Хятад, Өвөрмонголын соёл, аялал жуулчлалын өдрүүд өнөөдөр эхэлж байна. Энэ удаагийн соёл, аялал жуулчлалын өдрүүдийн арга хэмжээг “Хятад орныг танин мэдэх” гэсэн уриатайгаар хоёр улсын Элчин сайдын яамд, Хятадын төрийн зөвлөлийн хэвлэл мэдээллийн алба болон Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, хэвлэл мэдээллийн байгууллагууд хамтран, дэмжиж зохион байгуулах юм. Уг арга хэмжээний гол зорилго нь хоёр улсын хүмүүнлэгийн харилцаа хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, Хятадын соёлтой танилцах, хоёр талын найрамдлыг зузаатгахад чиглэж байгаа ажээ.
Тав хоногийн турш үргэлжлэх соёл, аялал жуулчлалын өдрүүдийн хүрээнд үзэсгэлэн, уран сайхны тоглолт, кино өдөрлөг, хоёр улсын эмч нарын үнэгүй үзлэг оношлогоо, тэмцээн уралдаан зэрэг өргөн цар хүрээг хамарсан гурван хэсгээс бүрдэх 11 цогц арга хэмжээг зохион байгуулах юм байна. БНХАУ-ын соёлын өдрүүд Монгол Улсад жил бүр зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ удаа соёлын өдрүүдийг аялал жуулчлалтай хослуулж хийж байгаагаараа онцлогтой гэдгийг албаныхан онцлов.
“Хятад орныг танин мэдэх” – Хятад, Өвөр монголын соёл аялал жуулчлалын өдрүүдийн хүрээнд нийслэлийн кино театруудад Хятадын орчин үеийн шилдэг уран сайхны 10 киног үзэгчдийн хүртээл болгох юм байна. Мөн Сычуаний “Цагаан могойн домог” жүжгийг тайзнаа тавих аж. Түүнчлэн есдүгээр сарын 6, 7-нд Өвөрмонголын ХААИС болон Монгол Улсын ХААИС хамтарч экологийн соёл иргэншлийн тухай лекц, “Байгаль дэлхийгээ хамгаалъя: Хятадын Өвөрмонголын цөлжилтөөс сэргийлж зассан практик” үзэсгэлэн, ШУТИС Өвөрмонголын Аж үйлдвэрийн их сургууль хамтарч технологийн инноваци сэдэвт лекц үзэсгэлэнг ту тус зохион байгуулах юм байна.
Соёл, аялал жуулчлалын өдрүүдийн хүрээнд хоёр улсын эмч нар үнэ төлбөргүй оношлогоо хийж, ном хэвлэл, аялал жуулчлалын танилцуулга, их, дээд сургуулиуд хоорондын солилцоо, спортын тэмцээн, хэвлэл мэдээллийн солилцоо зэрэг арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөжээ.