Categories
мэдээ нийгэм

Г.Адъяа: Багш нар ажил хаялтаа үргэлжлүүлнэ

Өнөөдөр Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос багш нарын ажил хаялтын талаар хэвлэлийн хурал хийлээ.

Энэ талаар Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаГ. Адъяагаас тодрууллаа.

-Багш нарын ажил хаялт тогтсон хязгаарыг даваад байгаа юм биш үү. Ажил хаялтаас болж хүүхдийн эрх ашиг зөрчигдсөөр байх уу?

-Хөдөлмөрийн хуулийн 10 бүлгээр тийм хязгаарт ажил хаяна гэдгийг хуулиар зохицуулаагүй. Олон улсын хуулиар ч мөн адил. Ямар үед ажил хаялтанд хүрч болох вэ гэдгийг хөдөлмөрийн хуулийн 119-р зүйлд зааж өгсөн байдаг. Ажил хаялт эхлэх мэдэгдэл авсан ажил олгогч нар нийгмийн амгалан тайван байдал, хүүхдийн аюулгүй байдлыг хангах бүх арга хэмжээг авсан байх ёстой. Яагаад гэвэл ажил хаялтанд нэгдэнэ гэдгээ хуулийн хугацаанд мэдэгдчихээр хэрэглэгчийн хооронд ямар нөхцөл байдал үүсэхээс сэргийлж чадна.

-Нийслэлийн хэмжээнд нийт хэдэн сургууль, цэцэрлэг ажил хаясан бэ?
-Нийслэлийн хэмжээний 114 ерөнхий боловсролын сургуулиас 86 сургууль, 192 цэцэрлэгээс 89 цэцэрлэг, Шинжлэх ухааны академийн 12 хүрээлэнгээс 12 хүрээлэн ажил хаяна гэдгээ албан ёсоор сургууль цэцэрлэг,шинжлэх ухааны академи салбарын үйлдвэрчний эвлэлийн холбоогоор дамжуулж бидэнд мэдэгдсэн.

-Ямар тохиролцоонд хүрсний дараа ажил хаялт зогсох вэ?

– Цалин хөлсийг нэмэгдүүлэх саналыг Засгийн газарт удаа дараа хүргүүлсэн. Энэ хүрээнд найман хувийн нэмэлт үүсгэх шийдвэрийг хэлэлцээрээс гадуур гаргасан. Салбарын хэмжээнд ярилцаад ямар шаардлагыг багш нар гарган түүнийг үйлвэрчний эвлэл төлөөлж оролцоно. Урьдчилсан байдлаар багш нар цалингаа 15 хувиар нэмэгдүүлэх шаардлагыг боловсролын яаманд хүргүүлсэн. Энэ шаардлагыг хүлээж авах хүртэл ажил хаялтаа үргэлжлүүлнэ.

Одоогоор инфляцийн түвшин 40 гаруй хувиар өссөн. Гэтэл багш нарын цалинг найман хувиар нэмэх болсон нь тус салбарынхныг ажил хаялтын хэлбэр рүү шууд түлхэн оруулж байна. Хэрвээ жил бүхэн инфляцийн хувь хэмжээг харгалзаад цалин хөлсийг нэмэгдүүлдэг байсан бол ийм өндөр хэмжээний хуримтлал үүсэхгүй байх байсан.

-Цалингаа олигтойхон нэмбэл чанартай хичээл заана гэж багш нар ярьж байна. Тэгвэл одоо чанаргүй боловсрол олгоод байгаа юмуу?
-Боловсролын салбарыг тэргүүлэх салбар байлгахын тулд багш нарын цалинг зохистой түвшинд шийдэж өгөх ёстой. Чанаргүй боловсрол олгож байж цалин ярилаа гэж биднийг шүүмжилж байна. Чанартай боловсрол байхгүй байхад одоогийн цалинтайгаа байж л байг гэж хэлж болохгүй. Боловсролын сайдын хэлж байгаагаар гудамжаар дүүрэн багшийн сургууль төгссөн хүн байна гэх юм. Энэ бол харин ч эсрэгээрээ чанарыг нь улам доошлуулж буй хэрэг.

Харин ажиллаж байгаа багш нараа улам сайжруулаад цалин хөлсийг нь нэмэгдүүлэх ёстой.

-Орон нутгаас хэдэн сургууль ажил хаялтанд нэгдсэн бэ?

-Энэ чиглэлээр хоёр ажлын хэсэг ажиллаж байна. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээллийг удахгүй өгнө.

Б.ОЮУНЖАРГАЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *