2009 оны судалгаагаар цахимаар мэдээлэл авагчдын тоо 106 мянга байсан бол 2016 онд 2.5 саяд хүрсэн байна. 12 ба түүнээс дээш насны хүн амын 54 хувь нь ямар нэгэн хэлбэрээр цахим орчинг ашигладаг бол тэдний 40 хувь нь өдөрт дунджаар 2-3 цагийг зарцуулж байна. Мэдээлэл технологийн дэвшил ийнхүү гэрлийн хурдаар урагшилж буй цаг үед ухаалаг хэрэглээнийхээ ганцхан товчийг дараад л хүссэн бараа, үйлчилгээгээ төвөггүй авч чаддаг болсон. Энэ нь цаг хугацаа, зардал хэмнэж буй ч энэхүү хэрэгцээ шаардлагыг далимдуулж амар хялбар аргаар мөнгө олох гэмт хэрэгтнүүд олширч байгааг Эрүүгийн цагдаагийн албаны Цахим гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс сэрэмжлүүлж байна.
Тодруулбал, гэмт хэрэгтнүүд худалдааны болон төлбөрийн вэб сайтыг дуурайлган бусдын дансны мэдээллийг хулгайлах, байгууллагын сүлжээний мэдээллийг устгах, хуурамч гүйлгээ хийн эд зүйл, бэлэн бус мөнгийг шилжүүлэн авах гэмт хэргүүд гарч байгаа аж.
Дэлхий дээрсекундэд 18 хүн цахим худалдааны хохирогч болж байна. 2017 онд энэ гэмт хэргийн хохирол 100 тэрбумд хүрч, жилд 556 сая, өдөрт 1.5 сая хүн гэмт хэргийн хохирогч болжээ.
Кибер гэмт хэргийн тухай конвенцид нэгдэх шаардлагатай
Цахим гэмт хэрэгтэй тэмцэхийн тулд Кибер гэмт хэргийн тухай “Конвенцид” нэгдэхшаардлагатайг цагдаагийн байгууллагаас мэдээлж байна. Ингэснээр гэмт хэргийг илрүүлэхэд дөхөм болох аж. Бараа худалдах, худалдан авах тухай олон улсын гэрээний тухай Венийн конвенц, Иргэний болон арилжааны асуудлын шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх тухай Брюсселийн конвенц, Иргэний болон арилжааны хэргийн асуудлаар гадаадын шүүхийн шийдвэр, маргаан шийдвэрлэх шүүхийн харьяаллын тухай Гаагийн конвенц, Маргаан шийдвэрлэх шүүхийг сонгох зөвшилцлийн тухай Гаагийн конвенц, Олон улсын гэрээний цахим харилцаа ашиглах тухай конвенц гээд цахим харилцааг зохицуулдаг олон улсын эрхзүйн орчин бий. Эдгээрт Монгол Улс нэгдэн орвол энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх боломжтой юм.
Түүнчлэн төрөл бүрийн цахим худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээдийг бүрэн бүртгэх, үйл ажиллагаанд нь хяналт тавих, зар сурталчилгааны эрх зүйн орчинг боловсронгуй болгох, хууль бус зар сурталчилгааг хязгаарлах зэрэг арга хэмжээ авах шаардлагатайг онцоллоо.
“Гүүгл транслэйт” ашиглан залилан хийж байна
Гэмт хэрэгтнүүдийн дийлэнх нь гадны иргэд байдаг аж. Тэд гүүгл транслэйт /орчуулгын программ/ ашиглан итгэлийг олж аван улмаар залилдаг байна. Энэ мэтчилэн онлайн хэлбэрээр залилах гэмт хэрэг нь бусдын дансыг ашиглах, их хэмжээгээр хохироох эрсдлийг дагуулж байна. Тиймээс иргэд танихгүй хүнийг найзаар авах , холбоо тогтоох,хувийн мэдээллээ ил гаргахаас зайлсхийх шаардлагатай.