Categories
мэдээ нийгэм

“Залуучуудын хөгжлийн сар” аян болно

Монгол Улсын Их Хурлын 1996 оны 29 дүгээр тогтоолоор Монголын Залуучуудын өдрийг жил бүрийн 08 дугаар сарын 25-ны өдөр болгож, орон даяар тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2018 оны А/218 тоот тушаалаар энэ жил 08 дугаар сарын 24-ний өдрөөс 09 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл хугацааг “Залуучуудын хөгжлийн сар” аян болгон зарлаж, тус аяны хүрээнд төр, олон улсын байгууллага, төрийн бус байгууллагуудын хамтран ажиллаж, нийт 24 үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөсөн байна.

“Залуучуудад ээлтэй, аюулгүй орон зайг бий болгоё” уриатай “Залуучуудын хөгжлийн сар” аяныг Монгол Улсын төр, олон улсын болон иргэний нийгмийн байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, нэгдмэл бодлоготой байлгах зорилгоор зохион байгуулж байна.

Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир: “Залуучуудын хөгжлийн сар аяныг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газар хамтран зохион байгуулж байгаа юм. Энэхүү аяны үр дүнд 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль болон энэхүү хуулийг хэрэгжүүлэх зорилгоор нийслэлийн 9 дүүрэг, 21 аймагт шинээр байгуулсан “Залуучуудын хөгжлийн төв”-ийн үйл ажиллагааны талаар мэдээллийг иргэдэд танилцуулах болно” гэв.
Монгол Улсын нийт хүн амын 33,7 хувийг буюу 3 хүн тутмын нэгийг 15-34 насны залуучууд эзэлж байгаа бөгөөд тэдний 26,6 хувь нь суралцаж, 47,3 хувь нь хөдөлмөр эрхэлж, 14,4 хувь нь ажилгүй байна. Хөдөлмөр эрхэлж буй залуучуудын 20,2 хувь нь аж үйлдвэрийн салбарт ажиллаж байгаа бол 50,8 хувь нь үйлчилгээний салбарт ажиллаж байна. Идэвхтэй ажил эрхлэх боломжтой, хөдөлмөрийн насны залуучуудыг нарийн мэргэшсэн ажлын байранд холбож, тогтмол орлоготой болгох нь улсын хэмжээнд тулгамдсан асуудал болоод байна.
Иймээс эрүүл чийрэг, оюунлаг, бүтээлч залуучууд манлайлсан нийслэл Улаанбаатар хотыг бий болгохын тулд “Залуучуудын хөгжлийн сар” аяныг тохиолдуулан олон талт үйл ажиллагаа зохион байгуулж байна гэж нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *