Categories
мэдээ цаг-үе

Н.Энхболд: Зөвхөн ЗТХ-ийн сайдад нь биш, яамны удирдах бүрэлдэхүүнд нь ёс зүйн хариуцлага хүлээлгэхээр болсон

УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболдтой ярилцлаа.


-Засгийн газрын гишүүдээс бусад УИХ-ын гишүүдийн дийлэнх нь амраад Төрийн ордон эл хульхан байна. Нэг хэсэг 60 тэрбумын асуудлаар нийтийн сонсгол хий, Эрдэнэт үйлдвэрийн асуудлаар ээлжит бус чуулган зарлан хуралдуул гэсэн шаардлагууд гарч байсан. Гэсэн ч гишүүд шаардлага тавьчихаад таг чиг болоод алга болчих юм?

-Бүх гишүүдийг амраад явчихсан гэх нь хаашаа юм. Гишүүд тойрогтоо ажиллаж байх шиг байна. ээлжит бус чуулган гишүүдийн ирцээс болоод хийх, хийхгүй тухай асуудал яригдаагүй гэж бодож байгаа. Ээлжит бус чуулган хийх шаардлага манай бүлгийн зарим гишүүдээс мөн энэ долоо хоногт Ардчилсан намын бүлгээс гарч эхэллээ. Ямар ч асуудал байж болно. Гэхдээ бүх зүйл хуулийн хүрээнд явах ёстой. Засгийн газрын зүгээс сахилга, хариуцлагыг хэрэгжүүлэх тал дээр улсын хэмжээнд хуулийн хэрэгжилтийг хангадаг гол байгууллагын хувьд шахаж байгаа юм. Тэр ч утгаараа бүх зүйл хуулийн хүрээнд байх ёстой гэдгийг дахин хэлье. Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах шаардлага тавьсан гишүүдийн хүсэлтийг харж байхад ийм тохиолдолд ээлжит бус чуулган зарлан хуралдуулна гээд хуульд заасан заалттай зөрчилдөж байгаа зүйлс байгаа юм билээ. Нийт гишүүдийн дөрөвний нэгээс дээш гишүүдийн шаардлагаар ээлжит бус чуулган зарлан хуралдуулна гэсэн заалт бий. Нөгөө талд нь ээлжит бус чуулганыг ямар тохиолдолд хуралдуулах вэ гэдэг заалт ч байгаа. Эдгээр нь хоорондоо зөрчилдөөд байгаа юм.

Хувь гишүүний хувьд ойлгосноор одоо ээлжит бус чуулган зарлан хуралдуулах ёстой гэдэг шаардлага нь өөрөө хууль зөрчсөн харагдаж байна лээ.

-60 тэрбумын нийтийн сонсголыг та хэлээд байна уу?

-Ямар хүмүүс ямар асуудал тавиад хуралдуулна гээд байгааг хүн бүр мэдэж байгаа. 60 тэрбум ч гэнэ үү, нийтийн сонсгол ч гэнэ үү энэ бүхэн нь ээлжит бус чуулган зарлан хуралдуулах заалттай нийцэхгүй л байгаа байхгүй юу. Тиймээс ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах нь хууль бус юм байна гэдэг үндэслэл харагдаж байна.

-Ээлжит бус чуулганаа зарлан хуралдуулж Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн асуудлаа хэлэлцэхгүй юм уу. Хоёр жил ярилаа. Та Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга байхаасаа эхлээд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд оролцоод явсан. Ээлжит бусаар л хэлэлцэхгүй бол намрын чуулганаар улсын төсөв хэлэлцэнэ гээд ачаалал их шүү дээ?

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн асуудлыг хэлэлцээд эхэлбэл зөвхөн Үндсэн хуулийг хэлэлцэж дуусгаад дараагийн асуудлыг хэлэлцэх хуулийн заалт бий. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд зөвлөлдөх ардчиллаас эхлээд хэд хэдэн шат дараалсан арга хэмжээ авсан. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахад заавал санал авдаг төрийн хэдэн байгууллага бий. Үндсэн хуулийн Цэц, Ерөнхийлөгч гээд явна. Чуулган завсарлахын өмнө эдгээр субьектүүдээс санал авах бичгийг хүргүүлсэн. Бичгийн хариу ирсэн үгүйг мэдэхгүй юм. Тэр саналууд ирээгүй бол Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-аар хэлэлцүүлэх боломжгүй юм. Саяхан би Д.Лүндээжанцан даргатай таарсан. Лүндээ дарга саналууд ирж гүйцсэн гэдэг зүйл хэлээгүй. Бид хоёрын хооронд Үндсэн хуулийн талаар яриа өрнөсөн болохоор саналууд ирж гүйцсэн бол түүнийгээ хэлэх байсан байх.

-УИХ-ын 42 дугаар тойрогт нөхөн сонгууль болно. МАН ямар хүнийг нэр дэвшүүлэх вэ гэдэг нь анхаарал татаад байгаа. Намын дарга У.Хүрэлсүхийг нэр дэвших ёстой гэдэг байр суурь их байна л даа. Та ямар бодолтой байгаа вэ?

-Гадуур янз бүрийн таамаг яригдаж байгаа байх. Намын зүгээс албан ёсоор 42 дугаар тойргийн сонгуульд оролцоно гэдгээ мэдэгдсэн. Есдүгээр сарын эхээр дараагийн шатны асуудал буюу хэнийг нэр дэвшүүлэх вэ гэдгээ шийднэ. Надад ирсэн мэдээллээр олон шугамаар сонгуулийн өмнө хийдэг судалгаануудыг хийж байгаа юм билээ.

-Зам, тээврийн хөгжлийн яаман дээр хүн амиа алдсан золгүй хэрэг гарлаа. Засгийн газар сахилга, хариуцлагыг сайжруулна гэдгийг та онцолсон. Дахин ийм хэрэг гарахгүй гэх баталгаа байна уу. Төрийн албаны нэр хүнд улам л унаж байна. Сайдад хариуцлага тооцоод л өнгөрчих асуудал уу?

-Засгийн газраараа ярьж байгаад бид зөвхөн сайдад нь биш, удирдах бүрэлдэхүүнд нь ёс зүйн хариуцлага хүлээлгэхээр болсон. Сайдыг чөлөөлөх шийдвэр гарсан. УИХ-аар орох ёстой. Дэд сайд томилогдон ажилдаа орлоо. Мөн Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчийг нь түр томилсон. Өмнө нь хийгдэхгүй байсан олон ажил энэ жил тус яаман дээр хийгдэж эхэлсэн ч харамсалтай нь ийм хэрэг гарчихлаа. Засгийн газар дээр бид сайдыг огцруулах асуудлыг ярихдаа цаашид алхам тутамдаа сахилга, хариуцлагатай байж, зөв явахгүй, хуулийн хүрээнээс гараад явчих юм бол хариуцлага тооцно шүү гэдгийг харуулсан үйлдэл болсон.

-Дараагийн сайд хэн байх вэ. Хэзээ томилох бол?

-Сайдыг УИХ-ын чуулганаар томилдог.

-Халх голын түүхт ялалтын 80 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх хороо байгуулагдан ажиллаж байгаа. Ойг хэр өргөн дэлгэр тэмдэглэх вэ. Төсөв мөнгө гээд нэлээд зүйлс шаардлагатай болох байх даа?

-Засгийн газар хуралдаад Халх голын түүхт ялалтын 80 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх, хариуцах хороог байгуулан, Шадар сайд Ө.Энхтүвшин тус хороог ахалж байгаа.

Орлогчоор нь миний бие ажиллаж байна. Хороо хоёр удаа хуралдсан. Засгийн газрын зүгээс түүхт ойд нэлээд ач холбогдол өгч тэмдэглэхээр зорилт тавьсан. Монгол, Орос хоёр орны ард түмнийг холбож байгаа, Монгол Улсын түүхэнд томоохон байр суурь эзлэх, тусгаар тогтнол аюулгүй байдлаа тухайн үед ЗХУ-ын тусламжтайгаар баталгаажуулах үйл явцын нэг хэсэг тул түүхэн талаасаа, ирээдүйд ач холбогдол нь алдагдахгүй байх ёстой үйл явдал юм.

Тиймээс Монгол Улс дангаараа түүхт ойг тэмдэглэн өнгөрүүлэх биш, одоогийн ОХУ болон тухайн үеийн ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан ч одоо тусгаар тогтносон улсуудын бүрэлдэхүүнийг оролцуулна. ОХУ-тай Халх голын түүхт ойг тэмдэглэх талаар ярьж байхад БНХАУ-ыг тодорхой хэмжээгээр оруулах асуудал яригдсан. Учир нь тэр үйл явцаас хойш манай бүс нутагт болсон түүхэн үйл явдлуудад тод мөрөө үлдээсэн тул ойг өргөн тэмдэглэхээр болсон.

ОХУ-ын зүгээс Халх голын түүхт ойг тэмдэглэн өнгөрүүлэхэд ач холбогдол өгч байгаа. Тус улсын Батлан хамгаалахын сайд С.Шойгутай уулзахад Монголтой ойрын болон дунд үед хийх ажлуудын төлөвлөгөөнд ач холбогдол өгч байгаа зүйлсийн нэг нь Халх голын түүхт 80 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх гэдгийг онцолж байсан. Түүнтэй би хоёр ч удаа уулзлаа. ОХУ-ын зүгээс ойд оролцох ажлын хэсгийг байгуулсан. Төлөөлөгчид нь ирж уулзсан. Есдүгээр сарын 20-ны үеэр Эрхүүд хоёр тал уулзаж хамтарсан төлөвлөгөө гаргах, төлөвлөгөө хэрэгжүүлэх, санхүүгийн асуудлаа ярилцана. Ойг зөвхөн Халх гол хавиар биш, Улаанбаатар хотод тэмдэглэх бөгөөд хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүүхэд, залууст түүхэн мэдээ, мэдээллийг хүргэх болно. Хүүхэд, залууст Халх голын байлдаан ямар ач холбогдолтой байсныг мэдүүлэх зайлшгүй шаардлагатайг олон талаас нь ойлгуулах ажлуудыг хийнэ. Тиймээс бид жилийн өмнөөс ажлаа эхлүүлж байна. Жилээс жилд уг дайнд оролцсон хүмүүсийн тоо цөөрч байгаа.

-Одоо ер нь Халх голын дайнд оролцсон хэдэн ахмад дайчин Монгол Улсад байна вэ?

-Халх голын дайнд оролцсон 20 хүрэхгүй ахмад дайчин Монгол Улсад үлдээд байна. Тиймээс энэ хүмүүсээ ойн арга хэмжээнд оролцуулах, залууст таниулж мэдүүлэх ажлуудыг хийнэ. Энэ бүхнийг тусгайлан төсөв гаргаж хийхгүй бол нэг яаманд хариуцуулаад хийчих ажил биш. Ойд хэдий хэмжээний төсвийг 2019 оны улсын төсөвт суулгах вэ гэдгийг өнөөдөр (өчигдөр) бид хорооны хуралдааны үеэр ярилцлаа.

-Төсөв мэдээж нэлээд их гарах байх. Хэд орчим байна гэж тооцож байгаа вэ?

-Төсвийн анхны саналаа өгсөн. Гэхдээ албан ёсоор эцэслээгүй. Шинэ үеийн залуус, хүүхдүүдэд хүртээмжтэй хийе гэвэл гарын үзүүрээр хийх боломжгүй. Эцсийн дүндээ хэдий хэмжээний мөнгө гарах вэ гэдгээсээ илүү түүхийн ач холбогдол, цаашид бид энэ асуудалд хэрхэн хандаж байх ёстой вэ гэдгийг тодорхойлоход чухал арга хэмжээ байх ёстой.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *