Categories
мэдээ нийгэм

БНСУ-ын үндэсний музей манай улсад 214 сая төгрөгийн тоног төхөөрөмж хандивлалаа

Монгол-Солонгосын хамтарсан эрдэм шинжилгээний судалгааны “Мон-Сол” төслийн 20 жилийн ойд зориулан “Хааны эзэнт гүрэн- Монгол” үзэсгэлэнг есөн долоо хоногийн хугацаанд БНСУ-ын Үндэсний түүхийн музейд толилуулсан билээ.

Тэгвэл Солонгосын Үндэсний музейн зүгээс уг үзэсгэлэнд ашигласан 214 сая төгрөгийн өртөг бүхий үзмэрийн шилэн хорго, тавиур, дүрс бичлэг, Монгол хэлээр хэвлүүлсэн каталоги зэрэг тоног төхөөрөмжийг үзэсгэлэн хамтран зохион байгуулсан ШУА-ын Түүх, археологийн хүрээлэн, Монголын Үндэсний музей болон Богд хааны ордон музейд өнөөдөр гардуулан өгөв.

Монголын Үндэсний музейн захирал Д.Сүхбаатар, “Нэн эртний үеэс орчин үеийг хүртэлх Монголын тал нутагт оршин тогтнож байсан нүүдэлчдийн эд өлгий, эзэнт гүрнүүдийн түүх, соёлын төлөөлөл болох 533 ширхэг үнэт үзмэрийг БНСУ-д өнгөрсөн тавдугаар сараас долоодугаар сарын 17-ныг хүртэл гаргасан. Ийм хэмжээний үзэсгэлэнг өмнө нь манай улсаас Азийн улс орнуудад дэлгэж байгаагүй. Тус үзэсгэлэн нь Монгол Улсын түүх, соёлыг гадаадад сурталчлан таниулах, соёлын үйлдвэрлэл инноваци шингэсэн шинэ бүтээгдэхүүн бий болгох зорилгоор зохион байгуулагдсан” гэв.

Түүнчлэн уг үзэсгэлэнгийн үеэр Солонгосын Үндэсний музейд “Монголын соёлын 7 хоног” арга хэмжээ болсон бөгөөд 60 гаруй мянган иргэн үзэсгэлэнг үзэж сонирхжээ.

“Манай ард түмэн нүүдэлчдийн соёл тэр тусмаа Хүннүчүүдтэй холбоотой олдворуудыг маш их сонирхдог.Энэ удаагийн үзэсгэлэнгээр бүх цаг үеийн нүүдэлчдийн соёлын өвийг нэг дороос үзэх боломж олгосон бид их талархаж байна. Солонгос хүмүүс ахиж Монголд ирж эдгээр үзмэрийг үзэх байх . Монгол оронд түүхийн том үйл явдлууд өрнөсөн байдаг. Энэ ч утгаараа археологийн судалгаагаа илүү хөгжүүлээд явбал, цаашдаа Евро Азийн түүхийг шинээр бичих боломж бий болно” хэмээн БНСУ-ын Үндэсний музейн захирал Пэ Ги Дун онцлов.

Дээрх тоног төхөөрөмжийг хүлээн авснаар Монголын Үндэсний музей, ШУА-ын Түүх, археологийн хүрээлэнгийн музей, Богд хааны ордон музей нь стандартын шилэн хоргонд үзмэрээ хадгалан, нийтэд дэлгэн үзүүлэх боломжтой болж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *