Categories
мэдээ нийгэм

Улсын аварга Н.Батсуурийн цолны наадамд Улсын заан Н.Жаргалбаяр түрүүлжээ

Өнөө жилийн Улсын баяр наадамд 512 бөхөөс ес даван түрүүлж “Улсын аварга” цол хүртсэн Увс аймгийн Ховд сумын харъяат ОБЕГ-ын “Аврагч” СХ, Сүхбаатар аймгийн ОБГ, “Увс нуур” дэвжээ, “Химон констракшн” ХХК-ийн бөх МУ-ын аварга Намсрайжавын Батсуурийн аварга цолны мялаалга наадам өчигдөр Увс аймгийн төв Улаангом хотноо болж өндөрлөлөө.

Баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Улсын арслан П.Бүрэнтөгс, Улсын гарьд Ө.Бат-Орших, Улсын заан Н.Жаргалбаяр, Улсын харцага Т.Баасанхүү, Б.Бат-Өлзий нараар магнайлуулсан Улс аймгийн алдар цолтой 128 бөх хүч сорин барилдсанаас Сэлэнгэ аймгийн Мандал сумын харъяат ШШГЕГ-ын ” Сүлд” Спорт хороо, “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ, “Увс нуур” дэвжээ “Блю драгон” ХХК-ийн бөх МУ-ын заан Н.Жаргалбаяр долоо даван түрүүлж, Увс аймгийн Давст сумын харъяат БХЯ-ны “Алдар” СХ, ЗХ-ний 350-р анги ТЭЦ-4 ТӨХК, “Увс нуур” дэвжээ “Гацуурт” группийн бөх МУ-ын арслан П.Бүрэнтөгс зургаа даван үзүүрлэлээ.

Их шөвөгт Увс аймгийн Улаангом сумын харъяат, Үндэсний батлан хамгаалахын их сургууль, Увс нуур галын бөх МУ-ын гарьд Ө.Бат-Орших, Увс аймгийн Тэс сумын харъяат, ШШГЕГ-ын “Сүлд” СХ, Үндэсний батлан хамгаалахын их сургууль, “Увс нуур” галын бөх МУ-ын харцага Т.Баасанхүү нар шалгарлаа.

Түрүү бөхийг “Дэл буйр” ХХК-ийн дэд захирал Б.Төртогтох лам Батсуурь нар таван сая төгрөгөөр шагнасан бол үзүүр бөхийг “Үүрэг нуурын богоч” ХХК мотоциклоор шагналаа.

Мөн Өсвөрийн бөхийн барилдаанд 32 бөх барилдсанаас Цогцолбор хоёрдугаар сургуулийн бөх М.Гантогтох түрүүлж Цогцолбор хоёрдугаар сургуулийн бөх Б.Энхманлай үзүүрлэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *