Өнөөдөр олон нийтийн сүлжээнд “Ховд аймагт хүүхдүүд тарвасанд хордож эмнэлэгт хүргэгдсэн байна” гэх мэдээлэл тарсан. Улмаар иргэд зарах тарвасаа томруулж, улаан өнгөтэй болгохын тулд химийн бордоо ашигласан гэсэн ажээ.
Тус мэдээллийн дагуу бид Ховд аймгийн Нэгдсэн эмнэлгийн түргэн тусламжийн төвөөс тодрууллаа. Тэдний өгсөн мэдээллээр, “Ор үндэсгүй ташаа мэдээлэл гарсан байна. Тарвас идсэний улмаас өвчилж, эмнэлэгт хандсан тохиолдол нэг ч бүртгэгдээгүй” гэв. Түүнчлэн ЭМЯ-наас “Худлаа ташаа мэдээлэл. Тийм зүйл болоогүй гэдгийг Ховд аймгийн эрүүл мэндийн байгууллагаас асууж тодруулсан” гэлээ.
Дашрамд дуулгахад, БНХАУ-д хадгалалтын горим алдагдсан тарвас жимснээс хордсон тохиолдол гарч байсныг Эрүүл мэндийн яамнаас анхааруулж байжээ. Иргэд халуун нөхцөлд, хадгалалтын горим сахиагүй ил задгайгаар худалдаалж байгаа тарвас болон жимс, жимсгэнийг худалдан авах, зүссэн тарвасыг хөргөгчинд гурав хоногоос илүүгээр хадгалснаар хордох магадлал өндөрсдөгийг анхааруулдаг юм.