-ШҮҮГДЭГЧИЙН ХҮСЭЛТИЙГ ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН ХҮЛЭЭН АВЛАА-
Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдох хэргийн шүүх өнөөдөр 11:00 цагаас товлогдсон байсан. Шүүх хуралдааны шүүгчээр Б.Ариунхишиг, улсын яллагчаар Н.Амарсанаа, шүүгдэгч, хохирогчдын өмгөөлөгчөөр Г.Батбаяр, Н.Отгонбаяр, Б.Бат-Ерөөлт, Э.Хишигчулуун нар оролцохоор төлөвлөгдөөд байсан юм.
Шүүх хуралдааны эхэнд шүүгдэгч Д.Гантулгын зүгээс хүндэтгэх шалтгааны улмаас өмгөөлөгчдийн нэг нь хүрэлцэн ирээгүй учраас хойшлуулах хүсэлт гаргасан байна. Шүүх бүрэлдэхүүн шүүгдэгчийн хүсэлтийг хэлэлцэж, хүлээн авснаар энэ сарын 12-ны өдөр хүртэл шүүх хуралдааныг хойшлуулах шийдвэр гаргажээ.
-ШҮҮГДЭГЧ Д.ГАНТУЛГА ХҮСЭЛТ ГАРГАЖЭЭ-
УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдох хэргийн шүүх хурал Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд дөнгөж сая эхэллээ. Шүүх хуралдааны эхэнд шүүгдэгч Д.Гантулга хүсэлт гаргасан байна. Одоогоор шүүх бүрэлдэхүүн түүний хүсэлтийг хүлээн авах эсэхийг хэлэлцэхээр түр завсарлаад байгаа юм.
ЭХЛЭЛ: 09:24 ЦАГТ
-УИХ-ЫН ГИШҮҮН АСАН Д.ГАНТУЛГЫГ ӨНӨӨДӨР ШҮҮНЭ-
Яг одоо УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдох хэргийн шүүх хурал Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхлэх гэж байна. Шүүх хурал өнгөрсөн баасан гаригт товлогдсон ч хохирогч Ч.Наранзаяа эрүүл мэндийн шалтгаанаар хурлыг хойшлуулах хүсэлт гаргаж, шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг хүлээн авсанаар хурлыг өнөөдөр болтол хойшлуулаад байсан юм.
Өнөөдрийн хуралд шүүгчээр Б.Ариунхишиг, улсын яллагчаар Н.Амарсанаа, шүүгдэгч, хохирогчдын өмгөөлөгчөөр Г.Батбаяр, Н.Отгонбаяр, Б.Бат-Ерөөлт, Э.Хишигчулуун нар оролцоно. Харин хохирогчоор Ч.Наранзаяа, гэрчээр Ч.Саранзаяа нар оролцоно.
УИХ-ын гишүүн асан Д.Гантулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1.1-т зааснаар буруутгаж буй. Тус зүйл ангид “Хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эсхүл сэтгэцийн өвчтэй, согтуурсан, мансуурсан, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, бусад өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, эсхүл эд хөрөнгө, албан тушаал, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, эсхүл бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байдаг.