Categories
мэдээ нийгэм

Хүүхэд хулгайлсан эмэгтэйг нэг сарын хугацаатай цагдан хорьжээ

Нийслэлийн Хан-Уул дүүрэгт оршин суух 37 настай эмэгтэй Дархан-Уул аймгаас таван настай охиныг хулгайлан, Улаанбаатарт авчирсан байхад нь цагдаагийн алба хаагчид илрүүлэн баривчилсан талаар бид мэдээлсэн. Б.Энхжин охин аав болох Н.Батнайрамдал, эмээ Б.Цэрэнбадам болон гурван ахын хамт оршин суудаг.

Тодруулбал, 2018 оны наймдугаар сарын 19-ний өдрийн 16.00-17.00 цагийн орчим 5 настай Б.Энхжинг гэрийнхээ гадаа тоглож байхад нь П.Батсуурь гэгч эмэгтэй “Эгч нь зайрмаг авч өгье” гэж хуурч авч явсан бөгөөд тухайн өдрийн 18.00 цагийн Дархан-Улаанбаатар чиглэлийн автобусаар нийслэл хотод иржээ. Охиныг Хан-Уул дүүргийн тавдугаар хороо, арьс ширний 80 айлын 12-4 тоот нийтийн орон сууцанд байх гэртээ авч очсон байна.

Харин охиныг хулгайлсан П.Батсуурьт Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг дахин үйлдэх талаар үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа” гэх үндэслэлээр нэг сарын хугацаагаар цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас гаргажээ. Түүнийг тус аймгийн тус аймгийн цагдан хорих байранд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *