Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар 9 дүгээр сарын 5-ны өдөр Фэйсбүүк компанийн Ази, Номхон далайн бүсийн Хонг Конг, Тайвань, Монгол Улсыг хариуцсан захирал Жорж Чен тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.
Сайд Д.Цогтбаатар Монгол Улсыг сурталчлахад цахим медиа, олон нийтийн сүлжээг түлхүү, үр өгөөжтэй ашиглах, мэдээллийн үнэн бодит байдал болон аюулгүй байдлыг хангахад анхаарч байгаагаа дурдаад хамгийн анхны e-chembassy буюу цахим элчин сайдын яам, худалдааны тэнхим байгуулах чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа онцлов.
Фэйсбүүк компанийн Ази, Номхон далайн бүсийн Монгол Улсыг хариуцсан захирал Жорж Чен Монгол Улсын Фейсбүүк хэрэглэгчдийн тоо жил ирэх тусам өсөн нэмэгдэж байгааг дурдаад гадаад харилцаа, гадаад сурталчилгааг хөгжүүлэхэд хамтран ажиллах боломжтойг онцлон тэмдэглэсэн байна. Түүнчлэн Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарыг боломжтой үедээ АНУ-ын Калифорни мужид байх Фейсбүүк компанийн төв оффист зочилж, ажилтнуудад нь лекц уншихыг урилаа.