Categories
мэдээ нийгэм

“Сэтгүүлч” дээд сургуулийг “Сити” их сургуультай нэгтгэжээ

БСШУС-ын сайдын 507 тоот тушаалаар Монголын Хэвлэлийн Хүрээлэнгийн дэргэдэх “Сэтгүүлч” дээд сургуулийг “СИТИ” их сургуультай нэгтгэв.

“СИТИ” Их сургууль нь 1998 онд байгуулагдсан бөгөөд 2005, 2010 онд Монгол улсын Боловсролын Магадлан Итгэмжлэлийн Үндэсний Зөвлөлөөр анхан шатны болон ахисан түвшинд магадлан итгэмжлэгдэж, 2012 онд БСШУЯ-д аттестатчилагдсан юм. Тус их сургууль нь Бизнесийн сургууль, Урлагийн сургууль, Гоо сайхны сургууль, Архитектур-Дизайны сургууль, Хүмүүнлэгийн сургууль, Хууль зүйн сургууль гэсэн үндсэн 7 сургуультай Монголын дээд боловсролын салбарт үйл ажиллагаагаа амжилттай явуулж буй төрийн бус өмчийн нэр хүндтэй сургууль. Тус сургууль нь бакалавр, магистр, докторын түвшний сургалтыг салбартаа тэргүүлэгч доктор, профессорууд удирдан, дэлхийн стандартад нийцсэн сургалтын арга барилаар оюутанд мэдлэг олгож байгаа бөгөөд олон улсын нэр хүндтэй сургуулиудтай үр бүтээлтэй хамтран ажиллаж байгаагаараа онцлог ажээ.

“Сэтгүүлч” дээд сургууль нь хэвлэл мэдээллийн салбарт 2004 оноос хойш 14 дэх жилдээ бакалаврын төвшинд үйл ажиллагаагаа явуулж ирсэн бөгөөд сэтгүүл зүйн дагнасан сургалттай цорын ганц сургууль гэдгээрээ сэтгүүл зүйн салбарт онцлог сургууль. “Сэтгүүлч” дээд сургуулиас төрөн гарсан цөөнгүй боловсон хүчин өнөөгийн хэвлэл, мэдээллийн салбарт амжилттай ажиллаж, дөрөв дэх засаглалыг бэхжүүлэхэд гар бие оролцож байна.

“СИТИ” их сургууль “Сэтгүүлч” дээд сургуулийг нэгтгэснээр цаашид “Хэвлэл мэдээлэл, харилцаа холбооны сургууль” болон сургалтын үйл ажиллагаа нь өргөжиж байгаа аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *