Categories
мэдээ цаг-үе

А.Энхтайван: “Мөнх тэнгэрийн хүчин дор” кино дахин давтагдахгүй

Түрүүч нь №167(6010) дугаарт

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Монгол Улсын Ардын жүжигчин А.Энхтайвантай ярилцлаа.


-Дээхнэ үед төр гэх үгийг хүн болгон хэлдэггүй “Төрийн минь сүлд өршөө” хэмээн сүсэглэн залбирдаг байсан. Гэтэл одоо хүн болгон л төрийг элдвээр харааж, зүхэж “Төрийн хулгайч”, “Төрд шургалсан гэмт хэрэгтэн” гэж аль муухай үгтэй холбож хэлдэг болжээ?

-Монгол бол 2220 гаруй жилийн өмнө дэлхий дээр төр гэдэг юмыг анх бий болгосон гэж бахархацгаадаг. Их Эзэн Чингис хаан 1206 онд Тулгар төр буюу шинэ төрийг бий болгосон. Тэр төр өнөөдрийг хүртэл тасраагүй явж байгаа. Тэгэхээр дээр үеийн монголчууд төдийгүй, миний аав ээжийн үед зарим бүр болохоо байсан үедээ “Төрийн минь сүлд өршөө!” гэж залбирч байсан байдаг. Энэ бол хүндэтгэлтэй үг. Ер нь бол намайг бага байхад, өнгөрсөн цаг хугацаанд төр гэдэг зүйл хүндэтгэлтэй санагддаг байсан. Хөдөөний мань мэт нь хот орж үзэх сэн гэж хүснэ. Хотод орж ирээд Сүхбаатарын талбай орж үзэх сэн гэнэ. Сүхбаатарын талбайд ирээд Төрийн ордноо харчихаад дотроо сүсэглээд зогсдог байсан үе саяхан л байна. Гэтэл өнөөдөр яасан бэ, төрийг авч яваа үе үеийн хүмүүсийн хэрэглэж байгаа тактик, удирдаж байгаа арга ухаан, баталж байгаа хууль, энэ бүхнээс болоод л ийм нэр хүндгүй болоод байна уу. Эсвэл задгай нийгэмд орсноосоо хойш жаахан эрх ямба, албан тушаалд очингуутаа төрийн нэр барьсан улсыг луйвардах ажил нь арай л ихдээд байна. Энэ нь ард түмний дургүйг хүргээд байна. Үүн дээр л бид шүүмжлэлтэй хандаж, ард түмэн өөрсдөө дүгнэлт хийж хэлэх үгээ зоригтой хэлж, босох цагтаа босч, суух цагтаа суух ёстой болсон байна. Ард түмэн аливаа асуудлыг олонхын талд л шийдэж байгаасай гэж бодож байна.

-Урлаг, спорт бол голлох зүйл биш. Чимэг, шигтгээ гэдэг утгаараа нийгмийг зөөллөх үүрэгтэйгээс тийм ч чухал юм биш. Харин уул уурхай, эдийн засаг, улс төр гэх мэт салбар нь түүнээс үнэтэй гэх ойлголт бий?

-Миний анзаарч ирснээр урлаг, спортын үзүүлж байгаа амжилт, хөгжиж байгаа хөгжил нь яг энэ үеийнхээ төр улсын нүүр царай нь гэж боддог юм. Гадна дотноос ирсэн хүмүүст юугаа үзүүлдэг юм. Сонгодог урлаг, ардын урлагаа л үзүүлдэг. Гадны хүмүүст бид юугаа магтаж ярьдаг юм. Бид олимпийн аваргаа л ярина. Дэлхийн аваргаа л ярина. Эргээд бид тэр улсад айлчлахад хамгийн түрүүнд өөрсдийнхөө соёлыг л харуулна. Нийгмийн хөгжлөө л харуулна. Урлаг соёл, спортын гялалзсан амжилт чинь эх орны хөгжилтэй зайлшгүй холбоотой шүү дээ. Үе үеийн гарч ирж байгаа хүмүүсийн амжилт чинь тэр үеэ баталж, мөнхөлж үлдээж байгаа үйл явдал гэж боддог. Үүгээр хэлбэл, магадгүй дэлхийн ерөнхийлөгч Монголд ирлээ гэхэд Монголын балет, дуурь хоёрыг л хамгийн түрүүнд үзүүлэх болно. Түүнээс биш Спортын төв ордонд аваачаад Н.Түвшинбаярыгаа нэг сайхан барилдуулаад үзүүлчихье гэхгүй байх даа, бодвол.

-Брежнев гэж хэн бэ гэж асуухад “Алла Пугачёвагийн үед амьдарч байсан улс төрийн зүтгэлтэн” гэж хариулсан гэдэг шүү дээ?

-Монголд дуулаачийн урлаг гэдэг талаасаа ярья гэх юм бол 1954 оноос үүдэлтэй байх л даа. 1957, 1958 онд анхны хэдэн сайхан дуучид Орост очиж төгсч ирээд Дуурь бүжгийн эрдмийн театр гэж мэргэжлийн урлагийн байгууллагыг анх байгуулсан. Урьд нь драм, үндэсний дуугаараа “Бөмбөгөр ногоон” гээд л явж л байсан. Яг дуучдын хувьд гэж яривал Монголын мэргэжлийн дуучид гурван том үеийг өнгөрөөчихөөд явж байна. Эхний том үе нь 1964-1984, 1985 он хүртэлх үе. Тэрнээс хойш дундах үе гэвэл 1984-2005, 2006 он. Тэрнээс хойш шинэ залуу үе гарч ирээд явж байна. Энэ үе үеийн дуучдыг харьцуулсан, тэдний дунд судалгаа хийсэн, тэдний хоолойны чанар чансаанд нь дүгнэлт өгсөн юм. Бараг л үзэгчдийн хэмжээнд шахуу явна уу гэхээс урлаг судлаачдаас хийгдсэн эрдмийн ажил, мэргэжлийн түвшинд хийсэн юм харагдахгүй байна. Гэтэл тэр сайхан дуучин Ц.Пүрэвдорж гуай, Д.Жаргалсайхан гуай, А.Загдсүрэн гуай, Х.Уртнасан эгч, дараа үеийнхэн гэвэл А.Долгор, Ч.Мөнхшүр, М.Гантөмөр, А.Дашпэлжээ, сүүлийн үеийн дуучид гэвэл Б.Батжаргал, Б.Гомбо-Очир, Г.Шижирболд, Б.Энхнаран байна. Энэ үе үеийн дуучдын хоолойны чанар, өөрсдийнх нь бие физиологийн өөрчлөлт нь огт өөр. Хоорондоо огт өөр шүү дээ.

-Яг юугаараа өөр гэж?

-Ц.Пүрэвдорж гуай гэж мундаг том дуучин байсан тэр хүний биеийнх нь ерөнхий байр байдлыг өнөөдрийн баритон, басс хоолойгоор дуулж байгаа нэг дуучинтай харьцуулаад хар. Шал өөр. Нэгдүгээрт, Ц.Пүрэвдорж гуайн өсч өндийж байсан үеийн цаг үе нь өөр, өөрөө хүртэл манай анхны хэвлэлийн үйлдвэрт ажиллаж байсан хар ажилчдын дундаас гарч ирсэн хүн. Өөрийнхөө дотоод нарийн ур ухаанаараа хоолойгоо удирдсан мундаг том, дэлхийд ерөөсөө хоёр, гуравт тооцогдох тийм мэргэжлийн хэмжээний дуучин байсан. 1964 оноос эхэлж Социалист орнуудын дунд зохиогдож байсан мэргэжлийн дуучдын П.И.Чайковскийн нэрэмжит конкурст Монголоос урилгаар оролцож байсан шүүгч хүн ганцхан Ц.Пүрэвдорж гуай байдаг. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин хүн. Тэр хүний зааж сургасан замналаар маш олон дуучин хоолоо олж идэж байгаа. Эд нар өнөөдөр чухам тэр багшийнхаа төлөө юу хийж байна вэ. Ардын жүжигчин Д.Жаргалсайхан гуай гэхэд Ц.Пүрэвдорж гуайгаас бүр өөр. Ц.Пүрэвдорж гуай тэр том биетэй, басс хоолойтой мөртлөө маш нарийн ухаанаар хоолойныхоо дээд, доод хэмнэлийг бүрэн гаргаж дуулдаг бол ардын жүжигчин Д.Жаргалсайхан гуай арай л хүчирхэг хоолойгоор, манайхан драматик гэж ярьдаг. Тийм хоолойгоор өөрийгөө илэрхийлж дууны характерыг гаргадаг байсан. Гэтэл хажууд нь хожуухан гарч ирсэн А.Дашпэлжээ, М.Гантөмөр бас өөр. Дуулна гэдэг хүний ухаан. Маш гоё нарийн ухаан. Бөхчүүдийг хэлдэг шүү дээ. Ухаан муутай бол мянган бяр байгаад хэрэггүй. Тэгвэл дуучин хүнд хичнээн сайхан хоолой заяагаад ухаан байхгүй бол тэр хүн багшийн зааж байгааг ойлгохгүй. Хөгжмөө ойлгохгүй, сонсгол байхгүй, зөрж давхина. Иймэрхүү байдал манайхны мэргэжлийн дуучдын дунд гарч л байсан. Тийм болохоор тухайн хүний ухаан, бие физиологи, бүхнийг судалж ажиллаж байж сая нэг дуучныг гаргана.

-Урлагийн мундаг хүмүүс ажилчин анги, цэрэг армийн салбар, малчны хотноос тодорч гарч ирдэг байж шүү?

-Тэр үед чинь Бүх ард түмний урлагийн үзлэг гэх мэт олон нийтийг хамарсан ажил их өрнөдөг байсан. Ганц манайд ч биш, Орост ч байсан. Оросын ардын жүжигчин Юрий Марусин гэж мундаг том дуучин бол ерөөсөө дуулдаггүй тэнгисийн цэргийн флотын дэслэгч хүн байж байгаад нэг өдөр Оросын ард түмний урлагийн үзлэгээр орж дуулаад л тэр дороо консерваторт сураад Их театрын гоцлол дуучин болж байсан. Ийм үйл явдал аль ч улс оронд байдаг. Манайд ч гэсэн Г.Хайдав багш, Ц.Пүрэвдорж багш хоёр огт дуулдаггүй хүмүүс Сүхбаатарын нэрэмжит хэвлэх үйлдвэрт хоёр сайхан үсэг өрөгч л байсан. Ачигч хүртэл л хийгээд явж байсан улсууд. Өөрсдөө бас л урлагийн үзлэгээр тодорч гарч ирсэн гэж яригддаг. Ц.Түвшинтөгс ч ялгаагүй Хэнтий аймгийн Хүнсний комбинатад ажиллаж байгаад бас л урлагийн үзлэгээр гарч ирсэн. Гэхдээ тэгж гарч ирж байгаа авьяастай хүмүүс дотроос өөрөө өөрийнх нь идэвх чармайлт, юм суръя гэсэн эрмэлзлээрээ өсч хөгжөөд явж байгаа нь зөндөө байлгүй яав. Ард түмэн дотор чадалтай авьяастай хүмүүс их байдаг.

-Танд кинонд тоглох санал ирдэг нь тодорхой. Харин та тоглогдоггүй байх?

-Би кинонд тоглодоггүй. Санал ирдэг, ярьж л байдаг. Би тоглохыг хүсдэггүй юм. Залуудаа өөр киноны саналыг аваагүй байж одоо кинонд тогловол өвөөгийн дүрд тоглох байх (инээв). Тэгэхийнхээ оронд энүүгээрээ л байж байя. Хийх ажил их байна.

-Ганцхан л кинонд тоглож дээ?

-Тийм. “Мөнх тэнгэрийн хүчин дор” гэж.

-Монголчуудын хувьд кинонд Чингис хааны дүрийг анх удаа гаргасан нь “Мөнх тэнгэрийн хүчин дор” кино биз дээ?

-Тэгэлгүй яахав. Маш том хөрөнгө зарж хийсэн, бүрэн хэмжээний кино шүү дээ. Дөрвөн ангитай байсныг нь гурван анги болгосон юм. Нийтдээ дөрвөн цаг 30 минут үргэлжилдэг. Энэ киног хийхэд тухай үед улс ч их анхаарсан, уран бүтээлчид ч хатуу сахилга батын дор ажилласан. Маш их эрмэлзэлтэй ажилласан. 1990-1992 он гэдэг чинь шилжилтийн хэцүү үе байсан байхгүй юу. Дээрээсээ босоо удирдлагатай байсан монголчууд хий л гэсэн бол бүх юм хийгдэж гарч ирж байсан үе. Гэхдээ энэ кино дахин давтагдаж хийгдэхгүй ээ. Өнөөдөр маш их боломжтой, том том хөрөнгөтэй гадаадын кино компани, “Холливуд” л орж ирж улсаар нь л хөдөлгөж хийдэггүй юм бол “Мөнх тэнгэрийн хүчин дор”, “Мандухай цэцэн хатан” хоёр шиг ийм кино дахин хийгдэхгүй. Баталгаатай мэдэж байна.

-Кино бүрэлдэхүүн нь нүсэр байсан?

-Цэргүүд гэхэд л 10 мянган байсан, манай кинон дээр. Агт морь гэхэд 12 мянга. Өнөөдөр тийм хэмжээний агт морьд цуглуулах боломж хаана байна. Өнөөдөр бүх юм мөнгөөр хөдөлнө. Унагатай нэг гүү авчирахад л нэг өдрийн 20 мянган төгрөгийн хөлс өгнө. Энэ мэтчилэнгээр эдийн засгаасаа гадна тэр олон хүнийг цуглуулахад бүр хэцүү. Манай кинонд 6000 хүн оролцсон шүү дээ. “Мандухай цэцэн хатан”-д 3000 цэрэг орсон. Энэ киног өнөөдөр бид төсөөлж харахад нэлээд дээр үеийн Европын том кинонууд, Холливудад хийгдэж байсан кинонуудтай харьцуулахуйц хэмжээний тийм их масс орж хийсэн байхгүй юу. Маш их хөдөлмөр, хөрөнгө орсон. Гадаадын тэрбумтануудтай л нийлж том мөнгөөр хийнэ үү гэхээс зүгээр нэг телевизийн баримтат кино хийнэ гэвэл хийх байлгүй дээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *