“Шилдэг өнгө” продакшны продюсер, найруулагч Ц.Хүсэлбаатартай ярилцлаа.
-Танай продакшныхан ээлжит уран бүтээл болох “Нинжин сэтгэл” уран сайхны киноныхоо зургийг аваад өнөө зун нэлээд завгүй байх шиг байсан шүү?
-Тийм тийм. “Нинжин сэтгэл” гэдэг нь ажлын нэр л дээ. Киноныхоо нэрийг одоогоор тогтоогүй байна. “Нинжин сэтгэл” гэж зохиолынхоо нэрээр явж байна. Энэ кино хүний сайхан сэтгэл, хүний сайхан сэтгэлийн ялалтын тухай өгүүлэх бүтээл л дээ. Зохиолынхоо нэрээр л явж байна. Түүнээс биш кинондоо нэр өгөөгүй байж л байна. Үүн дээр жаахан маргаантай л байгаа (инээв).
-Кино тань хэзээ дэлгэцэнд гарах вэ?
-Ирэх сарын 27-нд дэлгэцэнд гаргана гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна, амжвал шүү дээ.
-“Нинжин сэтгэл” киноны багт манай шилдэг уран бүтээлчид багтсан байна билээ?
-Энэ кинонд өмнө нь олон уран бүтээл дээр хамт ажилласан хүмүүстэйгээ дахин хамтран ажиллаж байгаа. Кино зураглаач Н.Баттуяатай өмнө нь “Аюултай харилцаа”, “Сүүлчийн бүжиг” кинонд хамтран ажиллаж байсан. Жүжигчдийн хувьд Монгол Улсын гавьяат жүжигчин Ц.Төмөрхуяг, Н.Золбоот, миний хань С.Өлзийхүү, жүжигчин Г.Отгонцэцэг, драмын театрын өсч яваа сайн жүжигчин Б.Одончимэг, жүжигчин П.Шүүдэрцэцэг, миний охин Х.Баярмаа, мөн жүжигчин Л.Эрдэнэ-Очир байна. Бид хоёр нэг ангийн хоёр. Очироо маань (Л.Эрдэнэ-Очирыг хэлэв) урилгаар манай кинонд тоглосон. Ер нь олны сонирхлыг татах маш сайн уран бүтээлчид цугласан шүү. Манай гэрэлтүүлэгч Очирбат олон кинонд явсан чадварлаг уран бүтээлч. “Галзуу зугаалга”, “Ядуугийн зовлон” кинон дээр надтай өмнө нь хамтарсан.
-Ингэхэд “Ядуугийн зовлон-3” гэж анги гарах юм биш биз?
-“Ядуугийн зовлон-3” гэж байхгүй байх аа (инээв). Гэхдээ таныг ингэж асуухаар бас гуравдугаар анги хийж болох ч юм уу гэж бодол төрж байна шүү.
-“Нинжин сэтгэл” киноны тухай яриандаа эргэж оръё. Гол дүрд нь жүжигчин С.Өлзийхүү тоглосон уу?
-“Загасчны морь усгүй” гэгчээр би ханьдаа зориулж нэг ч бүтээл хийж байгаагүй юм билээ. “Чамдаа зориуллаа” гэж би юм хийгээгүй байжээ. Ингээд яваад байж бас болохгүй биз дээ. “Нинжин сэтгэл” бол ханьдаа зориулж бүтээл хийнэ гэсэн хүслээс минь үүдэж гарсан зохиол.
-1990-ээд оноос хойших монгол кинонуудыг багцлаад харахаар тодорхой дүр дүрслэлүүдийг голдуу тусгасан байдаг. Эхэн үедээ траншейны амьдрал, архидалт, үхэл хагацал зэрэг хар барааныг голдуу өгүүлдэг байсан бол 2000 он гараад комеди чиглэлийн кино ихээр бүтээгдсэн. Харин сүүлийн жилүүдэд өгүүлэмж нь арай өөр түвшин рүү шилжээд байна уу даа гэж анзаарагдах болсон?
-Зохиолын чанар сайжирч байна гэсэн үг. Аргагүй л дээ. Бид чинь дэлхийн шилдгүүдийг үздэг ард түмэн шүү дээ. Манайд мэдээлэл харилцаа, дэд бүтэц маш сайн хөгжсөн. Тэр чинээгээрээ гаднаас авч байгаа мэдээллүүд маань өндөр түвшнийх. Өндөр түвшинийх нь мэдээлэлд хүрэх хэмжээний юм хийхгүй бол үзэгчид хүлээж авахгүй. Тиймээс бүтээлийн чанар “CJ” интертайнмент, Холливудын хэмжээнд хийгдэж байгаа бүтээлийн хэмжээнд очно. Тэр хэмжээгээр гадныхан Монголыг сонирхоод эхэлчихсэн. “Энэ жижигхэн орон” гээд биднийг тоодоггүй байсан юм шиг байна лээ. Одоо харин анхаарлаа хандуулж эхэлсэн. Манайд контентийн албан ёсны дистрибютр компаниуд үйл ажиллагаагаа явуулаад эхэлчихсэн. Тэд чинь гадны зах зээл, прокатууд дээр монгол бүтээлүүдийг танилцуулаад эхэлчихэж байгаа юм. Тэгэнгүүт л гадныхан сонирхож эхэлж, зах зээлийн цэвэр өрсөлдөөн эхэлсэн. Тунгалагхан өрсөлдөөн явж байна. Ийм өрсөлдөөнөөр манай кино урлагийн салбар нэг нэг шатаар ахиад л яваад байна. Ийм учраас чанаржаад байгаа юм.
-Нөгөөтэйгүүр кино хүний сэтгэл рүү улам өнгийх болжээ?
-Хүний дотоод сэтгэл рүү өнгийх шаардлагатай болж байна. Өнөөдрийн нийгмийн харилцаа нь тийм болчихож. Хөрөнгөтний нийгэм, зэрлэг капитализмд бид амьдарч байна шүү дээ. Зэрлэг капитализм гэж юу байдгийг бид биеэрээ туулж байна. Аймаар юм байдаг юм байна. Хүн чанар гэдэг юм алга болж, зүгээр л хөрөнгө мөнгөний төлөө, баян байхын төлөө, нэг нь нөгөөгөөсөө илүү байхын төлөө өрсөлдөөнөөр явж байна л даа. Энэ нь хүний сэтгэлийн мөн чанарыг давчихаад байгаа юм. Хүн энэрэнгүй, ухаантай амьтан. Муухай амьдаръя гэж хэн ч боддоггүй шиг хэн нэгнийг хорлоё гэж хэн ч бодохгүй. Өрсөлдөөн л хүнд ийм юмыг өгч байна. Би хэн нэгнээс л илүү байхгүй бол тэр хүн надаас илүү гарчих гээд байгаа учраас. Ингэж нэгнээсээ илүү байхын төлөө тэмцэх нь амьдралын зэрлэг өрсөлдөөн болчихоод байна. Амьтанлаг. Зэрлэг байгаль дээр адгуус амьтад өлсөхгүйн тулд бусад амьтдыг алж иддэгтэй адилхан бие биенээ барьж идэх үйл явц руу яваад байна. Гэхдээ энэ үйл явц аяндаа алга болох байх. Энэ зүйл аяндаа алга болоход урлаг, уран бүтээлч бидний хувьд нэмэр маш их бий. Хүний сэтгэлийг зөөллөж өгөх хэрэгтэй. Ингэж болохгүй юм аа. Ингэвэл зөв юм. Бурхны сургаалд ч бий. Тэр нь эцсийн гаргалаа юм. Энэ бол өршөөх сэтгэл. Бусдыгаа өршөөх сэтгэл. Бусдаас илүү гарахын төлөө зүтгэхгүй байх сэтгэл. Байгаадаа сэтгэл хангалуун амьдрах сэтгэл. Чи өнөөдөр хоолтой байна уу, хоолтой байна. Өдөрт гурав хооллож байна. Билл Гэйтс бас өдөрт гурван удаа л хоол иддэг. Илүү их мөнгөтэй гээд өдөрт 300 удаа хоол идэхгүй шүү дээ (инээв).
-Энэ киноны өмнө “Аюултай харилцаа”-г үзэгчдэд хүргэсэн билүү?
-Үгүй. “Галзуу зугаалга” кино байсан.
-Ямартаа ч “Аюултай харилцаа” кино үзэгчдийн хүлээлтээс давсан бүтээл болж чадсан байсан. Сүүлийн үед танай продакшны кинонуудыг хараад байхад action тал руу яваад байна уу?
-Зүгээр л хүнийг сургаад “За, хө…” гэж яриад нэмэргүй шүү дээ. Сургаалыг сонирхолтой хэлбэрээр хүнд хүргэх хэрэгтэй гэж боддог юм. Би залуудаа сонирхолтой уран бүтээл үзүүлье л гэж боддог байсан юм. Зүгээр л энэ бол ажил, шоу. Үүгээр би хоолныхоо мөнгийг олно гэдэг утгаар ханддаг байсан чинь удаан ажиллаад туршлага суугаад нас ахисных ч юм уу, бусдад хэрэгтэй юм хэлчих юмсан, хүнд нэг ч гэсэн юм ойлгуулчих юмсан гэдэг хүсэл төрдөг болсон. Энэ ч үүднээс “Аюултай харилцаа” гэдэг кино төрсөн. Би олон хүнд тус болсон юм шиг байна лээ. Зарим нэг хүн ярьж л байсан.
-“Аюултай харилцаа” киноны тэр хүүхэн ч зарим хүнийг айлгаж орхисон?
-Энэ бол байж болох зүйл шүү дээ. Байж болно. Тэр киноны тухайд бол хорхойг модоор хатгачихаад ууртайг нь гайхав гэдэг шиг л юм болсон. Зүв зүгээр амьдрал нь голдрилоороо сайхан явж байсан, нэлээд бардам зантай нэгэн бүсгүйг өдөж доромжилчихоод зүгээр л хаяна гэвэл тийм юм байдаггүй байхгүй юу. Хэзээ ч би чамд доромжлуулахгүй гэдэг үүднээс л энэ зөрчил үүсчихэж байгаа биз дээ. Тэр хүн өөрийгөө доромжлуулахыг хүсэхгүй. Өөрийгөө хүндэлдэг, тэр болтол том компанийг аваад явчихсан бизнес эрхлэгч эмэгтэй гол нь тэр залуугаар дутахгүй л дээ. Гэхдээ тэр хүний сэтгэлд ямар юм сэрэв гэхээр “Би хэнд ч доромжлуулахгүй” гэдэг юм л сэрчихэж байгаа юм. Үүн дээр л миний яриад байгаа өршөөх сэтгэл байх ёстой байхгүй юу. Чи хэн нэгэнд доромжлуулсныхаа хариуг заавал авах ёстой гэж үү. Үгүй ч байж болно шүү дээ. Энэ талаар Бурхан багшийн сургаал, мөн Библд заачихсан байдаг юм. Нэг хацрыг чинь алгадвал нөгөө хацраа өг! Сохрын газар сохор, доголонгийн газар доголон. Энэ сургаалууд чинь нэг юм хэлээд байгаа биз. Яг л ийм юмнуудыг хүмүүст хэлээд л байх ёстой юм шиг ээ.
Миний хувьд нийгмийн салбарт ажиллаж байгаа сэтгүүлчдийн ажлыг бахархаж боддог. Багш нарын хийхгүй байгаа ажлыг тэд хийж байна. “Чи хог битгий хаяач ээ”, “Туул голыг бохирдуулаад байна аа. Гол усаа бохирдуулах чинь муухай юм байгаа юм шүү дээ” гэж хэлээд байдаг. Үүнийг хүүхдүүд цэвэр тунгалаг оюун ухаандаа зөв тусгаад авчихдаг. Хүүхдэд бусдыг хайрлах ёстой гэдгийг хэлээд ойлгуулаад өгөх ёстой. Яагаад өшөө авах хэрэггүй юм бэ. Яагаад доромжлуулсныхаа хариуг доромжлолоор авахгүй байх ёстой юм бэ гэдгийн учир начрыг нь хэлээд тайлбарлаад байвал зүгээр. Тэгэхгүйгээр учир битүүлэг байж болохгүй. “Чи гэрийн босгон дээр зогсч болохгүй” гэж загнахынхаа оронд ийм ийм учраас босгон дээр зогсч болдоггүй юм аа гээд тайлбарлаад өгөх ёстой. “Чи газарт гадас шаачихаад нүхийг нь бөглө. Муу ёр” гэнэ. “Хаалга битгий алдалж зогсоод бай” гэцгээдэг. Энэ бүхнийхээ цаад учрыг томчууд бид мэдэж авчихаад хүүхдүүдийнхээ асуултад уйгагүй тайлбарлаж хариулж байх ёстой. Энэ чинь нийгэмдээ гүйцэтгэж байгаа аав, ээжийн үүрэг байхгүй юу. Хүмүүст ойлгуулж байх ёстой. Тэр ч утгаараа энэ “Нинжин сэтгэл” кино энэ тухай өгүүлнэ. Хүний хайрлах, өрөвдөх нинжин сэтгэл хар мууг хөөж зайлуулдаг. Тэрний дараа амьдрал илүү гэрэл гэгээтэй сайхан болдог. Хүний амьдралд юу ч, ямар ч гай гамшиг тохиолдож болно. Юунд ч өртөж болно. Тэглээ гээд мууг муугаар битгий хариулаач дээ. Энэ кинон дээр дахиад бас нэг өөр зүйл харагдана. Үйлийн үр гэж юм байгаа шүү. Чи ямар нэг буруу үйлийг санаатай болон санаандгүйгээр хийх аваас тэрний үр дүн нь чамд ийм айхавтар тусна. Гэхдээ үйлийн үрийг нимгэлдэг цорын ганц арга байдаг юм байна гэдгийг ойлгосон миний л ойлголт л доо. Зүгээр л хүлцэнгүй байх.
-Бүх зүйлд хүлцэнгүй байх ёстой гэж үү?
-Бусдад доромжлуулаад бай гэсэн үг бас биш. Чи өөрийнхөөрөө л бай. Өөрийнхөө л хийж чадах юмаа хамгийн сайн чаддагаараа хий. Хэн нэгэнтэй өөрийгөө битгий харьцуулж өрсөлд. Тэрийг бусад хүмүүс харж байгаа. Нэг мэргэжлээр ажиллаж байгаа хоёр хүн хоёулаа чадвартай байлаа гэж бодъё. Энэ тохиолдолд та зүгээр л ажлаа хий. Түүнээс биш “Энэ надаас илүү ажиллалаад байна” гэж битгий бод. Зүгээр л өөрийнхөө хийж чадах юмаа хамгийн үнэнчээр, хамгийн сайн чадах хэмжээндээ тултал хийхээр аяндаа л бүх шагнал ирдэг. Тэгж харагддаг юм байна.
-Та анх ямар бүтээл найруулж үзэгчдэд хүргэж байсан юм бэ?
-Миний анхны оролцсон, хоёрдугаар найруулагч, кино зохиолчоор ажилласан бүтээл гэвэл “Бор чоно” гэж кино байдаг юм.
-Хэдэн онд юм?
-1994 он. Одоо “Юнивишн”-ий Кино санд байгаа. Би өөрөө тэр киноныхоо нэг жижигхэн хэсэгт тоглосон байдаг юм. Нэг их туранхай, өндөөр нарийхан (инээв). 1992 онд “UBS” телевизийн захирал Балхаа ах (Соёлын гавьяат зүтгэлтэн Л.Балхжавыг хэлэв.сурв) надад курсийн ажлаа телевиздээ хийхийг зөвшөөрч би Цэндийн Доржготовын зохиолоос сэдэвлээд “Мөнхийн ус” бүтээлээ хийж байлаа. Балхаа ах залуусыг их сайхан дэмждэг хүн шүү дээ. Тийм нэг дэлгэцийн бүтээл байдаг юм. Түүнээс өмнө 1990 онд Монголын үндэсний телевизийн “Соронз” теле жүжигт ажиллаж байлаа. Эдгээр бүтээлүүдээс хойш би анх удаа бие дааж, найз Ганхуяг, ханьтайгаа хамтраад зохиолыг нь бичсэн кино гэвэл “Бүтэлгүй новш” инээдмийн уран сайхны кино. Энэ кино 1998 онд хийгдсэн.
-Жүжигчин Бооёо гол дүрд нь тоглосон?
-Тийм. Н.Ариунболд гол дүрийг нь бүтээсэн кино.
-Та одоогоор хичнээн кино найруулж дэлгэцэнд гаргачихаад байгаа юм бэ?
-“Нинжин сэтгэл” бол миний 11 дэх бүтээл. Бие дааж хийсэн 11 дэх бүтээл болж байна.
-Таныг үзэгчид анх найруулагч гэхээсээ илүүтэй жүжигчин гэж хүлээж авсан?
-Тэгж хүлээж авах нь аргагүй юм. 1990 онд Монголын үндэсний телевизэд “Мэлмий” нэгдэл байгуулагдаад тус телевизийн дэргэд Жүжигчний сургалтын студи бий болсон юм. Миний багш Энхжаргал тэр студийг нээсэн. Цэргээс халагдаж ирээд энэ студид ажиллаж байх хугацаандаа “Шармал толь” зэрэг телевизийн хэд хэдэн цуврал бүтээлд тоглосон юм. Түүгээр минь л намайг хүмүүс жүжигчин гэж хүлээж авсан байдаг. Түүнээс биш надад өөр жүжиглээд сүйд болсон юм байхгүй шүү дээ.
-Та аавтайгаа улам адилхан болжээ. Танд Богдын дүр бүтээх ч юм уу, ямар нэг түүхэн дүрийн санал ирдэг үү?
-Өөр хэнтэйгээ адилхан байх вэ дээ (инээв). Би жүжигчин биш шүү дээ. Чадахгүй ш дээ. Жүжигчин хүний ажил тусдаа. Адаглаж л хөдөлгөөний эвсэлтэй байх хэрэгтэй. Сайхан дуулдаг, хуурддаг байхаас авахуулаад бие бялдрын хүмүүжилтэй байх ёстой. Надад тэр нь байхгүй л дээ.
-Урлагийнхны амнаас “Урлаг хатуу, хэцүү салбар. Үр хүүхдээ л хол байлгах минь” гэдэг үг их сонсч байлаа. Гэтэл танайх гэр бүлээрээ жүжигчид. Гурван үеийн жүжигчид?
-Тийм шүү, гурван үеийн жүжигчид. Эмчийн гэр бүлийнхэн эмч л болдог. Санхүүчийн гэр бүлийнхэн санхүүч. Хуулчийн гэр бүлийнхэн хуульч. Инженерийн гэр бүлээс инженерүүд л төрөөд байдаг. Ар араасаа залгаад л мэргэжлийг нь өвлөдөг. Тэрэнтэй л адилхан байхгүй юу. Яагаад вэ гэвэл энэ салбарт ойрхон өсчихөж байгаа юм. Миний охин аль хар нялхаасаа, мэдээ орох цагаасаа л “Бат-Өлзий гэж жүжигчин байдаг юм байна”, “Өө, энэ Эрдэнэзаан ах байна. Энэ Баярмагнай ах байна” гээд л бид нартай цуг ууж идээд л, хүүхдүүд маань хоорондоо тоглоод л өссөн. Шинэ бүтээл болгоны нээлт дээр очиж үзэгчдийн суудлаас биднийг харна. Зохиол бүтээлээ хийх гээд ширээний ард маргаад л хэрэлдэж байхад хажууд зогсч байгаа хүн өөр хэн болж хүмүүжих юм. Өөр хүн болох их хэцүү шүү дээ. Би бас тэгж боддог байсан минь бас буруу юм билээ. Хүнээр өөрийнх нь дуртай юмыг л хийлгэвэл амжилт гаргана. Дургүй юманд нь хичнээн загнаад сургаж ажиллууллаа ч үр дүн гарахгүй. Тоо сонирхохгүй байхад нь “Би багадаа тоонд муу байсан. Одоо манайд санхүүч хэрэгтэй байна. Чи санхүүч бол” гэх нь буруу юм байна гэдгийг ойлгосон. Ингэж явсан хүмүүс байна. Хүчээр оруулсан сургуулийг нь дүүргэчихээд л “Би жүжигчин болно” гээд мэргэжлээ хаясан хүмүүс байна. Тэгж хүүхдүүдийнхээ амьдралаас жил, сарыг нь авах шаардлагагүй юм байна гэж ойлгосон. Манай бага хүү эмч болох гээд л явж байгаа. Зөв үү, буруу юу мэдэхгүй л байна.
Нэг их сайхан жүжигчин, найруулагч, зураглаачийг юу ч биш болгоод тавьж байгаа юм биш биз дээ гэх жаахан айдас байна. Гэхдээ хүү маань өөрөө тэр мэргэжилдээ дуртай юм шиг байгаа юм. Би бүр багаас нь тэгээд үглэчихсэн юм. “Чи урлагийн хүн болохгүй шүү” гэдэг маанийг өдөр болгон уншаад айлгаад хаячихсан ч байж мэднэ. Тэгтэл зүрх сэтгэлийн дуудлага нь наашаа л байдаг юм шиг байна лээ. Мэдэхгүй, Бурхан өршөөг. Яах юм, ямар хүн болж хувирах юм бол (инээв).