Цагдаа, дотоодын цэргийн анги байгууллагуудад Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 01 тоот “Сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” албан даалгавар, Цагдаагийн ерөнхий газрын дарга, дэд дарга нараас сахилга хариуцлагыг дээшлүүлэх, дотоод аюулгүй байдлыг хангах талаар өгсөн үүрэг чиглэлийн хэрэгжилт болон өвөлжилтийн бэлтгэлийг хангаж буй байдлыг шалгаж эхэлжээ.
Шалгалтыг энэ сарын 24-нөөс 27-ны өдрийг хүртэл ЦЕГ-ын Аюулгүй байдлын хэлтэс, Хяналт, шалгалт, үнэлгээ, дотоод аудитын хэлтэс, Төрийн нууцын хэлтсийн дарга, ахлах байцаагчдын бүрэлдэхүүнтэйгээр анги, байгууллагуудад явуулах аж.
Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын алба хаагчдын удирдах ажилтны манлайлал, алба хаагчдын сахилга хариуцлага, ёс зүй, ажлын цаг ашиглалт, Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны “Дотоод аюулгүй байдлыг хангах журам код 113”-ын хэрэгжилт зэргийг тухайлан шалгах юм байна.
Өнгөрсөн баасан гаригт Дотоодын цэргийн анги, байгууллагын алба хаагчдад Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 01 тоот сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” албан даалгаврын 2018 оны эхний хагас жилийн тайланг танилцуулжээ.
Мөн энэ оны эхний хагас жилд Дотоодын цэргийн штаб, анги, тусгай салбар салааны алба хаагч нарын гаргасан сахилга, ёс зүйн зөрчилд хийсэн дүн шинжилгээ тайлан болон Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагчийн үүрэг, даалгаврыг танилцуулж, цаашид алба хаагч нарын сахилга хариуцлагыг дээшлүүлэхэд хэрэгжүүлэх ажил арга, хэмжээний санал асуулга авч, алба хаагчдын дунд нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулсан байна.
Уг үйл ажиллагааг Дотоодын цэргийн штабын даргын баталсан удирдамжийн дагуу Дотоодын цэргийн штабын захиргааны удирдлага, цэргийн албаны зохион байгуулалтын хэлтсийн дарга, дэд хурандаа Ц.Наранбаатараар ахлуулсан бүрэлдэхүүн зохион байгуулжээ.