Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хаалга тогшилгүй орж ирж буй шинэ үеийнхэн

“Улс төр лидерээр ангажээ, 76-д олигтой гэж хэлэхээр хүн үзэгдэхгүй байна, төрд суугаа хэдэд авлига, хүнд суртлаас өөр хийж чадах зүйл алга” гэсэн шүүмжлэл байсхийгээд сонсогддог. Нэг талаас нь харахад толгой дохимоор шүүмжлэл мөн үү гэвэл мөн. Ц.Элбэгдорж, Ц.Нямдорж, Р.Гончигдорж, С.Баяр, Н.Алтанхуяг, М.Энхболд гэж ирээд яривал лидер гэж хүлээн зөвшөөрөгдсөн цөөн хэдэн хүн бий. Гэхдээ тэдний үе дуусч байгаа гэхэд хэтрүүлсэн дүгнэлт болохгүй. Хийдгээ хийчихсэн, цаашид юу хийх нь тодорхой болчихсон, бүр тодруулж хэлбэл “гэрэл цохичихсон” улстөрчид. Бүгд эрх ашгийн сонирхолтой, улс төр, эдийн засгийн бүлэглэлүүдэд данстай, бүлэг нэгдлийнхээ төлөө улс эх орны эрх ашгийг хоёрдугаарт тавьдаг болсон сул тал эдгээр эрхмүүдээс тод анзаарагддаг. Н.Алтанхуягийн Засгийн газрын үед бондын мөнгөний зарцуулалт ойр тойрныхон руу нь чиглэсэн, Ц.Нямдорж Эрдэнэтийн асуудал дээр нэг талд нь ороод үзэлцэж яваа гэж ирээд яривал жишээ баримтууд хангалттай бий. С.Баяр Ерөнхий сайдаар ажиллаагүй бол Оюу толгой хөдлөхгүй байсан, Ц.Элбэгдоржгүй бол Монголын ардчиллын үнэлэмж энэ зэрэгт очихгүй байсан гэж ирээд яривал бүгдээрээ Монголын төрд, монголчуудад хийсэн гавьяатай. Гай, гавьяа нь тэнцчихсэн улс.

Гэхдээ нэг гашуун үнэн бий. Тэдэнд нэгдэж орсон бүлэглэл, фракцийнхаа эсрэг хөдлөх орон зай байхгүй. Цор ганцаараа улс эх орныхоо төлөө гээд өнөөдүүлийнхээ эсрэг зогсвол оршин тогтнохгүй болтлоо эрх ашгаараа нэгдсэн бүлэглэлүүд өнөөдөр хүчирхэг байгаа нь мөн л бултах аргагүй үнэн. Тэгэхээр эднээс улс орныг хөгжүүлэх шийдэл хайгаад хол явахгүй. Хатуухан хэлэхэд тэд цагтаа лидерийн үүргээ гүйцэтгэсэн, одоо ашиг сонирхлоороо нэгдсэн улс төр, эдийн засгийн том бүлэглэлийн эрэг шураг төдий болчихсон.

Дунд үеийн лидерүүд гэж байна. Дунд үеийн лидерүүд хоёр янз байх шиг анзаарагддаг. Аль нэг эрх ашгийн бүлэглэл гэж хэлбийгээд байдаггүй, хал үзэж халуун чулуу долоосон, өндөр боловсролтой, тулхтай, улсын эрх ашиг гээд зүтгэхэд шантааж, шахаанд ороод байхааргүй цөөхөн улстөрч бий. АН-аас Д.Эрдэнэбат, Х.Тэмүүжин, МАН-аас Ц.Мөнх-Оргил гэсхийгээд дуусах байх. Улсын хөгжлийн төлөө гэсэн аятай, дажгүй шийдвэрүүд гаргаж мэдэх, тийм найдлага тавьж болохоор хэсэг. Гэхдээ ийм лидер тун цөөн. Тэгэхээр шийдвэр батлах хэмжээнд нэгдэж нийлээд аятай зүйтэй шийдэл гаргаад явах нь юу л бол.

Дунд үеийн лидерүүдэд эрх ашгийг бүлэглэлд орооцолдчихсон хэсэг бас бий. У.Хүрэлсүх, Ж.Батзандан, Г.Занданшатар, Ч.Хүрэлбаатар тэргүүтэй олон улстөрч энэ хэсэгт хамаарна. Нэгдсэн бүлэглэлийнхээ эрх ашгаас зарим нэг нь илүү гарч дуугарч хөдөлж чадахгүй учраас тэднээс юм хүлээх хэрэггүй.

Ер нь манай улстөрчдийн нэрний өмнө авлига гэсэн үг сүүдэр мэт хөндөлсдөг. Шалтгааныг нь ухаж ядах юмгүй. Баялаг бүтээж, хөлсөө урсгаж мөнгө олоогүй, олон улсын стандартаар хөгжиж байгаа компанийн удирдах багт орж дэлхийн бизнес загвараар ажиллаагүй, товчхондоо шинэ цагийн амжилт бүтээгч тэдэн дунд байхгүй. Компани толгойлдог бизнестэй хэсэг нь өмч хувьчлалаар хөрөнгөжсөн, бизнесгүйгээр өдий хүртэл төрд зүтгэсэн нь төрөөс төрсөн тэрбумтнууд гэсэн нэр зүүдэг нь нууц биш. Шуудхан хэлэхэд ихэнх нь ч бизнесийн зарчмаар мөнгө босгож үзээгүй улс. Эндээс шинэ цагийн амжилт бүтээгчид хаана байна вэ гэсэн асуулт гарч ирж таарна. Тэд улс төрийг сонирхохгүй байна, ер нь манай улс шинэ цагийн амжилт бүтээгчтэй улс мөн үү гэсэн асуулт ургана л даа, яалт ч үгүй. Энэ асуултууд эерэг хариулттай байгаа нь монголчуудын аз, хувь заяа. Шинэ цагийн, шинэ үеийнхэн аль хэдийнэ төрчихөөд, ажиллаж хөдөлмөрлөж, амжилтаараа түүчээлээд явж байна. Улс төр ярьж байгаад бизнес эрхэлдэг, амжилттай яваа залуусын талаар дурдах гэж байгаа минь учиртай. Яагаад гэвэл бидний амьдрал эдийн засаг дээр тогтдог. Улс төрчид угтаа улс орныхоо эдийн засгийг яаж сайжруулах вэ гэсэн асуултад хариу хайж суух учиртай хүмүүс.

Парламент нь өндөр түвшинд хөгжсөн улс орнуудын улс төрчид нь гайхалтай эдийн засагч, хуульч, аналистууд байдаг. Манай эдийн засаг өөдөлж өгөхгүй байгаа нь уул уурхай гэхээр попордог хэдэн улс төрч, улстөржилт гэхээр дэвдэг хэдэн нөхөдтэй л холбоотой. Инфляци, төсвийн алдагдал зэрэг ойр зуурын наад захын асуудлыг ч онож ярихгүй, эдийн засагч хэдхэн хүнийхээ үгийг ч сонсохгүй сууга нь анзаарагддаг. Ийм хүмүүс ертөнцийн эдийн засаг, блокчейн, дижитал хувьсгал, дэлхийтэй хөл нийлүүлэх тухай глобаль сэдвийг ярих нь бүү хэл сөхөж ч чадахгүй. Гэтэл бид цахим хувьсгалын эринд амьдарч байна.

Шинэ үеийнхэн аль хэдийнэ гараад ирлээ. Тэд дэлхийн хэмжээнд үнэлэгдэж, гадаад зах зээл дээр тоглож, топ компаниудад уригдаж ажиллаж байна. Дотооддоо үйлдвэрлэл явуулж, бизнесийн салбарт гялалзаж яваа залуус олон байна. Нэг ёсондоо дараа үеийнхэн хаалга тогшилгүй ороод ирлээ. Мэдээж тэдний нэр улстөрчид шиг булт олны танил болоогүй. Гэхдээ салбар салбартаа аль хэдийнэ тодорчихсон. Ирээдүйд бодлого боловсруулах, шийдвэр гаргах хэмжээнд хангалттай бэлтгэгдчихсэн. Цөөн заримаас нь эш татъя. “Форбес” сэтгүүлийн шилдэг 30 залуугийн нэгээр тодорсон “Монос”-ын Х.Анандыг жишээ нь салбарынхан нь андахгүй. Жилд 1.5 тэрбум төгрөгийг инновацийн хөгжилдөө зарцуулдаг, Монголын анхны GMP стандарттай “Монос” группийн 15 компанийн 24 захирал, 1500 гаруй ажилтан түүний удирдлага дор ажилладаг. Одоогоос таван жилийн өмнө тэр группийнхээ бүх компанийн хэрэгжүүлж буй төслийг нэгтгэн сайжруулж, хөрөнгө оруулалт босгох, хяналт тавих зэрэг ажлыг хариуцдаг төслийн захирлаас дэд ерөнхийлөгч болж байж. Азийн орнуудад эрүүл мэнд, гоо сайхны бүтээгдэхүүнээ түлхүү экспортолж, ОХУ-ыг эм эмийн бүтээдэхүүнийхээ зах зээл гэж харж буй “Монос”-ын өнөөдрийн амжилтыг түүнтэй салшгүй холбоотой гэдэг. Монгол, Японы хөрөнгийн бирж дээр давхар бүртгүүлэх амбицтайгаар ажиллаж буй “Монос”-ын Х.Ананд “Манай стратеги бол экспорт. Эхний ээлжинд бид компанийнхаа хувьцааны 20-25 хувийг 1-2 үе шаттай гаргана. Эдгээр үнэт цаасыг монголчууд эзэмшээсэй гэж бид хүсэж байна. Нээлттэй компани болсноор компанийн засаглал давхар сайжирч, хувьцаа эзэмшигчид ч манай байнгын хэрэглэгч болно. IPO босгосон хөрөнгөөрөө манай групп цаашид экспортлохоор төлөвлөсөн бүтээгдэхүүнээ гарган авах төдийгүй дараагийн төслүүддээ хөрөнгө оруулах боломж бүрдэнэ. Нийгмийн хариуцлагын талаасаа ч олон давуу талтай гэж харж байгаа. Гаднаас хөрөнгө оруулалт авах боломж ч илүү өргөжнө” гэж “Форбес”-т ярьж байж. Дэлхий рүү харсан бодлого, стратегитай компанийг босголцсон Х.Ананд шиг залуус олон болж байгаа нь талархууштай юм.

Дараагийн онцлох залуу бол “LendMN”-ий Ч.Анар. Түүний үүсгэлцсэн “Анд глобал” компани LendMN гэх бичил зээлийн үйлчилгээгээ зах зээлд танилцуулаад удаагүй ч Азийн гурван ч оронд нэвтрүүлэхээр ажиллаад эхэлчихсэн. Гар утсандаа аппликэйшн суулгаж ганц товч дараад хэрэгтэй мөнгөө зээлдэг үйлчилгээг аваагүй хүн бараг л алга. Үүнтэй төстэй үйлчилгээ дэлхийд ч шинэдээ орж байна. “Aнд глобал” холдингийн систем хөгжүүлэлт, санхүүгийн технологийг боловсруулдаг “Aнд системс” компани Олон улсын санхүүгийн кропораци, Европын сэргээн босголт, хөгжлийн банк зэрэг олон улсын болон Монголын харилцаа холбоо, банк, санхүүгийн томоохон байгууллагад ажилласан туршлагатай хүмүүсээс бүрддэг юм билээ. “Анд системс”-ийн Монголын топ математикчдаас бүрдсэн хиймэл оюун ухааны багийг гэхэд л Математикийн хүрээлэнгийн захирал Ү.Отгонбаяр ахалж ажилладаг. Ү.Отгонбаяр бол Токиогийн их сургууль, Пенсильванийн их сургууль, Кардиффын их сургуулийн онолын математикийн профессор. Тэдэнтэй баг болж ажиллахаар Hitachi, PWC дахь ажлаа орхиод ирсэн хүн ч бий. За тэгээд Цахиурын хөндийд ажилладаг монгол залуус ч багтсан гэж ирээд яривал дэлхийн хэмжээнд хардаг, дэлхийн хэмжээний мэргэшил чадвартай залуусыг нэгтгэсэн хүн нь Х.Цолмон болж таарч байна. Түүний намтарт “G-Mobile” компанийг үүсгэн байгуулалцсан, гар утасны тоглоом хөгжүүлдэг Английн “Boss Alien”, Хонконгийн “APGO limited” компанид Бразил, Орос, Энэтхэг хөгжүүлэгчид бүхий олон улсын багийг удирдан аутсорсинг менежерээр дөрвөн жилийн турш ажилласан гэсэн өгүүлбэрүүд дурайж байна. “Анд глобал” дараагийн онилж буй зах зээл Зүүн Өмнөд Ази. Бүр Камбожийн нэг банктай хамтраад эхэлчихсэн. Зүүн Европ, Ойрхи Дорнод болон Зүүн Өмнөд Азийн зарим банк бус санхүүгийн байгууллагад технологио ашиглуулах хэлбэрээр хамтран ажиллахаар төлөвлөгөө ч тэдэнд бий. Дижитал эрин, финтекийн дараагийн төв болохоор зорьж буй Сингапурт бүртгэлтэй ажилладаг “Анд глобал”-ын Ч.Ананд хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Хэрэв зөв чиглүүлж, бодлогоо зөв тодорхойлвол инноваци, шинэ технологи гэдэг Монгол Улсын хөгжлийн дараагийн гарц гарцаагүй мөн” гэж ярьсан удаатай. Дэлхийд танигдсан монгол брэнд бүтээхээр зорьж яваа энэ залуу Монголын ирээдүйд хувь нэмрээ оруулах нь аль хэдийнэ тодорхой болчихсон.

Х.Ананд, Ч.Анар хоёрын дараа онцлох учиртай өөр нэг залуу бол “Монголын зэс корпораци”-ийн Ц.Пүрэвтүвшин. Монгол, Оросын хамтарсан “Эрдэнэт” үйлдвэр, “Монросцветмет” компанийн Оросын талын 49 хувийг худалдаж авах ажлыг нугалсан залуу. Тиймдээ “Монгол Улс дэлхий дахины нэг хэсэг. Тиймээс дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн түгээмэл зарчмаар л хөгжинө шүү дээ. Хаа нэгтээх ширэнгэн ойн дүрмээр бид хөгжихгүй. Гэхдээ Монгол Улс хөгжинө гэсэн олон нийтийн чин эрмэлзэл байгаа цагт хувийн ашиг сонирхолдоо хөтлөгдсөн, хүмүүст ямар ч аргаар хамаагүй таалагдах ганцхан зорилготой маш цөөн улстөрчийн дураараа аашилдаг байдал хэвээр хадгалагдана гэж бодохгүй байна. Хүн ямар ч ажил хийдэг бай түүндээ мэргэжлийн болох нь чухал. Бизнес эрхлэгчид нь бизнесээ эрхэлж, улстөрчид нь хуулиа батлахдаа л мэргэжлийн байх нь чухал. Эсрэгээрээ аль алийг нь сонирхогчийн түвшинд хийж, эргэн тойрон, нийгэмд гай болохоо зогсоох хэрэгтэй” гэж зоригтой дуугарсан болов уу. Зардал хөрөнгө их шаарддаг уул уурхайн салбарт хэрхэн яаж амжилттай өрсөлдөх талаар санаа, шийдэлд боловсруулчихсан сууна гэдэг хэрийн аавын хүүгийн хийх ажил биш. “Уул уурхайн их хөрс, хүдрийг автомашинаар бус туузан дамжуургаар, хяналт, харуул хамгаалалтаа олон хүн хүчээр бус дроноор гүйцэтгэж, дизель, бензин бус цахилгаанаар ажилладаг автомашин ашиглаж байна. Дэлхий даяар өрнөж буй энэ ололт, үр ашигтай шинэ санаачилгуудаас хоцрохгүйн тулд ямагт судалж, анхаардаг. Бидний хувьд технологи харьцангуй өндөр хөгжсөн банк, харилцаа холбооны салбараас дутахгүй уул уурхайн салбарт технологийн дэвшлийг нэвтрүүлэх бодолтой байгаа. Тиймдээ ч ойрын хугацаанд энэ салбарт нэлээд анхаарал хандуулж, цаг зарцуулж байна” хэмээн ярьж яваа Ц.Пүрэвтүвшин яалт ч үгүй шинэ үеийнхний томоохон төлөөлөл юм.

“Сүү” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Гантулга байна. Сургуулиа төгсөөд банк санхүүгийн салбарт теллерээс эхлээд маркетингийн захирал хүртэл ахисан залуу одоо Монголын топ компанийн удирдлагын багт орчихсон явна. Тэрээр компаниа удирдаж эхэлснээс хойш олон шинэ бүтээгдэхүүн гаргасан юм. Сүүлд Хөрөнгийн бирж дээр IPO хийсэн нь ч амжилттай болсон. Lhamour брэндийг үүсгэн байгуулагч, Натурал Эссеншлс ХХК-ийн захирал Д.Хулан гэхэд дэлхийн зах зээлд өрсөлдөхөөр хүч үзэж, Тэрээр Ази номхон далайн шилдэг бизнес эрхлэгч тэмцээнд түрүүлж, шилдэгээр шалгарсан нь саяхны явдал. “Seaberry” брэндийг үүсгэн байгуулагч Д.Болортуяа мөн л бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээлд гаргаж, амжилт олж яваа. Австралид матрын арьсаар үйлдвэрлэл явуулж байгаа Oogii брэндийг үүсгэн байгуулагч Оюунцэцэг гэж ирээд яривал амжилттай яваа залуусын бүхэл бүтэн шинэ үе гараад ирлээ. Тэдний энэ их тэмүүлэл, амжилтыг битгий л нураачихаасай билээ. Үүдэл эс судлалаар Нобелийн шагнал хүртсэн Япон эрдэмтний гарын шавь Н.Ариун гэж биохимич бүсгүй Монголдоо үүдэл эсийн банк байгуулна гэж өөдрөг хүсэлтэй ирээд урам хугарч буцаад явсан жишээ бий. Гаагийн шүүхэд ажиллаж буй хуульч Н.Орчлонг онцлохгүй үлдээж болохгүй. Шинэ үеийнхэн ийнхүү дэлхийн хэмжээнд сэтгэж бүтээж ажиллаж байна. Тэд хаалга тогшилгүй орж ирж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *