ЗХУ-ын гавьяат дасгалжуулагч, Якутын нэрт дасгалжуулагч Дмитрий Коркин агсаны нэрэмжит чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн олон улсын уламжлалт тэмцээн есдүгээр сарын 5-8-нд ОХУ-ын Саха хотын «Триумф» ордонд болно. Нэрт дасгалжуулагчийн 90 насны ойд зориулж буй 11 дэх удаагийн тэмцээний шагналын санг Якутын чөлөөт бөхийн холбоо нийт 180 мянган ам.доллар (алт 7000, мөнгө 5000, хүрэл 3000) болгож өсгөсөн. Энэ нь өдгөө болж буй чөлөөт бөхийн тэмцээнүүдээс хамгийн өндөр шагналын сантай тэмцээн болж байгаа юм. Тиймээс дэлхийн шилдэг хүчтэнүүд Якутын дэвжээнд олноор зодоглохоор болоод байна.
Манай улсаас ДАШТ-ий хошой хүрэл медальт, Азийн наадмын аварга Г.Мандахнаран, Э.Бэхбаяр тэргүүтэй Будапештийн ДАШТ-д оролцох бөхчүүд зодоглох юм. Түүнчлэн эзэн орноос олимп, дэлхийн аварга Сослан Рамонов, Европын гурван удаагийн аварга Анзор Уришев, Европын анхдугаар наадмын аварга Алескандр Богомоев, Европын аварга Анзор Болтукаев, Артур Найфанов, Иранаас “Рио-2016” олимпийн хүрэл медальт, дэлхийн хошой аварга Франк Чамизо, Иранаас ДАШТ-ий хошой алт, хүрэл медальт Реза Яздани, олимпийн мөнгө, хүрэл медальт Комейл Гасеми, Армениас 2013 оны дэлхийн аварга Давид Сафарян, Туркээс олимп, ДАШТ-ий мөнгөн медальт Селим Яшар (Калой Кортоев), Европын гурван удаагийн аварга Чингисхан Эрдоган (Опан Сат), Узбекистанаас олимп, ДАШТ-ий медальт Ихтиор Наврузов, Японоос “Рио-2016” олимпийн наадмын дэд аварга Рей Хигүчи, Унгараас олимп, ДАШТ-ий хүрэл медальт Габор Хатош, Беларусиас “Рио-2016” олимпийн наадмын хүрэл медальт Ибрагим Саидов, ДАШТ-ий хүрэл медальт Владислав Андреев, Азербайжанаас ДАШТ-ий хүрэл медальт Ахмеднаби Гварзатилов, Энэтхэгээс Азийн аварга Сандип Томар тэргүүтэй олон шилдгүүд Якутын дэвжээнд зодоглох нь.