Categories
мэдээ спорт

200 метрийн гүйлтийн тэмцээнд Бахрейн, Япон улсын тамирчид алт авчээ

Лхагва гарагийн орой Жакарта хотноо болсон эмэгтэйчүүдийн 200 метрийн гүйлтийн тэмцээнд Бахрейн улсын тамирчин Одион Эдодион алтан медалийн эзэн болсон байна.

116 дугаартай О.Эдодион гүйлтийн замыг 22.96 секундэд туулсан бол мөнгөн медаль хүртсэн Энэтхэгийн багийн тамирчин Чанд Дутее 23.20 секундэд ирсэн байна. Харин гуравдугаар байрыг Хятадын тамирчин Вэй Ёньли эзэлжээ. Спортын энэ төрлийн дээд амжилтыг Шри Ланка улсын тамирчин Дарша Дамаянтхи 22.48 секундын амжилтаар тогтоож байжээ.

Бахрейны тамирчин эхний 100 метрт тавдугаар байрт гүйж байсан боловч сүүлийн 100 метрт хурдалж, өрсөлдөгчдөө ардаа орхисон аж.

Спортын энэ төрлийн эрэгтэй тамирчдын уралдааны тэргүүн байрыг Японы багийн тамирчин Иизука Шота эзэлж, алтан медалиар энгэрээ мялаажээ. Тэрбээр энэ замыг 20.23 секундэд туулсан байна.

Түүний араас Тайваний тамирчин Янь Чунхан мөн 20.23 секундэд, харин Бахрейны гүйлтийн тамирчин Якооб 20.55 секундэд барианд ирж, мөнгө, хүрэл медалийн эзэд болжээ.

Уралдаан эхэлсэн мөчөөс Япон болон Тайваний тамирчид бусад өрсөлдөгчөөсөө хол тасарсан бөгөөд барианы шугамд биеийн аль хэсгээрээ орж ирснийг шалгаж, эцсийн шийдвэрийг гаргасан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *