Categories
мэдээ нийгэм

Элсний фестиваль жуулчдын сонирхдог наадам болжээ

Монголын нүүдэлчин ахуй соёл, ёс заншил, өнө эртнээс уламжилсан өв уламжлал, түүхийг элсний спортын арга хэмжээтэй хослуулсан шинэ эвентийг бий болгож дотоод, гадаадын жуулчдад сурталчлах замаар, аялал жуулчлалыг хөгжүүлэхээр элсний фистиваль арга хэмжээг Говь-Алтай аймаг дөрөв дахь жилдээ зохион байгуулж байна.

Арга хэмжээ Говь-Алтай аймгийн Жаргалан сумын байгалийн үзэсгэлэнт цогцолбор газар болох Монголын их элсний үргэлжлэл Эрээн нуурын хөвөөнөө зохиогдлоо. Үүний зэрэгцээ үндэсний сурын харвааг орон нутагт хөгжүүлэх, өв соёлоороо бахархах, олон нийтэд түгээн дэлгэрүүлэх зорилгоор Алтайн 1000 харваач зэвт харвааны наадам зохиогдлоо.

Цаст Алтай нутгаас төрөн гарсан анхны эрэгтэй мэргэн Говь-Алтай аймгийн Бугат сумын харьяат Монгол Улсын мэргэн “Засагт Хан” клубын ерөнхий дасгалжуулагч Б.Дашзэвэгт хүндэтгэл үзүүлэх цуваа харваа зохион байгуулагдлаа.

Төрийн их баяр наадмаар үндэсний сурын харваанд 40 сумнаас 37 онож, Алтай нутгаас төрөн гарсан анхны эрэгтэй Монгол Улсын мэргэн цол хүртсэн Б.Дашзэвэгт хүндэтгэл үзүүлж, УИХ-ын гишүүн, хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд хоёр өрөө байрны эрхийн бичиг гардуулж, аймаг орон нутгийн удирдлагууд Говь-Алтай аймгийн хүндэт иргэнээр тодорсон тул өргөмжлөл мөнгөн шагналыг гардуулж өглөө.

Монголдоо анх удаа гэж хэлж болохуйц 60 гаруй мянган хүн амын 1000 хүн нэгэн зэрэг харвана гэдэг ховор тохиол юм. Цаашлаад энэхүү арга хэмжээг дэлхийн өв буюу геннист бүртгүүлэх хүсэлтээ Алтайчууд гаргаад байгаа юм. Уг арга хэмжээнд Говь-Алтай аймгийн 1000 харваачаас гадна мэргэжлийн 300 гаруй харваач оролцож, цэц мэргэнээ сорилоо.

Энэ үеэр дотоод, гадаадын жуулчид, элсний спорт, урлаг судлаач эрдэмтэд, уран бүтээлчид, сонирхогчид, зочид төлөөлөгч, харваачид, иргэд өргөнөөр оролцлоо. Цаашлаад уг арга хэмжээг олон улсын хэмжээнд зохион байгуулахаар болж байгаа нь онцлог байлаа.

Алтайн 1000 харваач сурын харвааны тэмцээнд сум тус бүрээс 50 харваачийг тусгайлан бэлтгэн оролцуулж нийтдээ 1000 харваач нэгэн дор чуулсан сэтгэл бахдам томоохон арга хэмжээнд нийслэл хот төдийгүй, хөрш зэргэлдээх аймаг орон нутгийн 300 гаруй мэргэжлийн мэргэн харваачид ирж оролцлоо.

Байт сурын харвааны төрөлд Говь-Алтай аймгийн Халиун сумын баг тамирчид тэргүүлж, Баян-Уул сумын баг тамирчид хоёр, Есөнбулаг сумын баг тамирчид гурав, Шарга сумын баг тамирчид дөрөв, Эрдэнэ сумын баг тамирчид тавдугаар байрт шалгарлаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *