Монголын Уулчдын Үндэсний Холбоо /МУҮХ/-ны багийн тамирчид Азийн ХYIII спортын наадмын Спорт авиралтын төрөлд анх удаа амжилттай оролцоод ирлээ. Спорт авиралтын төрөл нь Азийн наадмын хөтөлбөрт анх удаагаа багтаж байгаа бөгөөд Токиогийн 2020 оны зуны Олимпийн төрөлд албан ёсоор шинээр орсон юм. Манай улсын Спорт авиралтын тамирчид анх удаагаа дөрвөн жилд нэг удаа зохион байгуулдаг уг наадамд оролцсон нь спортын түүхэнд нэгэн шинэ хуудсыг нээлээ. Энэ удаагийн тэмцээнд Монгол Улсаа төлөөлж багийн бүрэлдэхүүнд Б.Эрдэнэчимэг (Багийн ахлагч, МУҮХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга), Н.Хэрлэн (ОУХМ Говь-Алтай аймгийн Тонхил сум, Уулын спортын ууган мастер Я.Жанцангийн нэрэмжит “Сутайн бор” клубийн тамирчин), Б.Ариунбаяр (Спорт авиралтын I зэрэгтэй, Уулын спортын ууган мастер Я.Жанцангийн нэрэмжит “Сутайн бор” клубийн тамирчин, МУБИС-ийн БТС-ийн оюутан) Н.Анужин (УРСА спорт бэлтгэлийн төвийн тамирчин), ОБЕГ-ын Аврах тусгай ангийн аврагч нар хурд хүч, авхаалж самбаагаа сорьж өрсөлдлөө. Тэднийг эх орондоо ирээд байхад нь уулзаж ярилцлаа.
-Юуны өмнө Азийн XVIII наадмын Спорт авиралтын төрөлд амжилттай оролцсонд нийт уншигчдынхаа өмнөөс баяр хүргэе. Энэ удаа Монголын тамирчид анх удаагаа спорт авиралтын төрөлд оролцлоо. Анхдагч байна гэдэг спортын салбарт амаргүй даваа. Ялангуяа өндөр уулын оргилд авиралт хийх үед тэргүүнд яваа тамирчин нь цас хагалж, зам гаргаж явдаг. Энэ жимийг нээсэн нь тамирчдын хувьд нэр төрийн хэрэг байх. Та бүхэн тэмцээнд оролцсон сэтгэгдлээсээ бидэнтэй хуваалцахгүй юу?
Б.Эрдэнэцэцэг: -Энэ удаагийн наадамд МУҮХ баг бүрдүүлж амжилттай оролцоод ирлээ. Сэтгэгдэл их өндөр байна. Азийн наадамд Спорт авиралтын төрөлд анх удаа орж байна. Ганцаарчилсан хурд, багийн хурд, холимог /хурд,техник,боулдринг/ гэсэн үндсэн гурван төрлүүдээр нийт 16 орны 70 гаруй тамирчид өрсөлдлөө. Бид баг тамирчдадаа системтэй, шаргуу бэлтгэл хийх боломж бүрдүүлж өгч чадвал дараа дараагийн тэмцээнд ялангуяа Токио 2020 оны Олимпт амжилттай оролцох боломж байна гэж дүгнэлээ.
Н.Хэрлэн: -Баярлалаа.Танд болон танай сонины хамт олонд багийн хамт олны өмнөөс энэ өдрийн мэнд хүргэе. Аль ч спортод анхдагч байна гэдэг нэг талаасаа хамгийн хэцүү, нөгөө талаасаа тамирчин хүнд ховор тохиох аз гэж багш маань хэлдэг. Энэ удаагийн Азийн наадмын шинэ төрөлд зам гаргаж анхдагч болж багаар оролцсондоо их баяртай байна. Тэмцээний хувьд зохион байгуулалт өндөр сайхан болж өндөрлөлөө.
Б.Ариунбаяр: -Энэ том тэмцээнд оролцох бололцоо олгосон, дасгалжуулсан, тусалж дэмжсэн бүх хүмүүст болон хайртай аав, ээждээ баярласнаа илэрхийлье. Манай баг холимог төрлөөр өрсөлдсөн бөгөөд 19, 20, 23 дугаар байрт жагссан. Медаль болон шагналт байрт орж чадаагүй ч харамсахааргүй их туршлага хуримтлуулсан үр өгөөжтэй тэмцээн боллоо.
Н.Анужин: -Баярлалаа.Азийн XVIII наадамд оролцох болсон тухайгаа анх сонсоод маш их баярласан. Энэ бол миний хувьд алдаж болохгүй том боломж байлаа. Олон улсын тэмцээний анхны гараагаа энэ удаагийн том наадмаар эхлүүллээ. Сэтгэгдэл өндөр байна.
-Тэмцээнд оролцсон бусад орны тамирчдын түвшин ямар байв. Ер нь спорт авиралтаар Азийн тамирчид дэлхийд тэргүүлдэг гэсэн?
Б.Эрдэнэцэцэг: -Япон, БНСУ, БНХАУ болон эзэн орны тамирчид жигд сайн, Индонезийн тамирчид хурдны төрөлд үнэхээр сайн бэлтгэж сүүлийн жилүүдэд маш хүчтэй өрсөлдөгч болсон байна. Наадмын үеэр хэд хэдэн орны дасгалжуулагч нартай танилцаж ажил хэргийн уулзалтууд хийж туршлага судаллаа. МУҮХ-ны багийн хувьд системтэй бэлтгэвэл амжилтаа богино хугацаанд ахиулж чадах юм байна гэсэн сэтгэгдэл төрсөн.
Н.Хэрлэн: -Тийм ээ. Япон, Солонгос, Хятад, Иран зэрэг орнууд Азид төдийгүй дэлхийд эхний тавдугаарт жагсдаг багууд. Топ ангилал руу Индонез улс хүчтэй түрэн орж ирлээ.
Б.Ариунбаяр: -Бусад орны тамирчид сайн байсан. Азийнхан Спорт авиралтын төрлөөр дэлхийд тэргүүлдэг гэдэг нь харагдсан.
Н.Анужин: -Азийн тамирчид Спорт авиралтаар монополь гэж болохоор байсан. Манай улсад хөгжөөд удаагүй, бусад орны тамирчдын түвшинд хүрэх хараахан болоогүй байгаа мэт санагдсан ч хичээгээд зоривол өрсөлдөхүйц хэмжээнд хүрч чадна.
-Саяын Азийн тоглолтод манай тамирчид медальт болон шагналт байрт ороогүй ч тамирчдын хувьд бага гэлтгүй үр дүн гарсан байх?
Б.Эрдэнэцэцэг: -Нэг, хоёрхон жилийн өмнө олон улсын тэмцээнд манай улсын тамирчид авиралтын замын дунд хүрээд буух, 54 секундэд замаа дуусгадаг байсан бол энэ наадамд 13 секундын амжилт үзүүлсэн нь бидний хувьд амжилт гэж үзэж байгаа. Мөн тамирчид өөр өөрийн онцлог болон давуу талд тохирсон төрлийг сонгож дагнан бэлтгэлээ базаах нь чухал гэдгийг ойлгосон.
Н.Хэрлэн: -Бидний хувьд энэ удаа туршлага судлах, ур чадвараа дээшлүүлэх нь гол байлаа. Манай улсын хувьд хөгжиж эхэлж байгаа төрөл юм.
Б.Ариунбаяр: -Маш олон зүйлийг мэдэж авлаа. Жишээ нь, бусад тамирчдын бие халаалт болон авиралтын дараа булчин суллах, авиралтын техник, хувцас хэрэгслээ хэрхэн зохицуулж өмсөх, тэмцээний дүрэм журамд орсон өөрчлөлт гэх мэт. Дэлхийд тэргүүлдэг мундаг тамирчидтай өрсөлдөж, дэргэдээс нь харж урам зориг орж, энэ спортын гайхамшгийг улам ихээр мэдэрлээ.
Н.Анужин: -Баг тамирчдын оролцоо тэмцээнд үзүүлсэн амжилт зэргээс хэн нь ямар дасгал сургуулилтад цаашдаа илүү анхаарч бэлтгэл хийвэл зүгээр вэ гэдэг нь харагдсан.
-Ер нь гадаадад зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээнд оролцох нь амжилтаа ахиулах, өндөр зэрэглэлийн гадаадын тамирчдын туршлага, бэлтгэл сургуулилтаас суралцах гээд олон талын ач холбогдолтой. Гэвч санхүүгийн асуудлаас болж гадаадын уралдаан тэмцээнд манай тамирчид тэр бүр тогтмол оролцож чаддаггүй. Та нарын хувьд санхүүжилтээ хаанаас олж шийдвэрлэж байна вэ?
Б.Эрдэнэцэцэг: -Тийм ээ, аль болох олон уралдаан тэмцээнд тамирчид оролцох тусам амжилт ахина. Бас байнгын бэлтгэл маш чухал. Санхүүжилт бол тамирчин хүн бүрт тулгардаг том асуудал. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг БТСГ-аас энэ удаагийн Азийн наадамд оролцоход санхүүгийн дэмжлэг үзүүлсэнд талархаж байна. Ихэнх гадаад тэмцээн, хамтарсан бэлтгэлд спорт клубүүд болон тамирчид хувиасаа зардлаа гаргадаг.
Н.Хэрлэн: -Б.Ариунбаяр бид хоёрын хувьд бидний харьяалагддаг “Сутайн бор” клуб тэмцээн, бэлтгэлийн зардлыг бүрэн хариуцдаг. МУҮХ дэмжлэг үзүүлдэг болохоор хүндрэл гардаггүй. Энэ завшааныг ашиглаад өөрийн клуб болон МУҮХ-ны хамт олондоо баярлаж явдгаа илэрхийлье.
Б.Ариунбаяр: -Миний хувьд дотоод болон гадаад тэмцээнд оролцоход санхүүгийн ямар ч асуудалгүй оролцдог. “Сутайн бор” клубээс бүрэн дааж хариуцдаг. Энэ бол маш том дэмжлэг. Манай клуб тамирчдаа зөвхөн санхүүгээр бус дасгалжуулалт, сэтгэл зүйн дэмжлэг үзүүлдэг. Тиймээс би энэ клубийн гишүүн болж энэ сайхан хамт олноор хүрээлүүлж байдагтаа өөрийгөө их азтай гэж боддог.
Н.Анужин: -Миний хувьд тэмцээнд оролцох зардлыг хувиасаа өөрөө гаргасан. МУҮХ-ноос мөн санхүүгийн туслалцаа үзүүлсэн. Энэ дашрамд олон улсын тэмцээний гараагаа эхлүүлэхэд минь тусалж дэмжсэн МУҮХ-ны хамт олондоо маш их баярлалаа.
-Төр засгаас спортын салбарт дэмжлэг үзүүлдэг хэдий ч зарим спортын төрөл хаягдаад байх шиг. Тухайлбал, спорт авиралтын төрлийг нэрлэмээр санагддаг. Энэ төрлийг цаашид Монголдоо хөгжүүлэхэд юун дээр анхаарвал зохилтой вэ?
Б.Эрдэнэцэцэг: -Спортын аль ч төрөлд ялангуяа манайх шиг хөгжлийн эхэн үед төрийн дэмжлэг хэрэгтэй байдаг.Спорт авиралт бол маш сонирхолтой төрөл учраас хичээллэдэг хүүхэд, залуучуудын тоо түргэн хурдацтай нэмэгдэж байна. Тийм болохоор төр засгийн зүгээс хэдий бага боловч дэмжин ажилладаг. Зөвхөн спортын амжилт гэлтгүй залуу үеийнхний бие бялдрыг хөгжүүлэх, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх давхар ач холбогдолтой.
Н.Хэрлэн: -Манай спортын хувьд материаллаг бааз их нөлөөлдөг учраас богино хугацаанд амжилт гаргана гэдэг хүнд байдаг. Учир нь зориулалтын стандарт ханан дээр уралддаг болохоор ийм ханагүй бэлтгэл хийгээд амжилт гаргах боломжгүй. Сая Азийн наадмын техникийн бэлтгэлийг БНХАУ-д арав хоног хийсэн. Бидэнтэй зэрэгцэж хэдэн жилийн турш өндөр системтэй бэлтгэл зориулалтын ханан дээр хийж байгаад ирсэн тамирчид гараанд гарч ирж өрсөлдөхөд ямар үр дүн гарч болохыг та бүхэн гадарлаж байгаа болов уу. Гэхдээ бид гар хумхиж суухыг хүсдэггүй. Жишээ нь, хүчний бэлтгэлээ Монголын Хүндийн Өргөлтийн Холбооны Ерөнхий дасгалжуулагч ОУХМ Ц.Хосбаяр багшийн удирдлага дор базааж хананы бэлтгэлийн ачааллыг нөхөх гэж зүтгэдэг. Гэсэн ч “ханагүй” хийсэн бэлтгэлээ ханатай холбож ажиллах туршлага, мэдлэг яалт ч үгүй дутагдаж байна. Төр засаг материаллаг баазаар хангаад өгвөл манай тамирчид тив, дэлхийд өрсөлдөх бүрэн боломжтой гэдгийг Мөсөнд авиралтын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс харж болно. Бид стандарт ханан дээр ОХУ-д хоёр жил бэлтгэл хийж тэмцээнд оролцоод Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс энэ жил анхны мөнгө, хүрэл медалиуд авчирсан.
Н.Анужин: -Тийм шүү.Стандарт бүрэн ханатай болчихвол дэлхийн түвшинд өрсөлдөх боломжтой.
-Токиод 2020 онд болох зуны Олимпийн тоглолтод спорт авиралтын төрлийг анх удаа оруулахаар болсон. Олимпт оролцох бэлтгэл сургуулилт хэр явагдаж байна, ямар бэрхшээл байна вэ ?
Б.Эрдэнэцэцэг: -Олимпийн наадамд шинээр нэмэгдсэн төрөл юм. Хамгийн том бэрхшээл бол стандарт хана. Одоогоор манай тамирчид БНХАУ, ОХУ-ын Спорт авиралтын холбоодын хамтын ажиллагааны хүрээнд жилд 1-2 удаа 7-10 хоногийн хугацаатай хамтарсан бэлтгэл хийдэг. Зарим клубүүд өөрсдийн нөөц боломжоо ашиглан гадаадад илүү олон давтамжтай нэмж хамтарсан бэлтгэл хийж эхэллээ. Манай холбоо стандартад нийцсэн авиралтын хана барьж байгуулах талаар ажиллаж байна.
Н.Хэрлэн: -Өндөр ач холбогдол өгч одооноос бэлтгэл сургуулилтандаа анхаарч байна. Хамгийн том бэрхшээл гэвэл стандарт хана,мөн мэргэжлийн багш, дасгалжуулагч их дутагддаг. Зүйрлэж хэлбэл, хэрвээ би буудлагын тамирчин байлаа гэж бодоход буу байхгүй яаж бэлтгэл хийх билээ.Үүнтэй агаар нэг үүний дараагаар мэргэжлийн багш дасгалжуулагч аль ч спортод амжилтын түлхүүр нь байдаг шүү дээ.
Б.Ариунбаяр: -Спорт авиралт Олимпийн төрөл болсонд баяртай байдаг. Гэхдээ одоогоор Монголд Спорт авиралтын улсын шигшээ баг хараахан байгуулагдаагүй, тамирчдаа сонгоод Олимпт бэлтгэх орчин нөхцөл бүрдээгүй зэрэг бэрхшээл олон бий. Дотоодын тэмцээн, бэлтгэл хийдэг хана стандартын бус, намхан, цөөхөн барьцтай байдаг тул олон улсын тэмцээнд оролцохын тулд заавал гадаадад бэлтгэл хийх шаардлага гардаг. Шигшээ багтай болох нь чухал. Ингэснээр тамирчдын дунд илүү өрсөлдөөн үүсч, ур чадвар эрс сайжирна гэж боддог.
Н.Анужин: -Санал нэг байна. Говь-Алтай аймгийн Тонхил суманд удахгүй стандарт хана баригдана гэсэн сайхан мэдээ бий. Хэрвээ энэ хана ашиглалтад орчихвол бэлтгэл хийхэд мөнгө санхүү төдийгүй цаг хугацаа ихээр хэмнэнэ. Бид сэтгэл маш ихэд догдолж хүлээж байгаа.
-Спорт авиралтыг Монголд хөгжүүлэхэд юу хэрэгтэй гэж боддог вэ?
Б.Эрдэнэцэцэг: -Өмнө дурдсан дээр нэмж хэлэхэд монгол хүний бие бялдрын онцлогт тохирсон бэлтгэлийн хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх, материаллаг баазаар дэмжих нь хамгийн чухал.Ийм бэлтгэлийн хөтөлбөрт багтах элементүүдийн эрэл хайгуулыг бид байнга хийж байдаг.
Б.Ариунбаяр:-Юуны түрүүнд хурд, техник, боулдрингийн төрлүүдээр стандартад нийцсэн тус тусын ханатай болох хэрэгтэй байна.
Н.Анужин: -Мэдээж олон улсын тэмцээнүүдэд тогтмол оролцож байж л өөрийн түвшингээ мэдэж бас ахиулж чадна.
-Азийн наадмын Спорт авиралтын тэмцээн хурд, боулдринг, техник гэсэн холимог төрлөөр зохиогдлоо. Өмнө нь манай улсын тамирчид гол анхаарлаа хурдны төрөлд хандуулж ирсэн. Ямар ялгаа мэдрэгдсэн бэ?
Б.Эрдэнэцэцэг: -Тийм ээ. Манай улсын Спорт авиралтын тамирчид Хурдны төрөлд илүү төвлөрч бэлтгэл сургуулилт хийж ирсэн уламжлалтай юм. Харин холимог буюу гурван төрлөөр анх удаа өрсөлдлөө.Холимог төрлийг бид их сонирхож байгаа.Токио 2020 Олимпт оролцох нэг төрөл гэж боддог. Энэ наадамд оролцсон манай хоёр тамирчин Монголын Хүндийн Өргөлтийн Холбооны Ерөнхий дасгалжуулагч, ОУХМ Ц.Хосбаяр багшийн удирдлага дор бэлтгэл хийсэн нь ихээхэн үр дүнтэй байлаа. Энэ завшааныг ашиглан Ц.Хосбаяр багшдаа Монголын нийт уулчид,тамирчдынхаа нэрийн өмнөөс талархал илэрхийлье.
Н.Хэрлэн: -Энэ удаа бид холимог буюу гурван өөр төрлөөр дараалан уралдлаа.Зөвхөн хурдтай авирах бус дээр нь тэсвэр, мэдрэмж, ур чадвар гээд олон зүйлийг зэрэг шаарддагаараа онцлог байлаа. Бүгдийг сайн сурахад урт хугацааны системтэй бэлтгэл шаардагдана.
Б.Ариунбаяр: -Холимог төрлөөр уралдахын тулд их удаан хугацаанд хөдөлмөрлөнө.Хурдны төрлөөр дагнасан тамирчин зөвхөн хурд хийхэд анхаарах бол холимог төрөлд өрсөлдсөнөөр анхаарлаа гурван тийш хандуулж,үргэлж гурван бэлтгэл хийнэ гэсэн үг.
-Гурван төрлөөс аль нь хамгийн хэцүү санагдсан бэ. Яагаад?
Н.Хэрлэн: -Бүгд хүнд хамгийн хүнд нь Боулдринг байсан. Тархины сэтгэмж, хурд, тэсрэлт болон тэвчээр,тэнцвэрээ хадгалах, орон зайн баримжаа гээд олон зүйлийг тооцож шийдвэр гаргадаг төрөл юм.
Б.Ариунбаяр: -Надад хурдны төрөл илүү хэцүү санагдсан. Хурдны тамирчид их хүчтэй,тэсрэлттэй байх хэрэгтэй. Миний хувьд тэсвэр илүү хөгжсөн учраас тэгж санагдсан байх. Мөн сэтгэл зүй сайтай байх хэрэгтэй. Хурдны төрөлд сэтгэл зүй сул, сандрал ихтэйгээс өндөр зэрэглэлийн тамирчид барьцаа алдаж уралдааны замаас унах, гарааны дохионоос түрүүлж хасагдах тохиолдлууд олон гарч байсан.
Н.Анужин: -Миний хувьд Боулдринг илүү хэцүү байсан.
-Азийн орнуудын бусад тамирчдаас Монголын тамирчид юугаар дутуу байна, мөн юугаар илүүрхэж байна вэ?
Н.Хэрлэн: -Дутуу зүйл гэвэл хурд,техникийн хувьд ихээхэн зөрүүтэй байгаа нь мэдрэгдсэн. Давуу тал гэвэл бидэнд мэргэжлийн багш дасгалжуулагч нарын зааж зааварласан зүйлийг гүйцэтгэхэд бэрхшээл харьцангуй бага учрах юм байна гэж бодогдсон. Азийн наадмын өмнө БНХАУ-д тэндхийн болон БНСУ-ын дасгалжуулагч нартай бэлтгэл хийхэд миний хурдны үзүүлэлт тооцоолж байснаас хурдан сайжирсан.
Б.Ариунбаяр: -Манай баг бусад орны тамирчдаас ур чадвар, техник,бэлтгэлжилтээр сул байсан хэдий ч сэтгэл зүй сайтай юм байна гэж санагдсан.
Н.Анужин: -Юуны түрүүнд хүчний дасгал сургуулилт их нэмж хийх хэрэгтэй санагдсан.
-Ийм том тэмцээнд тухайн тамирчин оролцоход хувийн бэлтгэлийг хэрхэн хангадаг вэ. Тухайлбал Азийн зарим орны тамирчдын дасгалжуулалт, бэлтгэл, хооллолт гээд тусгайлан ихэд анхаардаг гэсэн. Энэ талаар тамирчдын хувьд ямар бодолтой явдаг вэ?
Н.Хэрлэн: -Бидний хувьд байгаа боломжоо дайчлаад бэлтгэл хийдэг.Гадны өрсөлдөгчдийн хувьд Спорт авиралтын төрөл тус бүр дээр өөр өөр багштай тэдэнтэйгээ удаан хугацааны турш өндөр төвшний бэлтгэл хийдэг. Тэд их хөрөнгө мөнгө зарцуулж байна.Сая эзэн орон Индонезийн баг тамирчид л гэхэд сүүлийн хоёр жил дэлхийн топ амжилт гаргадаг орнуудад бүтэн багаараа бэлтгэл хийсэн.Дэлхийн хэмжээний нэг ч тэмцээнийг алгасалгүй оролцсон. Үр дүнд нь тэд сая өндөр амжилт үзүүлсэн. Алт,мөнгөн медалиуд хүртсэн байх жишээтэй. Тамирчдын бие халаалт, сэтгэл зүй,авиралт,сунгалт гээд бүх төрлийн дасгалжуулагч нар нь тус тусын чиглэлээр ажилладаг юм билээ.Тамирчин бүрт тааруулсан хооллолт, амралт, витаминжуулалттай.
Б.Ариунбаяр: -Бид том тэмцээнд оролцож байгаа учир жилийн турш бэлтгэлээ базааж,авиралтын багаж хэрэгсэл,хувцас зэрэг хувийн бэлтгэлээ сайтар хангаж оролцдог. Спорт авиралт өндөр хөгжсөн орнуудын тамирчид,багш дасгалжуулагч нар бүгд тамирчны эрүүл мэндэд ихээхэн анхаарал хандуулдаг нь ажиглагдаж байсан.Жишээ нь, Японы нэг тамирчны ард эмч, массажист, хувийн дасгалжуулагч, бичээч, зураглаач зэрэг бүхэл бүтэн баг ажиллаж байв.
Н.Анужин: -Тэмцээн дээр бэлтгэлээс дутуугүй сэтгэл зүй маш чухал гэж боддог.
-Уулын спортын уламжлалт төрөлд багтдаг спорт гэж ойлгодог. Энэ талаар тодруулж өгөхгүй юу?
Н.Хэрлэн: -Өндөр уулын авиралтын техникүүд ашигладаг,салбарлаж бие даан түргэн хурдацтай хөгжиж Олимпийн төрөл болсон.Олон улсын уулчдын холбоо/UIAA/-ноос Олон улсын спорт авиралтын холбоо/IFSC/ өрх тусгаарлаж байгуулагдсан түүхтэй юм билээ.Тэгэхээр тусдаа бие даасан төрөл гэх нь зөв болов уу.
Г.БАЯРЦЭЦЭГ