Categories
мэдээ нийгэм

Монголын академич Оросын их эрдэмтэн С.М.Пржевальскийн нэрэмжит алтан медалиар шагнууллаа

ОХУ-ын Газарзүйн нийгэмлэгийн дээд шагнал Оросын их эрдэмтэн С.М.Пржевальскийн нэрэмжит хүндэтгэлийн алтан медалийг Газар зүй, геоэкологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан доктор, профессор Д.Доржготовд гардуулах ёслол боллоо. Шагналыг газарзүйн шинжлэх ухаанд шинэ нээлт хийсэн, онцгой бүтээл туурвисан эрдэмтэн судлаачдад хоёр жилд нэг олгодог аж. Энэ удаа Монголоос анх удаа, Ази тивээс хоёр дах удаагаа энэхүү хүндтэй шагналыг хүртэж байгаа юм. Ёслолд ОХУ-ын Газар зүйн нийгэмлэгийн тэргүүн дэд ерөнхийлөгч, Москавагийн их сургуулийн Газар зүйн факультетийн ерөнхийлөгч, академич Н.С.Касимов тэргүүтэй төлөөлөгчид хүрэлцэн иржээ.

Тус шагналыг авсан академич нь Монголд хөрсний зураг, хөрсний ангилал,хөрс газарзүйн мужлал, ай сав газруудын хөрсний ус, физик шинж чанар, хөрсний нөөц, чанарын үнэлгээ зэрэг олон судалгааг хийсэн байна.

Энэ үеэр Газар зүй, геоэкологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор, профессор Д:Доржготов хэлэхдээ “Монгол орны газарзүйн судалгааг 1963 оноос эхлэн өнөөдрийг хүртэл шавь нар болон оросын эрдэмтэн судлаач нартай хамтран явуулж байна. Энэ хугацаанд ном, атлас, газарзүйн зураг гээд хэдэн арван бүтээлийг монгол, орос, герман, хятад хэлээрбичин гаргалаа. Монгол орны газарзүйн судалгаанд оросын эрдэмтэд 150 жил хөлс, хүчээ зарцуулсан. Үүний үр дүнд Монголын байгал, газарзүйн судалгаа хөл дээрээ боссон гэж хэлж болно. Энэ зөвхөн намайг шагнаж байгаа зүйл биш. Судалгаанд оролцсон бүх шавь, эрдэмтэн судлаачдын хүч хөдөлмөрийн үнэлсэн шагнал юм шүү. Одоо бид зуун жилийн өмнө хийж байсан судалгааг дахин эхэлж байгаа. Энэхүү судалгаагаарөмнө нь ямар байсан,одоо яаж өөрчлөгдсөн гэх зэрэг зүйлийг мэдэх боломжтой юм” гэлээ.

ОХУ-ын Газар зүйн нийгэмлэгийг тус улсын Батлан хамгаалахын сайд С.Шойгу тэргүүлдэг. Харин ивээн тэтгэгчдийн зөвлөлийн даргаар ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин ажилладаг аж.

С:ОЮУНЖАРГАЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *