Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Осолдсон машин дотроос “Миний үс шатаад байна, туслаарай ээжээ” хэмээн жаахан хүүхэд хашхирч байсан гэв

Төв аймгийн нутаг дэвсгэрт орших Хүй долоон худгаас дээш өгсөх замд 2016 оны наймдугаар сарын 5-ны өдрийн 19:00 цаг орчимд зам тээврийн ноцтой осол болж, нэг гэр бүлийн долоон хүн газар дээрээ нас барсан харамсалтай хэрэг гарсан. Эл хэргийг Төв аймгийн прокурорын газраас шалган, хохирогчийн зөвшөөрөлгүй гурван удаа хаасан байна. Одоогоор хохирогчийн талаас амьд үлдсэн нэг ч хүн байхгүй тул хэргийг осол үйлдсэн талд шийдвэрлэж байна гэж хохирогчийн гэр бүлийн зүгээс үзэж байгаа аж.

Хэргийг тодруулбал, 7240 УБҮ улсын дугаартай “Приус” маркийн автомашиныг нэгдүгээр эгнээнд явж байхад нь 8558 УНС улсын дугаартай “Ланд Круизер 100” маркийн автомашин хоёрдугаар эгнээнээс шахаж, онхолдуулсны улмаас эсрэг урсгалд орж, 0116 УНА дугаартай “Ланд 200” машинтай мөргөлдөж, замын хажуу руу шидэгдэн, өнхөрсөн байна. Улмаар приус маркийн машинд явж байсан гурван хүүхэд, дөрвөн том хүн нас барсан аж.

“Приус” автомашиныг шахаж эсрэг урсгалд оруулан осол гаргах нөхцөлийг бүрдүүлсэн 8558 УНС улсын дугаартай “Ланд Круизер 100” маркийн автомашины жолоочЦэцэгшагдар осол үйлдсэнийхээ дараа хэргийн газраас зугтан ор сураггүй алга болж, нэг жилийн дараа олджээ.

Гэрчийн мэдүүлгээр осол үйлдсэн Цэцэгшагдар, эхнэрийн хамт машинаас бууж ирээд эхнэр нь “Би чамд боль гэж хэлээ биз дээ, Хүн алчихлаа шүү дээ” хэмээн хашхирсаар машиндаа суун ойролцоо байх суваргыг машинтайгаа тойрон, уул давж зугтсан байна. Үүний дараа осолдсон машин дотроос “Миний үс шатаад байна, ээжээ туслаарай” хэмээн жаахан хүүхэд хашхирч байсан гэжээ.

Осол болох үед 7240 УБУ улсын дугаартай “Приус” автомашиныг жолоодож явсан жолооч эмэгтэйн эгч Х.Алгирмаа “Бид АТГ-т хандан осол гаргасан Цэцэгшагдарыг эрэн хайх ажиллагааг эхлүүлж, 2017 оны есөн сарын 29-нд олсон.

Гэвч тэрбээр хэргээ хүлээхгүй 0116 улсын дугаартай Ланд 200 маркийн машины жолоочтой үгсэн хуйвалдаж, хэргийг өөрийн талд шийдвэрлэхээр оролдож байгаа. Энэ хоёр хүний мэдүүлэг хоорондоо яв цав таарсан ч, гэрчийн мэдүүлгээс зөрж байгааг аль хэдийн хуйвалдчихсан байна гэж бид бодож байгаа. Хэрэгтэнг барьсны дараа бид хэргийн газарт очиход түүний өмгөөлөгч ээжийг минь “Чи битгий баашлаад бай, юун сүртэй юм” гэж хэлэх хэлэхгүй үгээр доромжилсон. Долоон хүнийг алж, нэгэн гэр бүлийн үндсийг тасалчхаад уучлалт ч гуйлгүй ингэж хэлсэнд бид үнэхээр гомдолтой байгаа” гэв.

Хэрэг гурван жилийн хугацаанд Алимаа, Энхмаа, Эрхэмбаяр гэх гурван өмгөөлөгчийн гар дамжин шалгагдсан ч тодорхой дүгнэлт гараагүй, он сар буруу, бодит гэрчийн мэдүүлгийг үл хайхран өөр өөрийгөө гэрч хэмээн тооцон мэдүүлэг өгч буй Цэцэгшагдарын хэлснээр шийдвэрлэгдэн хэрэг хэрэгсэхгүй болж, хаагдсан байна.

Хохирогчийн гэр бүлийн зүгээс хэргийг дахин сэргээж, Төв аймгаас Улаанбаатар хот руу шилжүүлэн мөрдлөгийг үргэлжлүүлэхийг хүсч байгаа аж. Мөн долоон хүний бүрэлдэхүүнтэй шинжээчийн баг томилон хэргийг дахин шалгаж, гэм буруутай этгээдийг зохих ёсоор нь шийтгэхийг хүсч буй гэнэ.

З.МӨНХСУВД

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *