Өнөөдөр Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын сайд С.Чинзориг төрийн албан хаагчдын цалин нэмэгдүүлэх асуудлаарх Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцууллаа.
Энэ оны есдүгээр сарын 1-ээс эхлэн төрийн албан хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэхээр болжээ.
Багш, эмч нартай дүйцэхүйц албан тушаалтан болон эдгээрээс бага цалинтай албан тушаалтны цалин хөлсийг найман хувиар нэмэгдүүлэх шийдвэр гарчээ. Энэ арга хэмжээндтөрийн захиргааны албан хаагчид, үйлчилгээний албан хаагчид, төрийн тусгай албан хаагчид гээд нийт 145 мянган албан хаагчдын цалин есдүгээр сарын 1-ээс эхлэн найман хувиар нэмэгдэж байгаа юм.
Засгийн газар 2018 оны эхээр үйлдвэрчний эвлэлийн байгууллагуудтай гурван талт хэлэлцээр байгуулсан.Хэлэлцээрт Олон улсын валютын сантай, төрийн албан хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх чиглэлээр идэвхтэй хамтарч ажиллах болно гэсэн үүрэг хүлээсэн. Үүргийн дагуу Олон улсынвалютын сантай хамтарч, энэ оны дөрөвдүгээр сараас эхлэн төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх нэгдсэн ойлголт зөвшилцөлд хүрсэн.Энэ асуудлыг Засгийн газарт оруулж шийдвэр гаргасан.
Засгийн газар төрийн албан хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэхдээ дараах зарчим баримталсан байна.
Нэгд :Цалин хөлс багатай, эдийн засгийн хямралд өртсөн хэсэгт эхэлж нэмэгдүүлнэ
Хоёрт: Өнгөрсөн жилээс төрийн албан хаагчдын ажлын байрны нөхцөл, ажлын ачаалал, ур чадвар, хариуцлагаас хамаарсан ялгамжтай цалин хөлсний системтэй болгоно гэж ярьсан. Үүний дагуу эрүүл мэндийн болон боловсролын салбарт ажлын байрны нөхцөлийн үнэлгээний судалгаа хийсэн. Судалгааг үндэслэж төрийн албан хаагчдын цалин хөлсийг ажлын байрны нөхцөл, ачаалал, ур чадвар, хариуцлагаас хамаарсан ялгамжтай болгох цалин хөлсний шинэчлэлийн асуудлыг нэг мөр болгож байгааг онцолж байна.
Гуравт:Соёл урлагийн салбарт ажиллаж байгаа ажилчдын цалин хөлс бага гэсэн шүүмж байдаг.Өөрөө хэлбэл Соёл урлагийн салбарт ажиллаж байгаа ажилчдын цалин хөлс нийттөрийн албан хаагчдын цалин хөлстэй харьцуулахад 12.5 хувиар доогуур тогтоогдож ирсэн байна. Тиймээс эхний ээлжинд Соёл урлагийн төрийн албан хаагчдын цалинг нэмэх бодлогыг баримталж байна.
Дөрөвт: Шүүх прокурорын цалин хөлсийг нэмэгдүүлэхгүй гэсэн зарчим баримталсан.
Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын сайд С.Чинзориг үргэжлүүлэн ярихдаа “Инфляцийн түвшинтэй уялдуулж цалин хөлс нэмэгдүүлэхтэй холбогдуулан зэрэгцээ авч байгаа нэг удаагийн арга хэмжээнд төрийн албан хаагчдын ажлын нөхцөлийн судалгааг үндэслэн ялгаатай цалин авдаг байх шинэчлэлийг эхлүүлж байгаа юм. Эхний ээлжинд боловсрол, эрүүл мэндийн салбарт хийгдсэн хөдөлмөрийн нөхцлийн судалгааг үндэслэж, албан тушаалын ангилал зэрэглэлийг нэмэгдүүлэх шинэчлэн тогтоох арга хэмжээ авч байна. Эрүүл мэндийн салбарт хийгдсэн судалгаагаар хамгийн их ачаалал, хариуцлага шаарддаг ажил бол сувилагч гэж тодохойлсон. Боловсролын салбарт бага ангийн багш нар болон цэцэрлэгийн багш нар байдаг гэж тодорхойлсон. Тиймээс цалинг нэмэхээс гадна ангилалыг нь нэгээс хоёр шатаар ахиулах юм. Сувилагч нарын цалинг инфляцийн түвшинтэй уялдуулж цалин хөлсийг найман хувиар, албан тушаалын ангилал зэрэглэлээс ньхамааран 20-30 хувиар цалинг нь нэмэгдүүлнэ. Мөн Бага ангийн болон цэцэрлэгийн багш нарын цалин 14 хувиар нэмэгдэх боломжтой боллоо. Соёл урлагийн үйлчилгээний ажиллагсдын ангилал 11 байсан бол шинэчлэгдсэн ангилал зэрэглэлээр долоо болгосон. Энэ салбарынхны цалин найман хувь нэмэгдэнэ. Энэ хоёр арга хэмжээг зэрэг авсны үндсэн дээр эрүүл мэнд, боловсрол, соёл урлагийнхны цалин хөлс энэ оны есөн сараас14-32 хувиар нэмэгдэх боломжтой боллоо” гэсэн юм.
Цалин хөлс нэмэгдүүлэх, төрийн албан хаагчдын ангилал зэрэглэлийг нэмэгдүүлэх арга хэмжээ авч байгаатай холбогдуулаад УИХ-ын 2017 оны 29-р тогтоолд байгаа зарим зүйл заалтыг хүчингүй болгох санал гурван талт үндэсний хороон дээр яригдаж өчигдрийн Засгийн газрын хуралдаан дээр танилцуулж шийджээ.
Төрийн албан хаагчдын цалин хөлс нэмэгдүүлэхээр нийт төрийн албан хаагчдын 90 гаруй хувийг ажлын байрны ачаалал, нөхцөл байдлын судалгаанд хамруулсан байна.
Нийт 145 мянган төрийн албан хаагчдын цалин найман хувиар нэмэгдэж байна. Ангилал зэрэглэлийг нь шинэчлэн тогтоосноор 28200 төрийн албан хаагчдын цалин 14-32 хувиар нэмэгдэх болжээ.
Ирэх оны төсвийн төслийг боловсруулах ажлыг Сангийн сайд, Хөдөлмөрийн сайд хоёр хариуцаж хийхээр болсон байна.
Хөдөлмөрийн сайд энэ талаар хэлэхдээ “Төрийн албан хаагчдын цалинг боловсруулахдаа бодитойгоор хэдэн хувиар нэмэгдүүлэх хэдий хэмжээний хөрөнгө тусгах вэгэдэг асуудлыг тодорхой болгож, Засгийн газарт төсвийн төсөл оруулж ирэх үүргийнхээ дагуу ажиллана. Бидний урьдчилсан тооцоогоорирэх онд цалин нэмэгдүүлэхэд 220 орчим тэрбум төгрөг төлөвлөгдөхөөр судалж, Сангийн яамтай хамтраад ажиллаж байна. 2019 онд төрийн албан хаагчдын ажлын байрны нөхцөлийн үнэлгээг бүрэн судалж дуусна. 2017, 2018 онуудад төрийн албан хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэхгүй байх Олон улсын валютын сантай байгуулсан гэрээ хэлэлцээртөөрчлөлт оруулах замаар төрийн албан хаагчдын цалинг эдийн засагт гарсан өөрчлөлт, төсөвт гарч байгаа эерэг өөрчлөлтүүдийг үндэслэнболомжийн хэрээр нэмэх алхам хийлээ. Цаашдаа төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх ангилал, зэрэглэлүүдийг шинэчлэн тогтоох ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэх болно гэв.
Б.ОЮУНЖАРГАЛ