Мал эмнэлгийн ерөнхий газрын, сумын мал эмнэлгийн тасаг, орон нутаг хариуцсан мэргэжилтэн Д.Эрхэмбаатартай мал угаалгын ажлын талаар ярилцлаа.
-Мал угаалгын ажил хэрхэн явагддаг вэ. Жилд хэд орчим мал паразитаар өвчилж байна. Энэ талаар ярилцлагаа эхлүүлье?
-Мал угаалгын ажил гэдэг хийх графиктай байдаг. Дөрөвдүгээр сараас эхлээд аравдугаар сарыг дуустал мал угаалгын ажил үргэлжилнэ. Ихэвчлэн бог мал угаалгад хамрагддаг. Манай улсад жилдээ 400-600 мянган мал өвчилдөг гэсэн тоо баримт бий.
-Мал угаалгыг Монголын нөхцөлд ямар арга технологиор явуулж байна вэ?
-Манайд шумбуулж болон шүршиж угаах хоёр арга бий. Малыг шүршиж угааснаар бүрэн гүйцэд ариутгал хийгддэггүй. Ялангуяа хөх ширх паразит нь малын нимгэн арьстай, дулаан, чийг сайн хадгалагддаг хэсэгт буюу хонь, ямааны нүдний зовхи, ухархай, чихний уг, эрүүний доод хонхор, суга, цавь, хэвлий, хонго, сагаг зэрэгт гол халдвар нь байдаг. Тиймээс бог малыг 100 хувь шумбуулж угаах хэрэгтэй.
-Энэ ажлын ач холбогдлын талаар…?
-Малыг тогтмол угааж, эрүүлжүүлснээр мал давжаарах эрсдэлээс бүрэн сэргийлж, арьс шир, ноос ноолуур зэрэг малын гаралтай түүхий эдийн чанар, гарц дээшилдэг. Малын арьсны 70 хувь нь чанарын шаардлага хангахгүй байгаа өнөөгийн нөхцөлд малыг угааж буюу креолинжүүлснээр арьсны гэмтэл үгүй болж, арьсны чанар нь 1-3 зэрэглэлээр дээшлэх бүрэн боломжтой юм.
Мөн паразит болон шимэгч чанарын өвчнүүд буурч, малын тарга тэвээрэг 20-30 хувиар нэмэгддэг. Энэ нь эргээд хүнсний аюулгүй байдал хангагдаж, малын гаралтай түүхий эд, махны экспортыг нэмэгдүүлэх зэрэг эдийн засаг, нийгмийн асар том ач холбогдолтой байдаг.
-Манай орны нийт малын хэдэн хувь нь мал угаалгад хамрагдаж байна вэ?
-Нийт мал сүргийн 20-30 хувь нь угаалгад хамрагдаж байна. Бага хувьтай хамрагдаж байгаа мал эмнэлэг хувьд гарсан, малын паразит хорхойг хорих ажилд зарцуулагдах хөрөнгийг улсын төсөвт суулгаж өгдөггүйтэй холбоотой. Өөрөөр хэлбэл манай орны бүх малыг угаахад хүрэлцээтэй бодис байдаггүй гэж ойлгож болно.
-Мал угаалгах ажилд малчид хэр идэвхтэй хамрагдаж байна вэ?
-Малаа угаалгахаас залхуурч хойш суудаг иргэд байдаг. Энэ нь хар амиа хичээсэн зан гэдгийг малчид өөрсдөө ухамсарлах хэрэгтэй байна.
Мал угаалгад хамрагдаагүй тохиолдолд халдварт өвчин тусах магадлал өндөр болж ирнэ. Хэрэв товлосон, тохирсон цагт малаа угаалгалгүй үлдээж, сүүлд өвчин гаргасан бол тухайн мал сүргийн эзэнд хуулийн дагуу арга хэмжээ авна. Шимэгч өвчтэй мал туранхай, ашиг шим багатай байдаг. Туранхай малыг иргэд хямдаар худалдаж авахыг хүсэхгүй шүү дээ. Эсрэгээрээ малчид хямдаар зарахыг бодохгүй. Явсаар бэлчээрийн даац хэтрэх нэг шалтгаан болж байгаа юм л даа. Мал угаах ашиг шимийн талаар малчдад сайн ойлгуулж өгөх шаардлагатай байгаа.