Categories
мэдээ цаг-үе

Ш.Лхүндэв: Хөлс хүчээ шингээсэн зураглалын тайлангууд минь миний баялаг

Аавынх нь санаандгүй олж ирсэн цайрын хүдэр арваадхан настай жаахан хүүгийн ирээдүйн мэргэжил рүү хөтлөөгүй бол Монголын геологийн тогтцыг ширхэг чулууны бүтэц найрлагаас нь эхлээд дэлхийн түвшинд хүрэхүйц нарийвчлалтайгаар зурах геологич хэр олон төрөх байсныг таашгүй. Бүх насаа геологи хэмээх адармаатай, бас судалж дуусашгүй арвин хуудастай энэ салбарт зориулсан буурал геологич Ш.Лхүндэвтэй хөөрөлдлөө.


-Аав, ээжийнхээ дурсамжаар яриагаа эхлэхгүй юу?

-Ахыг жаахан байхад ээж нь нас бараад тав, зургаа орчим настайд нь аав, миний ээж Намсрайжавтай ханилсан гэдэг. 1947 он болов уу, намрын эхэн сарын эхээр төрсөн. Ээж аавтай ханилаад есөн хүүхэд төрүүлсэн. Арвуулаа өссөнөөс дөрөв нь мөнх бусыг үзүүлж, одоо зургуулаа үлдсэн. Аав минь амь зуулгандаа нэмэрлэх гэж айл амьтны нэхийг хуруугаа мойнийтол элддэг байсан. 1958 онд намайг нэгдүгээр ангид сурч байхад аав маань нэгдэлд ороод ямаа маллаж сумынхаа аварга ямаачин болж байсан.

-Нутаг усаараа бахархдаггүй хүн гэж байдаггүй. Таны хувьд?

-Хүний төрсөн нутаг шиг сайхан юм үгүй. Миний төрж өссөн газар Нарангийн өвөр сэтгэлд байнга уяатай явдаг. Манай нутаг дөрвөн улирлын нутагтай. Хангайн цармандаа зусаж, нуурынхаа хаяанд намаржин, цас ормогц урагшаа говь руугаа нүүнэ.Өвөлжөө хүртлээ 60-70 км нүүхдээ бараг 50 км өргөн Бор хярын элсийг гатална. Хангай газрын байгалийн сайхныг ярих юм байхгүй. “Улаагчины Хар” нуур гэж сайхан нуур бий. Элсэн эмжээртэй, баруун урдаас нар тусч байхад тунгалаг сайхан өнгөтэй болсноо гүн рүүгээ солонгороод явчихдаг ер бусын өнгө үзэмжтэй сайхан нуур даа. Говь руугаа очихоор бидний шүтэж, залбирч явдаг Их Хайрхан уул угтдаг. Манайхан Манзушир бурхны орон гээд нэрлэсэн, олон агуйтай, дундуураа хөндий хуудаснуудтай, шохойн чулуун уул юм. Хайрханыг тойрсон олон өвөлжөөтэй. Байнга нүүдэллэж явдаг гэдгээрээ манай нутгийнхан яах аргагүй нүүдэлчин ард түмэн.

-Геологийн мэргэжилтэй болох нь таны багын мөрөөдөл байсан уу?

-Геологийн мэргэжилтэй болсноо яривал их урт түүх болно. Эхлээд МУИС-ийн газар зүйн ангид суралцсан. Энэ үедээ сурлага сайтай, хичээлдээ идэвхтэй, нэгэн байлаа. Гэтэл хавар нь цэрэгт татагдаж гурван жилийн алба хаасан.

-Цэргээс халагдсаныхаа дараа газар зүйн ангидаа үргэлжлүүлээд сурсан уу?

-Газар зүйн ангийнхаа хоёрдугаар курст үргэлжлүүлээд суралцах гэтэл өнжиж элсэлт авдаг болсон байсан. Тэр үед манай ректор төрийн тэргүүн байсан Ж.Батмөнх байв. Их энгийн, нөхөрсөг хүн байлаа. Намайг яг л аав шиг минь угтаж авсан. Багшийн дээдийн газар зүйн ангиас эхлээд олон газар сурахыг санал болгоход нь МУИС-даа сурна гээд гүрийчихсэн. Багынхаа мөрөөдлийг биелүүлэх мэргэжил маань геологич гэдгийг ойлгосон байсан учраас ”Геологийн ангид оруулж өгөөч” гээд зүрхлээд гуйчихлаа. Гэтэл “проректор Дашдаваа багштай уулз” гэсэн. Дашдаваа багш эхэндээ хичээл нь нэлээд зөрүүтэй юм гэж цааргалангуй байснаа “Дадлага болон дутуу юмыг чинь яриад өгье. Нөхөр минь чи зарим хичээлээ нөхөж хийнэ шүү” гээд тэр дор нь утасдаад геологийн ангид оруулж өгсөн.

-Геологийн ангид оръё гэсэн нь бас л учиртай юу?

-Геологид дуртай болсон нь их учиртай. Намайг арваад настай байхад аав хойшоо Харганы салаа юмуу, баруун, зүүн салааны аль нэгнийх нь модон дотроос төмөр гэж андуурмаар гялалзсан өнгөтэй баахан хүнд чулуу даавуун бааданд боогоод аваад ирсэн. Тэгээд гэрийнхэндээ, айл хотлынхонд үзүүлээд байсан. Би түүнийг нь хадгалаад “Энэ ямар учиртай юм бол. Уул яаж үүсдэг, чулуу хаанаас гаралтай юм бол” гэж бодоод хариултыг нь олох гээд яваад байсан. Их сургуульд элсээд, дотуур байранд амьдрахдаа геологийн ангийн гуравдугаар курсын оюутнуудтай нэг өрөөнд амьдрахдаа нөгөө учрыг нь мэдэхгүй байсан олон зүйлийнхээ хариуг геологийн мэргэжил эзэмшвэл олох юм байна гэдгийг гойлгосон хэрэг. Тэд нэгдүгээр курсээ төгсчихвөл ангиа солиулж болно гэж зөвлөсөн. Гэтэл цэрэгт татагдчихсан.

-Аавын тань олсон тэр чулуу юу байсныг дараа нь мэдсэн үү?

-Тийм ээ аавын олсон хүдэр холимог төмөрлөгийн найрлагатай байсан.

-Ажлын гараагаа хаанаас эхэлж байв?

-1975 оны хавар сургуулиа төгсөөд Улаанбаатар хотын зураглалын экспедицэд хуваарилагдсан. Ажил амьдралын гараагаа Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын геологийн ангиас эхэлсэн. Шууд л геологийн зураг зурна гэж байхгүй шүү дээ. Намайг голдуу сорьцонд явуулж, дунд мэргэжилтний жижиг, сажиг техникийн ажил хийлгэсээр нэг л мэдэхэд ажил нь дуусч буух болсон. Шинэ хүн учир дадлагын ажилтан шиг л байсан, анхны ажлын тайланд нэр төдийхөн оролцсон ч их юм сурсан. Дипломынхоо дадлагыг дорнод Монголд Оросын Шинжлэх Ухааны Академийн хожуу төрмөлийн хурдасыг судалдаг доктор М.С.Нагибинагийн удирдлаган дор хийж, дипломоо амжилттай хамгаалсан маань маш том боломж байсан. Энэ боломжийг олгосон Ган-Очир багшдаа талархаж явдаг.

-Онолыг нь сурах, ажлын талбар дээр гарах хоёр асар их ялгаатай нь мэдээж?

-Геологийн ажлын онцлог олон жил бие биеэсээ сурсны дүнд илүү туршлага хуримтлуулдаг. Өөрөөр хэлбэл, аажим аажмаар сурч, хоёр гурван тайлан бичээд ирэхээрээ геологийнхоо мөн чанарыг ойлгож, зураг хийх мэргэжлийн ажлын эхний дөр суудаг. Би одоо ч сурч дуусаагүй л байна. Бүх дэлхийн газар орон өөр өөр геологийн тогтоцтой ч яг л ижил хурдас чулуулагтай байдаг. Миний мэргэжил чулуулгийн хурдас хуримтлалын цаг хугацаа, найрлагыг зөв тодорхойлох, үүнтэй уялдаад ашигт малтмалын тархалтын зүй тогтлыг зөв тогтоох, эрэл хайгуулын ажлыг хаана хийхийг чиглүүлж өгдгөөрөө онцлог гэж болно.

-Таны ажлын онцлогийг хүн бүхэн нарийн тодорхой мэдэхгүй. Тэр дундаа геологийн зураг яаж бүтдэгийг… ?

-Геологийн зургийг тодорхой хэмжээний торлолоор зохиодог. 1973 оноос үндэсний мэргэжилтнүүд нь геологийн зураглал хийдэг болсон нь бас л нэг дэвшил. 200 000-ны масштаб гэдэг нь 200м-ийг нэг мм-т багтааж зурах буюу ерөнхий тоймоор хэлбэл хоёр км-ийн зайтай торлолоор явж зураг зохионо гэсэн үг. Геологийн зураг хийхэд хурдас чулуулгийг найрлага, төрлөөр нь ангилж, үүсэж, хуримталсан дэс дараалал, харилцан байршлыг тогтоож, тодорхой масштабт оруулж, олон улсын геохронологийн буюу геологийн цаг хугацааны тоололд нийцүүлж насаар нь ангилж зурдаг юм. Эдгээрийг тусгай өнгө, дүрс болон үсгээр тэмдэглэнэ. Түүнчлэн тухайн талбай дээр төрөл бүрийн ашигт малтмал үүсэж болох шинж тэмдэг бүхий хурдас чулуулгаас болон талбайгаас сорьцлолт хийж,эрдэс элементийн агуулгаар зэрэглэл тогтоож, хэтийн төлвийг тодорхойлж дараагийн шатны судалгааны ажлын үндсэн чиглэлийг тогтоож өгдөг. Эцэст нь зураглалын ажлын үр дүнгийн тайланг бичиж, шинжээчээр шүүмж хийлгэн, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн баталгаажуулдаг юм.

-Энэ хугацаанд хичнээн орд нээсэн тань бас л сонирхол татаад байна?

-Геологийн зураглалын ажил бол ордыг нээдэггүй, орд нээж болох орд илрүүлж болох газрыг зааж өгдөг. Энэ хугацаанд хэдэн зуун геологийн биет, ашигт малтмалын илрэл, эрдэсжсэн цэгүүдийг шинээр илрүүлсэн байдаг. Гэхдээ геологийн судалгаа, орд тогтоох нь геологичдын хамтын хөдөлмөр байдаг. Өвөрхангай аймгийн Уянгын раойнд 1:50000-ны масштабтай геологийн зураглалын ажил хийх явцдаа бид Өлтийн зургаан тонн орчим шижирмэг алтны нөөцийг тогтоож, Хангайн бүс нутаг нь шижирмэг алтны сайн хэтийн төлөвтэй болохыг дэвшүүлж тавьсан.Заамарт ч тодорхой хэсгүүд дээр орд тогтоосон. Баянхонгор аймагт 1.7 тонн шижирмэг алтны нөөц тогтоосон. Төв аймагт чулуун хөвөнгийн түүхий эд болох базальтын хоёр ордын нөөцийг геологич П.Шаандарын хамт тогтоосон. Ашигт малтмал хөөгөөд орд тогтоогоод явбал явах л байсан ч надад тийм сонирхол байсангүй. Би зураглалын геологич учраас зураглалын ажлаа л хийсээр ирсэн.

-Ингээд ярихаар геологийн салбарт таны үлдээсэн зам мөр олон байх?

– Би 170 гаруй мянган кв.км таван талбайн 1:200 000-ны масштабын геологийн зураглалд оролцон ажиллаж, 93 гаруй мянган кв.км талбайн Баруун Өмнөд Монголын 1:200 000-ны масштабтай Улсын Геологийн Иж Бүрдэл зургийг зохиосон, мөн 25 гаруй мянган кв.км хэмжээтэй зургаан талбайн 1:50 000-ны масштабтай геологийн зураглал, ерөнхий эрлийн ажилд оролцож удирдан ажиллаж ирлээ. 1982 онд анхныүндэсний мэргэжилтэнүүдээс бүрдсэн бүлэгчилсэн зураглалын ангийг байгуулахад бүрэлдэхүүнд нь орж, Өвөрхангай, Өмнөговь хоёрын залгаа том талбайд ажилласан. Энэ ажлын тайлангийн үр дүнгээр 2015 онд “Геологийн зураглалын шилдэг баг”-аар шалгарсан.Энэ тайланг бичсэн гол хүн нь манай Д.Тогтох байлаа. Тэр цагаас хойш геологийн зургийн төлөө биеэ хайрлалгүй л зүтгэсэн санагддаг юм. Миний оролцож,бичсэн тайлангууд чанарын өндөр түвшинд хийгдсэн “онц” гэсэн үнэлгээ авсан. Энэ нь ганцхан минийх биш, хамт хийж байсан хүмүүсийн мэдлэг туршлага хичээл, зүтгэлийн үр дүн юм. Эхлээд 1975 онд Хэнтий аймгийн Цэнхэрмандалын ангид,1976-1977 онд Завхан аймгийн Нөмрөгийн ангид, 1978-1982 бүлэгчилсэн зураглалаар оросуудтай хамтран Завхан, Увс аймгийн залгааг хамарсан газар ажиллалаа. 1982-1985 онд Өвөрхангай, Өмнөговийн залгаа нутгийг хамарсан Гурвансайханы ангид,1986-1989 онд Дорноговьд, 1990 онд Уянгын хавьд 1:50000-ны масштабын зураг хийлцсэн. 1995 онд“Гурван талст” компаниа байгуулж Дорнодын Матадад анхны ажлаа эхлүүлж байлаа. Ч.Төмөрчөдөр маань 2010 оноос энэ компанидаа олон залуу геологичдыг мэргэшүүлэн сургаж, олон талбайд чанартай зураглалын ажил хийсээр байна. Би 2010 онд “Судалт мана” компаниа байгуулж өдий хүртэл зураглалын ажлаа залуу геологичидтойгоо хийж байна.

Тантай хамгийн их гар нийлж ажилладаг байсан геологичдыг нэрлээч гэвэл…?

-Д.Тогтох байна. Хэнтийн Батширээтийн хүн. Залуугаасаа амьдралын хатуу хөтүүг их үзсэн, хатуужилтайгаас гадна хөдөлмөрч хүн байсан. Бид хоёр үнэхээр гар нийлдэг байлаа. Мөн ЗХУ-ын “Аэрогеологи” нэгдлийн шилдэг геологичидтой 1978-1983 онд хамт ажиллахдаа ялангуяа Т.П.Хюппенен гэдэг хүнээс геологийн тогтцыг судлахад юунд анхаарах, зураг яаж хийхийг сурснаас гадна ажилдаа мэргэшихэд ном уншиж мэдлэгээ өргөжүүлэх чухал гэдгийг тэр мундаг хүмүүсээс олж харсан. Мөн Гурвансайханд ажиллахад манай ангид ирж дадлага хийсэн Ч.Төмөрчөдөр гэдэг хүүтэй 1983 оноос хойш одоог хүртэл хамт ажиллаж байна.

-Таны мэргэжлийн ур чадварыг хамгийн их “ширгээж”, зовоож төрсөн зургуудынхаа тухай яривал тэндээс бас л нэг ойлголт авах байх?

-Геологич хүнийг хөл нь тэжээдэг гэж сайхан үг байдаг. Нэг тайлан 1500-2000 орчим хуудас болно. Хамгийн хүч хөдөлмөр шаардсан ажил бол Дорнод аймгийн Матадын талбайд хийсэн 1:200 000-ны масштабын зураглал байв. Энэ зураглалыг хийхэд хүн хүч цөөн, хоногт 15-18 цаг ажиллаж байлаа. Анх ажлаа эхлүүлэхэд ганц “Зил 130”-аасаа гадна найзаасаа зээлсэн “УАЗ-469”-тэй, хөрөнгө хүч муутай, амаргүй л байсан. Гэхдээ бид энэ ажлаа чанарын өндөр үнэлгээтэй гүйцэтгэсэн. Улсын 1:200 000-ны масштабын улсын геологийн иж бүрдэл нэгтгэсэн зургийн ажил маань үнэхээр нүсэр их ажил байсан. Ихэнх талбай нь баруун өмнөд хил дагуух дархан цаазат газрыг хамарсан. Энэ зургийг бид бараг дөрвөн жил хийж ажлаа онц дүнтэй давсан, их ч ядарсан.

-Та хэдэн хүүхэдтэй вэ. Гэр бүлээ танилцуулахгүй юу?

-Охин, хүү хоёртой. Охин төрийн үйлчилгээний албанд ажилладаг. Хүү геологич. Эхнэр Цэцэгмаа минь насаараа арьс өнгөний диспансерт, сүүлдээ Төмөр замын эмнэлэгт ажиллаад тэтгэвэртээ гарсан. Энэ хүний хүчинд би өдий зэрэгтээ явж байгаа. Хээр хөдөөгүүр “гэр” хийсэн хүний хань болоод бүх насаараа гэр орноо аваад явах нь хэр баргийн хүн даахааргүй хүнд ачаа юм.

-Та юугаараа баян хүн бэ?

-Өөрийн дуртай ажлаа өдийг хүртэл хийж яваа минь, олон залуу геологичдыг сургаж ажиллаж байгаа,олон жилийн хөдөлмөр, хөлсөө шингээж зохиолцсон зураглалын хэдэн тайлангууд минь миний баялаг.

О.Туяа

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *