Categories
гадаад мэдээ

Хүүхэдгүй эсвэл нэг хүүхэдтэй өрхөөс татвар авна гэжээ

БНХАУ-ын хоёр эрдэмтэн хүн амын хөгширөлтөөс сэргийлж, олон хүүхэдтэй гэр бүлийг дэмжих зорилгоор хүүхэдгүй өрхөөс татвар авах санааг илэрхийлсэн нь олон нийтийн дургүйг хүргээд байна. Хятадын төрийн өмчийн CCTV суваг хүртэл энэ санааг буруушаасан тайлбарыг нийгэм эдийн засгийн тойм нэвтрүүлгээрээ хийсэн юм.

Өнгөрсөн Мягмар гарагт эрдэмтэд төрийн Синьхуа агентлагт өгсөн нийтлэлдээ 40-өөс доош настай, хүүхэдгүй, эсвэл нэг хүүхэдтэй иргэдээс жил бүр татвар авах нь зүйтэй хэмээжээ. Нанжиний Их сургуулийн эдийн засгийн ухааны профессорууд болох Лю Жибао, Жан Ие нар “Гэр бүлүүд хоёр дахь хүүхэдтэй болох үедээ энэ сангаас тэтгэмж авч, жирэмсэн үеийн амьжиргааны зардал, хэрэгцээгээ нөхдөг байх ёстой” гэж тайлбарлажээ. Хүүхэдгүй иргэдээс цугласан татварын мөнгөөр хүүхэд асрах газрын тоог нэмэгдүүлэх, хүүхэдгүй болон нэг хүүхэдтэй иргэд тэтгэвэрт гарахдаа төлж байсан мөнгөнөөсөө буцааж авдаг байх зэрэг хувилбаруудыг тэд дэвшүүлсэн байна.

Олон жилийн турш “нэг хүүхэд”-ийн бодлого хэрэгжүүлж ирсэн Хятад улс 2016 оноос хоёр хүүхэдтэй болохыг гэр бүлүүдэд зөвшөөрч эхэлсэн ч энэ бодлого хожимдож Хятадын хүн ам хөгшрөх замдаа эргэлтгүй ороод байгаа юм.

1970-аад оны үеэс хэрэгжүүлсэн “нэг хүүхэд” бодлогыг халсан ч Хятадын гэр бүлүүд олон хүүхэдтэй болохыг төдийлөн яарахгүй байгаа. Хориг цуцлагдсан эхний жил буюу 2016 онд орон даяар 17.9 сая хүүхэд мэндэлсэн нь өмнөх жилээсээ 1.3 саяар илүү, тооцоолж байсны дөнгөж талд нь хүрч байгааг тус улсын статистикийн байгууллага мэдээлсэн юм.

2017 онд төрөлтийн тоог 20 саяд хүрнэ гэж тооцоолж байсан бол бодит байдал дээр 17.23 сая хүрсэн байна. Энэ үзэгдэл нь хүүхэд өсгөх, боловсрол олгох зардал Хятадад өндөр байгаатай холбоотой гэж судлаачид тайлбарлаж байгаа билээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *