Categories
мэдээ нийгэм цаг-үе

Т.Амаржаргал: Их, дээд сургуулиудын төлбөр 10-15 хувиар нэмэгдсэн байна

Өнөөдөр Хууль сахиулахын их сургууль дээр их, дээд сургуулийн захирлуудад зориулсан Боловсролын чанар- Удирдлагын манлайлал сургалт боллоо.

Энэ талаар БСШУСЯ-ны дэргэдэх Дээд боловсролын бодлогын газрын дарга Т.Амаржаргалаас тодрууллаа.


-Сургалтынхаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч, сургалтын гол ач холбогдол нь юу вэ?

– Төрийн болон хувийн өмчийн 60 гаруй их сургуулийн удирдлага энэхүү сургалтанд хамрагдаж байна.Сургалт нь их дээд сургуулийн захирлуудад зориулж Боловсролын чанар- Удирдлагын манлайлал гэсэн нэртэйгээр явагдаж байна.

Энэ үеэр шинэ хичээлийн жил эхлэх гэж байгаатай холбогдуулан их, дээд боловсролын салбарт чанарын асуудлыг эрчимтэй ярилцлаа. Боловсролын салбарт шинэчлэлийг хийхэд чанарыг сайжруулах нь чухал ач холбогдолтой.

Боловсролын салбарынхан оюуны потенциал сайтай хүмүүс байдаг. Гэхдээ үүнийг улам сайжруулах шаардлагатай. Тиймээс тэдэнд хэрэгтэй тусламж дэмжлэг хэрэгтэй болох, сургуулиа удирдах үйл ажиллагаанд ямар зохион байгуулалтын дэмжлэг үзүүлэх вэ гэдгийг боловсролын яам анхаарч ажиллаж байна.

Дээд боловсролын чанарыг гурван түвшинд авч үзэж байна.

  • Сургалцагчийн өөрийнх нь хичээл зүтгэл, түүний амжилт өөрөөс нь хэрхэн хамаарч байна вэ?
  • Сургалт явуулж байгаа хөтөлбөрүүд ньхэр чанартай байна вэ, хөдөлмөрийн зах зээл эрэлттэй байгаа ур чадваруудыг эзэмшүүлж чадаж байна уу үгүй юу гэдгийг харах
  • Сургалт судалгааг удирдаж байгаа тухайн хүний үйл ажиллагааны менежмент ямар байна вэ гэсэн гурван асуудалд анхаарал тавьж ажиллаж байна.

Байгууллагыг удирдаж байгаа хүний чадвар, засаглалын байдлаас амжилт ихээхэн хамаарч байна гэж үзсэн учраас энэ сургалтыг зохион байгуулж байна.

Сургалтын гурван хэсэгт энэ хичээлийн жилд ямар зорилт тавьж байна гэдэг асуудал тавигдаж байна.

-Их дээд сургуулиудыг чанараар нь жагсаах уу?

-Олон улсын эрэмбэлдэг том байгууллагууд байдаг. Манайд их дээд сургуулиудаа эрэмбэлэх ажил хийгдэх болно. Үүнд олон шалгуур бий. Тухайлбал, тухайн сургуульд эрдмийн цол, зэрэгтэй багш нар хэд байна гэсэн шалгуурын цаана тухайн сургуульд судалгаа шинжилгээний бүтээлүүдийг гаргаж нийгэм эдийн засгийн асуудлуудыг шийдэж чадах уу үгүй юу, суралцагчдын амжилт нь ямар байна, багш нарын бүтээл нь ямар байна гэх мэт шалгуураар шалгах болно.

Мөн монголд байгаа их сургуулиудыг судалгааны их сургууль хэрхэн болгох вэ гэдэг үндэсний хөтөлбөр боловсруулсан. Хөтөлбөрийн шалгуур үзүүлэлтүүдээр ямар сургуулийг судалгааныих сургууль гэж үзэх, дээд сургуульд ямар шаардлага тавигдсан байх ёстой вэ гэдэг ангилалын журамд өөрчлөлт оруулахаар ажиллаж байна.

-Зарим их дээд сургуулиудыг хаасан гэсэн мэдээлэл гарсан. Нийт хэдэн сургуулийг хаасан бэ?

Боловсролын байгууллагуудын механикаар цөөлөх гэхээсээ илүү үйл ажиллагааны хяналтыг хийж байна.Өнгөрсөн хичээлийн жилд 18 сургуульд хяналт шинжилгээ хийсэн. Үүнээс таван сургуулийн тусгай зөвшөөрлийг цуцалсан. Мөн таван сургууль бусад сургуультай нэгдсэн. Энэ хичээлийн жилд энэ хяналт, шалгалт үргэлжлэнэ. Ингэхдээ бид тодорхой шалгуураар хөдөлж байгаа. Өөрөөр хэлбэл, боловсролын байгууллагад тавигдах үндсэн нөхцөл, шаардлагыг хангасан байна уу үгүй юу, орчин нь ямар байна, багшлах боловсон хүчнийх нь чадамж нь ямар байна, оюутан залуус үр дүнтэй суралцаж чадаж байна уу гэсэн шалгуураар үнэлнэ.

Мөн зургаан сургуульд нэг жилийн хугацаанд үүрэг даалагавар өгсөн. Үүгээр энэ хичээлийн жилд биелэлт хэр байгааг харах болно.

Энэ хичээлийн жилд хөтөлбөрийн харьцуулалт хийнэ.Ижил чиглэлийн хөтөлбөрөөр олон сургууль сургалт явуулж байна. Тухайлбал, бага ангийн багш бэлтгэх чиглэлээх 40 гаруй сургууль сургалт явуулж байна.

-Их дээд сургуулиудад чанарын ямар бодлого баримталж байгаа вэ?

Чанарын үнэлгээний аргачлалаа өөрчлөөд үнэлгээний дагуу ямар асуудлыг яаж сайжруулах вэ гэдэг бодит асуудлыг гаргаж ирэх гэж байна. Хөтөлбөрийн магадлан итгэмжлэл, байгууллагын магадлан итгэмжлэлээр үнэлгээ хийдэг. Оюутан суралцагчдынхаа амжилтыг үнэлэх тодорхой систем хараахан байхгүй. Тиймээс Боловсролын үнэлгээний төв, Боловсролын хүрээлэн, Магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөлтэй хамтраад энэхүү арга аргачлалыг боловсруулж байна.

-Их сургуулиудын төлбөр нэмэгдсэн үү?

-Сургалтын төлбөрийн асуудлыг их дээд сургууийн Удирдах зөвлөлөөр ихэвчлэн шийддэг. Сургуулиуд 10-15 хувьтай төлбөрөө нэмсэн байна. Ямар зориулалтаар төлбөрийг илүү нэмсэн байна вэ гэдэг талаар хяналт шинжилгээ хийгдэж байгаа.

Б.ОЮУНЖАРГАЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *