнд:

1.2018 оны улсын төсөвт тодотгол хийж, БШУ-ы салбарын ажиллагсадын үндсэн цалинг 15 хувиар 2018 оны есдүгээр сарын 01-ний өдрөөс нэмэгдүүлэх,

2. 2018 оны улсын төсөвт тусгагдсан төсвийн байгууллагуудын ажиллагсадын бодит орлогыг нэмэгдүүлэх 56,6 тэрбум төгрөг болох 300 мянган төгрөгийн мөнгөн урамшууллыг 10 дугаар сарын 1-ний өдрөөс олгох

3. 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс БШУ-ы салбарын ажилтнуудын үндсэн цалинг 50-иас доошгүй хувиар нэмэгдүүлэх

4. Ажил хаялтанд оролцсон нийт багш, ажилтнуудын цалин хөлсийг бүрэн олгох гэсэн шаардлага багтжээ.

Уг шаардлага, санал дүгнэлтийг Засгийн газрын хуралдаанаар яаралтай хэлэлцүүлж, шийдвэрлэх арга хэмжээ авахыг шаардсан байна.

хэлж байлаа.

Б.ОЮУНЖАРГАЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *