Хөвсгөл аймаг Япон Улсын Нигата мужтай 2014 онд хамтын ажиллагаа өрнүүлж санамж бичиг байгуулан хамтран ажиллаж байна. Тус санамж бичгийн хүрээнд “Сурагч солилцоо” хөтөлбөрийг хэрэгжүүлж Япон багш, сурагчид гурав дахь удаагаа Хөвсгөл аймагт зочилжээ.
Хөтөлбөрт хамрагдсан Японы зургаан хүүхэд, хоёр багш Хөвсгөл аймагт айлчилж Мөрөн хоттой танилцаж, аймаг орон нутгийн удирдлагуудтай уулзаж, Чингүнжавын хөшөөний дэргэд дурсгалын зураг авхуулж, Музей үзэж монголын эрийн гурван наадмын нэг нум сум, шагайн харвааг сонирхсон байна. Мөн орон нутгийн онцлог бүхий цаатны отог, малчин айлд зочилж монгол ахуйтай танилцжээ.
“Сурагч солилцоо” хөтөлбөр хэрэгжсэнээр сурагчдын гадаад хэл, соёлын мэдлэг боловсрол, дадлыг нэмэгдүүлэх, тухайн орон нутгийн түүх соёл, байгалийн дурсгалт газар, үүх түүхийг танилцуулах, улмаар аялал жуулчлалыг хөгжүүлэх, өсвөр үеийнхэнд олгож байгаа боловсрол, хөгжлийн үйлчилгээний талаар туршлага солилцох, тэдний хүмүүжил, төлөвшилд эергээр нөлөөлөх зорилготой ажээ.