Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

100 гаруй тэрбум төгрөгийн хохирол учруулсан “Стамфорд” гэх сүлжээний гэмт хэргийг цагдаа нар шалгаж байна

Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс, Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Улсын мөрдөн байцаах газрын Залилангийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн хамтарсан баг долоон мянган хохирогчтой, сүлжээний гэмт хэргийг шалгаж байна. Албаны эх сурвалжаас авсан мэдээллээр “Стамфорд” гэх сүлжээний бизнес нэрийн дор бусдаас 100 гаруй тэрбум төгрөг залилсан хэргийг шалгаж байгаа аж. Хохирогчдын тоо өдрөөс өдөрт нэмэгдэхийн хэрээр залилуулсан мөнгөний тоо ч хэдэн саяар өсч байгаа гэнэ.

Хэргийг шалгаж байгаа цагдаа нарын хэлж байгаагаар “Стамфорд” залилангийн хэрэгт хохирсон иргэд өөрийнхөө ойр дотны хүмүүсийг элсүүлж хохироосон тохиолдол бүртгэгдсэн. Бүр нэг сумын ЗДТГ-ын ажилтнууд хуурамч сүлжээнд элсэн орж, хохироод байгаа гэнэ. Сүүлийн таван жилийн хугацаанд сүлжээний бизнес гэх нэрийн дор иргэдээс хэдэн тэрбум төгрөгийг залилах гэмт хэрэг арав гаруй удаа гарсан. Амар хялбар аргаар мөнгө олъё гэсэн иргэдийн сэтгэлгээнд тулгуурлан сүлжээний гэмт хэрэг гаарч байгааг хууль хяналтын байгууллагынхан онцолж байв.

Үүний нэг жишээ нь “Жи Тайм” сүлжээ. Уг сүлжээний улмаас 500 гаруй хүн дөрвөн тэрбум төгрөгөөр хохирсон билээ. Үүний дараагийн маш их хэмжээний хохирол учруулсан “Стамфорд” гэх сүлжээний бизнес аж. “Стамфорд” гэх сүлжээний бизнес нэрийн дор бусдаас 100 гаруй тэрбум төгрөг залилсан гэх хэрэгт нэгэн гэр бүлийг буруутгаад байгаа юм байна. Хэргийг шалгаж байгаа цагдаа нарын хэлж буйгаар Алтансувд, Ариунбилэг, Бат-Өлзий гэх хүмүүсийг шалгаж байгаа гэв.

ХӨРӨНГӨ ОРУУЛСАН МӨНГИЙГ ЧИНЬ АРИЛЖААНД ОРУУЛЖ ОЛСОН АШГААСАА ХУВЬ ӨГНӨ ГЭЖ ЗАЛИЛЖЭЭ

“Стамфорд” компанитай түншлэлийн гэрээ байгуулснаар мөнгөө эрсдэл багатай өсгөх таатай боломжтой гэдэг саналыг иргэдэд тавьдаг аж. Тухайлбал, хөрөнгө оруулалт хийхэд таны мөнгийг арилжаанд оруулж олсон ашгаасаа танд хувь өгөх зарчмаар ажилладаг байна. Тухайлбал хоёр сарын хугацаатай мөнгөө хийвэл сарын 10 хувь, зургаан сарын хугацаатай мөнгөө хийвэл сарын 14 хувь, нэг жилийн хугацаатай хийвэл сарын 20 хувийн ашиг авна. Гэрээний хугацаа дуусахад анхны хөрөнгө оруулалтынхаа мөнгийг компаниас буцааж авдаг. Энэ нь 1000 ам.доллар жилийн хугацаатай хийхэд сар бүр 200 ам.доллар авна. Жилийн хугацаанд нийтдээ 2400 ам.доллар авна. Мөн анхныхаа 1000 ам.долларыг буцааж авна. Мянган доллар тань жилийн хугацаанд 3400 ам.доллар болно гэх мэтчилэнгээр иргэдийн тархийг “угааж” сүлжээний бизнес явуулдаг байна. Цагдаагийн байгууллагаас иргэдэд хандан “Сүлжээний бизнест итгэж болохгүй. Амар хялбар аргаар мөнгө олох гэсэн хүмүүс таныг хуурч мэхэлж байна гэдгийг анхааруулж хэлсээр байгаа. Гэвч иргэд цагдаагийн байгууллагаас гаргасан сэрэмжлүүлгийг үл тоомсорлон мөнгө, эд хөрөнгөө бусдад залилуулж байгааг эх сурвалж хэлж байсан юм.

Т.Наранчимэг: ТӨРСӨН ЭГЧ, ДОТНЫ НАЙЗЫГАА ХҮРТЭЛ ХОХИРООЧИХЛОО

“Stamford” сүлжээний бизнест хохирсон иргэдийн нэг болох Т.Наранчимэгтэй уулзаж цөөн асуултад хариулт авлаа.


-Та “Стамфорд” сүлжээнд нийт хэдэн төгрөгөө алдсан бэ?

-Би анх 1000 ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн. Энэ мөнгө 1300 ам.долларболж өснө гэж тайлбарласан. Дараа нь миний дансанд тэр мөнгө нь орж ирсэн. Гэхдээ авч болохгүй байлаа. Тэгээд би нэмж 5000 ам.доллар хийсэн. Дараа нь 2018 оны дөрөвдүгээр сард 2000 ам.долларын хөрөнгө оруулалтаа хийсний дараа сайт нь ажиллахаа больсон юм. Нийтдээ 8000 ам доллар гэсэн үг. Шалтгааныг нь бидэнд засвартай байна гэж холбогдох хүмүүс тайлбарласан. Удалгүй сайт ажиллаж бидний ногдол ашиг ихэссэн ч тэр мөнгийг хөрвүүлж чадахгүй нөхцөл байдал үүссэн.

Анх яагаад “Стамфорд” сүлжээний бизнест хөрөнгө оруулсан бэ?

-Эхэндээ хөрөнгө оруулалтын компани нэрийдлээр манай эгч анх “Стамфорд”-ын талаар хэлсэн юм. Би оруулсан хөрөнгө оруулалтаасаа долоо хоног бүр ногдол ашиг хүртэж байгаа, чи элсэхгүй юм уу гэсэн. Тэгээд би элссэн. Өнгөрсөн өвлийн турш ашигтай ажилласан гэж хэлсэн. Тэгээд хавар бидний дунд 20 хувийн урамшуулал зарлалаа. Тэр үед хүмүүс хуйларч байгаа бүхнээ шавхаж хөрөнгө оруулсан. Тэгээд би ажлынхаа нэг найз, төрсөн эгчийгээ элсүүлсэн юм.

-Одоо эгч, найзууд чинь юу гэж байна?

-Одоо манай гэрийнхэн хоорондоо их зөрчилтэй болсон. Манай эгчийн нөхөр намайг үзэн ядаж байна гэдгээ олон удаа хэлж, дарамтлах болсон. Найз маань ч холбоогоо тасалсан. Тэд бас ойрын хүмүүсээ элсүүлсэн. Мөн л над шиг эвгүй байдалд орчихсон байгаа юм байна лээ.

-Та яагаад сүлжээний бизнест орсон юм бэ?

-Цалингаас гадуур нэмэлт орлоготой болохыг хүссэн. Хүн болгон л тэгж боддог шүү дээ. Манай эгчийн найз бүр зөвхөн цахимаар холбогдсоор адвкаш төлбөрийн системээр хоёр сая төгрөгөө татуулсан гэсэн. Ингэж шилжүүлэг хийхдээ мөнгөө зөвхөн найзынхаа үгэнд итгээд л явуулсан гэж байсан. Эхний хоёр сар хөрөнгө оруулсны ашиг гэж 500 орчим мянган төгрөг дансанд нь орж ирсэнд танил маань улам “хорхойсч” дахин нэг сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн гэсэн. Одоо хүртэл “Мөнгө орж ирнэ ээ” гээд хүлээж сууна лээ. Би угаасаа дахиж мөнгө орж ирнэ гэдэгт итгэхээ больсон.

-Алдсан мөнгөө яаж эргүүлж авъя гэж бодож байна вэ?

-Үнэхээр арга мухардаад байна. Мөнгө орж ирнэ гэж хагас жил хүлээлээ. Хууль хяналтын байгууллага шалгаад үнэн зөвийг нь тогтоож, биднийг хохиролгүй болгох байх гэж итгэж найдах үлдээд байна даа гэв.

Б.АМАРТҮВШИН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *