Дорнод аймгийн төв Чойбалсан хотын түүхт 80 жилийн ой энэ амралтын өдрүүдэд тохиож байна. Есдүгээр сарын 01-02-ны өдрүүдэд болох ойн ёслол хүндэтгэлийн арга хэмжээнд хөрш зэргэлдээ ОХУ-ын Чита, Борзъя, Ага, Хайлаар, Манжуур, Амгаланбаатар, Алтан-Эмээл хотын удирдлагууд урилгаар оролцох ажээ.
Ойн баярын хүрээнд есдүгээр сарын 01-нд эрийн гурван наадам болох бөгөөд “Чойбалсан хотын түүхэн зургууд” гэрэл зургийн үзэсгэлэн нээгдэх юм байна. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн олон улсын тэмцээн болно. Харин есдүгээр сарын 02-ны ням гаригт Чойбалсан хотын Тусгаар тогтнолын талбайд иргэдийн баярын жагсаал, Монгол Улсын хошой баатар, өрлөг жанжин, маршал Х.Чойбалсангийн хөшөөнд цэцэг өргөх ёслол, Цэргийн гавьяаны улаан тугийн одонт Чойбалсан хотын тугийг цэнгүүлэх үйл ажиллагаа болох юм байна.
1821 онд Сэцэн ханы удмын Минжүүрдорж бэйсийн санаачилгаар шашин номын жасаа буюу тамгын газар бүхий сууринг одоогийн Чойбалсан хот төвлөрөн буй газарт барьж байгуулжээ. 1923 онд Баянтүмэн Хан-Уулын хошууны төв, 1931 оноос Дорнод аймгийн төв суурин болсон байна. Харин 1938 онд хотын зэрэг олгож, 1941 онд Ардын хувьсгалын 20 жилийн ойгоор Чойбалсан хэмээн нэрлэсэн түүхтэй.